“Эрдэнэс Тавантолгой” компанийн зөвлөх Америкийн хөрөнгө оруулагч Голдман Сакс банк Азийн хөрөнгийн зах зээлд 2008 оноос хойш анх удаа алдагдал хүлээжээ. Хятадын эдийн засгийн доройтол болон чанаргүй зээлээс болж Голдман Сакс банкны салбар ICBC банкны хувьцаа хөрөнгийн зах зээлд унаж эхэлжээ. Голдман Сакс Хятадын хөрөнгийн зах зээл 2011 онд 103 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Учир нь чанаргүй зээлтэй холбоотой хэл ам нэмэгдсэнээс өнгөрсөн онд Хятадын банкуудын хувьцаа унаж эхэлсэн юм. Евро бүсийн өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн доройтол ч үүнд нөлөөлсөн талаар эдийн засагчид ярьж байгаа аж. Америкийн хөрөнгө оруулагч хамгийн том таван банкны нэг Голдман Сакс санхүүгийн тайландаа цэвэр ашиг нь 2011 онд 46 хувь буюу 3.86 тэрбум ам.доллараар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 7.15 тэрбумаар багассан гэж мэдүүлсэн байна. Евро бүсийн өрийн хямралын нөлөөгөөр Азийн хөрөнгийн биржүүдэд ханш өнгөрсөн оноос буурч эхэлсэн бөгөөд Хятадын компаниуд хамгийн их хэлмэгдсэн гэнэ. Шанхайн Хөрөнгийн биржийн индекс 22 хувиар, Хонконгийн Hang Seng индекс 20 хувиар буурчээ.
Н.Энх