Мярайж буй ирвэс Чанчунь

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Мярайж буй ирвэс Чанчунь


Хятадын
хойд зүгийн Жилин мужийн Чанчунь хотын нисэх онгоцны буудлаас хөдлөнгүүт
дөнгөж саяхнаас моджуулж эхэлж үү гэлтэй тал бүрээс нь модоор дэмнэж
тулсан гөлөглөж амжаагүй модод жирийнэ. Зарим хэсэгт хүмүүс мод суулгаж
саяхан шавар дагз байсан газруудыг чөлөөлсөн барилгын үлдэгдэл хог
овоорно. Цаашлаад хоттой танилцах зуур царай муутай шавар дагз овоолж
түрж байгаа шороо хог, царай муутай гудамжууд гээд л харийн хүний
өөнтөгч нүдэнд торох төрх нь ерөнхийдөө балиардуу. Манай багийнхны үзэж
сонирхсон махны үйлдвэрийг зүглэх зам бүр ч аймаар, энхэл донхол замын
хажуу талд ажиллаж байгаа ажилчид “морь” харж ч байх шиг. Үйлдвэр дөхөөд
ирэнгүүт өмхий самхай үнэртэж бүр баларсан. Гэвч манайхаар багахан
хотхоны дайтай үйлдвэртэй танилцахад яагаад Чанчунийг хятад ноёд онцгой
анхаарч байгааг цаашилбал хятадуудын үсрэнгүй хөгжлийн ойлголтыг зах
зухаас нь мэдэрч болно. Энд мал нядлахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн
хийх бүх дамжлагыг цогцлоожээ. Махыг их л сайндаа ангилж эсвэл хиам хийх
төдий хэрэг биш шүү дээ. Уг нь монголчууд бид малын амьсгалаас бусдыг
хэрэглэж болдог гэж сайрхдаг. Гэтэл энд үнэндээ амьсгалаас бусдыг хэрхэн
хэд дахин нарийн боловсруулж, нэмүү өртөг шингээж, мөнгө болгож
болдгийг яруу тодоор харуулжээ. Энэ үйлдвэр жилд нэг сая тонн мах
бэлтгэдэг, дээд зэргийн технологиор. Өвчих, жижиглэх, ангилах гээд бүх
дамжлага нь автомат. Төмөр дэгээнд өлгөөд гаргаж ирж байгаа үхрийн
гулууз махыг харвал манай нас бие гүйцсэн бүдүүн шар хажууд нь нялх
тугал л гэсэн үг. Нэг үхрээс 500 кг мах гаргадаг гэнэ. Гэтэл энэ нь бүр
арван наймхан сартай “нялх” гэж амьтан байгаа юм даа.

Эгээ л
бактериологийн үйлдвэр ажиллаж байгаа мэт битүү цагаан халаад, малгай,
амны хаалттай хэдэн арван ажилчин махыг хэсэг тус бүрээр нь ангилж
байгааг харахад урамтай ч юм шиг, аймаар ч юм шиг. Гэтэл гайхах зүйл энэ
биш байжээ. Учир нь жинхэнэ “бактериологи”-ийн үйлдвэрийг бид дараа нь
үзсэн юм. Энэ бол малын цус, яс, дотор эрхтэн тэргүүтнээр төрөл бүрийн
эм биобэлдмэл уураг бэлтгэдэг үйлдвэр. Ясны сийрэгжилтээс урьдчилан
сэргийлэх бэлдмэлийг малын яснаас гэхчилэн байж болох л бүтээгдэхүүнийг
энд хийдэг аж. Магад монголчууд эдгээр бүтээгдэхүүнийг сайн мэддэг байх.
Гэтэл бүтээгдэхүүнээ танилцуулаад эхлэхэд манай монголчуудын “атаа
жөтөө” жинхэнэ хөдөлж эхлэх нь тэр. 60 юанийн зардлаар бүтсэн нэг эмийг
тэд 550 юаниар, 100 юанийн зардалтай биобэлдмэлийг 990 юаниар зарж
борлуулдаг гэнэ ээ. Хэн нэгэн “Ёстой дамлаж өгдөг юм байна даа” гэж дуу
алдах. Гэвч энэ бол бидний ойлгодгоор дамын наймаа огтхон ч биш. Бидний
хэдэн зуун тонноор нь хог дээр хаяж их л сайндаа нохойн хоол болгодог
дотор гэдэс, дайвар бүтээгдэхүүнээр эд мөнгө үйлдвэрлэж байна. Суусан
газраасаа шороо атгадаг” жинхэнэ хөдөлмөр гэдэг л энэ байх. Эдийн
засагчид бол нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж нэрлэдэг
дээ.

