Уул уурхайн асуудлаар шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Уул уурхайн асуудлаар шаардлага хүргүүлнэ

Уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлогыг цэгцлэх шаардлага байна гэж үзэн, энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлэхээр болоод буй талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уул уурхайн тодорхой бодлого төлөвлөлтгүйгээс аймагт бүрт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа эрхэлж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Үүний томоохон баримт нь Хөвсгөл аймгийн Бүрэн хаан суманд орших фосфоритын ордыг ашиглахаар хайгуулын ажлууд эхэлж, нутгийн иргэд байгалиа хамгаалахаар тэмцэж эхэлсэн ч хүчин мөхөстөж буй талаар онцолсон юм. Арга нь барагдсан нутгийн иргэд УИХ-ын гишүүнд ханджээ.

Мөн аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Могойн голын коксжих нүүрсний ордыг эзэмшиж байгаа компаниуд ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ базааж эхэлсэн нь байгаль орчин сүйтгэх аюултай байдалд хүргэжээ. Нөгөөтэйгүүр,  сүүлийн үед энэ мэт орд газруудын лицензийг гол төлөв гадаадынхан эзэмшдэг болж, тэд шууд дэлхийн хөрөнгийн бирж дээр Монголын ард түмний газрын баялгийг өөрсдийн 100 хувийн өмчит орд газар хэмээн зарлаж, мөнгө босгож байгаа нь ч бас шударга бус явдал болж байна гэсэн юм. Тиймээс уул уурхайн салбарт баримтлах бодлогод Засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай. Энэ талд баримтлах бодлогыг Засгийн газар УИХ-д оруулж хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлага байна гэж үзэж, энэхүү шаардлагыг хүргүүлж буй тухайгаа мөн онцоллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж