“Тэд бол шоргоолж. Тэд бидний дунд амьдардаг. Эсвэл бид тэдний дунд амьдардаг юм уу?”… Шоргоолжны алдарт гурамсан зохиолоо туурвихдаа Бернар Вебер ийн асуусан байдаг. Түүний энэ бүтээлийн хамгийн шилдэг чимэг зургаар харин Андрей Павловын гэрэл зургууд тодорч болох юм. Оросын фото зураач энэхүү гайхамшигтай шавьжны хөдөлмөрч амьдралыг буулгаж, хэн ч үл тоох шоргоолжний үүрэн дэхь гайхамшигт ертөнцийг нээж чадсан байна.
Долоон жилийн өмнө Андрей Павлов нугасаа ноцтой гэмтээж удаан хугацаанд хэвтэрт байжээ. Чухам тэр үед л тэрээр шоргоолжны иргэншлийн талаар сонирхож, тэдний амьдралын хэв маяг, зан ааш, ажил үүргийн хуваарилалт зэргийн талаар ном судар уншсан байна. Мэдээж энэ шавьжны хүүхэд, хөгшчүүл, тахир дутуучуудаа асардаг нь түүний сонирхлыг татжээ. 150 сая жилийн настай, хувьслын явцад байнга дасан зохицсоор ирсэн шоргоожны иргэншил нь фото зураачийг маань үнэнхүү гайхшруулжээ.
Номноос шавьжны амьдралыг судалсныхаа дараа гэрэл зурагчин энэхүү ажилсаг шавьжны талаар өгүүлэх цуврал гэрэл зураг бүтээхээр шийдсэн байна. “Бяцхан ч гэсэн уул ухна” хэмээх орос ардын зүйр үг оргүй ч эд биш бололтой. Шоргоолжны хөдөлмөрийн бүхий л үйл явцыг буулгахын тулд эхлээд явах үндсэн маршрутыг нь судалж, дараа нь гэрэлтүүлэх хэрэгсэл, ар дэвсгэр болох зургуудыг байрлуулах хэрэгтэй болдог байна.
Макро буюу бичил зураг авалт нь маш нүсэр үйл ажиллагаа байдаг. Гэхдээ Андрей үүнд сэтгэл харамгүй цаг зарцуулжээ. Шоргоолж маш сурамгай амьтан учраас гэрэл зурагчин маань нэг шавьжийн анхаарлыг татаж тодорхой зүйлийг зааж сургахад бусад төрөл нэгтнүүд нь элдэв этгээд үйлдлийг нь шууд давтаж эхэлдэг гэнэ. Нийт цувралыг бүтээхэд гурван жил зарцуулсан ч үр дүн нь санасныг хол давсан билээ.
Шолгоожнууд анх удаагаа “фотомодель” болж байгаа биш юм гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Британийн зураач, эрдэмтэн Мохамед Бабу шоргоолжийг будаж чадсан бөгөөд тэрээр Tasting the rainbow нэртэй гайхалтай цуврал фото бүтээсэн юм. Мөн Хью Хайден гоёмсог шоргоолжны ферм байгуулж байсан билээ.