Өнөөдөр бид 40 сая малтай гэж цээжээ дэлддэг мөртлөө хавар
цагт махны үнэ магнаг болдог, үхсэн малын мах худалдаж авч байгаа эсэхээ
мэдэхийн тулд зөвхөн өөрийнхөө хараа, хамар, олон жилийн туршлагад
найдах хэрэгтэй болдог, хөршүүд нь байнга малын халдварт өвчин гардгаас
айгаад мах худалдаж авдаггүй. Ямар сайндаа бид ч мах бэлтгэнэ гэж ёстой
“гурилддаг” юм байна гэж шогширч байх вэ дээ. Компанийн бүтээгдэхүүний
дэлгүүрт ороход төрөл бүрийн ангилсан мах, хиам нөөшилсөн махнаас эхлээд
цуу жан, амтлагч бүр бидний сайн мэдэх бэлэн гоймон гээд малаас гарч
болох бүхнийг үйлдвэрлэн бэлтгэдгийг харж болно. Бүр ясыг ч ангилан,
жижиглэн бэлтгэсэн байдаг аж. Бидний хог дээр хаядаг ясаар хүний биед
бараг л эм болох ясны шөл хийдэг юм байна. Азийнхан ясны шөлийг үнэтэй
бөгөөд эрүүл мэндэд тустай, ядаргаа тайлдаг шидтэй гэж үздэг билээ. Энд
чөмөгний ясыг ч нарийхан зүсээд тавьчихжээ. Бодвол ясны шөлөнд
дурлагсдад үнэтэй эд байх. “Ингээд байвал социализм гээчийг байгуулчих
юм биш үү” гэгчээр үйлдвэрлэл гэдгийг ингэж л цогцоор нь байгуулах ёстой
болов уу. Ерөнхийлөгчийн айлчлалын багт бизнесмэнүүдийн төлөөлөл багтаж
буй. Бодвол тэд санаа авч бүр хамтран ажиллах эхлэлээ ч тавиад ирсэн
байх. “Баруун Монгол интернэйшнл” компанийн захирал Б.Пүрэвдорж Ховдод
байдаг махны үйлдвэрээ энэ жишгээр хөгжүүлнэ гэж шүдээ зууж байгаа
харагдсан.

Дашрамд сануулахад Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-нийг хүртэл
хийсэн төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу тавдугаар сарын 29-нд тус
мужид зочилсон юм. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Бээжин, Чанчунь,
Шанхай, Хөх хотоор зочлон Эрээн хотоор дайран өнөөдөр 05-30 цагт галт
тэргээр эх орондоо ирээд байгаа билээ. Ерөнхийлөгч Чанчуньд очоод анхны танилцсан үйлдвэр нь галт тэрэгний зүтгүүрийн үйлдвэр.Зөвхөн энэ үйлдвэрийн талбай нь нэг сая 526 мянган ам.метр, найман мянган ажилтантай, 30 орчим мянган галт тэрэг үйлдвэрлээд байгаа. Дотоодынхаа хэрэгцээний 50 орчим хувийг хангадгаас гадна 10 гаруй улсад экспортлодог.
Монгол Улсын Ерөнхийлөгч
Жилинь мужаар буугаад мордсоны учир энэ мужийнхантай түншлэх
монголчуудын харилцаа нэлээд өргөжиж эдийн засгийн өгөөжөө ч өгөх
бололтой. Монголчуудын төдийгүй Зүүн хойд Азийн зарим улсуудын сонирхлыг
татаад байгаа тус муж ОХУ, БНАСАУ болон Өвөрмонголтой хил залгадаг,
Монголын хилтэй ойролцоо Хятадын хуурай замын тээврийн гол зангилаа юм. Тийм ч учраас Хятадын удирдлага энэ муждаа онцгойлон анхаарч байгаа.

Оросууд
1893 онд Чанчунийг дайрсан Харбин-Люйун хотын хооронд төмөр зам тавьж,
энэ хотод өртөө байгуулж байжээ. Харин одоо Зүүн Хойд Азийн зургаан орныг
холбох төмөр зам тавих гэж буй. Үүнд нь Дорнод Хэнтийгээр дайруулан
холбогдож чадвал монголчуудын хувьд бас нэг гарц болох юм. Төсөрхөн
байгалийн баялгаа хэрхэн тээвэрлэх вэ, Гашуунсухайтаар нарийн төмөр зам
тавих уу, эсвэл Сайншандаар одоогийн ерөнхий терминальтай холбох уу
гэсэн баахан маргаан дэгдсэн. Хэдийгээр хэрүүл шуугиан дэгдэж, олны
анхаарлыг татаагүй ч гэсэн Түмэн голын төслийн төмөр замын энэ чиглэл
Монголын төмөр замын ерөнхий стратегид багтсан гэнэ. Гарц олон байх
тусмаа сайн гэгдээд байсан үгний учир энэ бололтой. Уг төмөр замын энэ
асуудал сүүлийн 15 жилийн турш яригдаж байгаа гэж 2004 оны сонгуульд
Дорнодоос нэр дэвшин ялалт байгуулж байсан М.Зоригт ярьж байна.

Тийм
учраас Чанчуньтай бид нэлээд “гүнзгий” холбогдох бололтой. 

Жилинь
мужийн нийслэл Чанчун хот 8,7 сая хүнтэй, хүн амын тоо талбайн
хэмжээгээр Хятадын ёс дэх том хот. Хятадын дэд мужийн 15 хотын нэг.

Хятдын
зүүн хойд хэсэгт орших Жилинь мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2009
оны байдлаар 7203,18 тэрбум юань, хөрөнгө оруулалтын хэмжээ 725,96
тэрбум юань. Өндөр технологийн хөгжлийн, Эдийн засгийн технологийн
хөгжлийн, автомашины худалдаадны хөгжлийн бүс, Дэлхийн уран барилгын
парк гэх мэт таван бүс байгуулж байгаа. Хятадын хамгийн том машины
үйлдвэр байдаг. Машины хот, Кино урлаг соёлын хот, Их сургуулийн хот
гэдгээрээ алдартай. Энд 18 их сургууль, муж улсын зэрэглэлийн 39 шинжлэх
ухааны судалгааны хүрээлэн, улсын 11 чухал лаборатори байдаг. 2013 онд
ашиглалтад оруулах хоёр дахь нисэх онгоцны буудал нь жилдээ 3,2 сая хүн
хүлээн авах хүчин чадалтай гэнэ.
 
Чанчунь дэлхийн эдийн засгийн
гол тоглогч болж байгаа Хятадын эдийн засгийн том төлөөлөгч болоход
гайхах зүйл үгүй. Яг идшээ барихаар биеэ хураан мярайж тун удахгүй
аварга биеэ сунган үсрэх ирвэсийн дүр төрх л харагдаж байна. Хэдхэн
жилийн дараа Чанчуньд дахин ирэх ахул дээр дурдсан өөтэй дүр төрх
арчигдан Шанхайн таатай хот угтах болов уу. Өнөөдөр ч аваргын “рангтай”
байгаа энэ хотыг төмөр зам, махны болон машины үйлдвэр зэрэг нь кран мэт
суга татаад эдийн засгийн зах зээлд томоохон тоглогч болгоно гэдэгт
эргэлзэх зүйл алга.

А.Алтантуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж