Шинэ жарны шинэ хандлагыг тодорхойлсон айлчлал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Шинэ жарны шинэ хандлагыг тодорхойлсон айлчлал боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сар 4-ний өдрийг хүртэл БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ху Жинтаотай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао болон БХАУТЗЗ-ийн Үндэсний Хорооны дарга Зя Цинлинь нар Ерөнхийлөгчид бараалхав. Хоёр орны төрийн тэргүүн нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин, цаашид хэрхэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов. 

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жил өнгөрч, харилцаа хамтын ажиллагаа сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааны хүрээнд амжилттай хөгжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын удирдлагууд санал нэгтэй тэмдэглэсэн. Ирж буй шинэ жаранд хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцааг шинэ шатанд гаргах талаар санал солилцлоо. Мөн хоёр улсын удирдагчдын янз бүрийн төвшний уулзалтыг цаашид үргэлжлүүлэн давтамжийг хадгалж байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа талууд тэмдэглэв.  

Албан ёсны уулзалтууд, хэлэлцээний үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал чухал байр суурь эзэлсэн. Хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хоёр орны удирдагчид санал нэгтэй тохиролцлоо. Тухайлбал, манай улсад уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийг гүн боловсруулж хятадын болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, транзит тээврийн асуудад, далайд гарах боомт гарцыг нэмэгдүүлэх зэрэг гол гол асуудлыг манай талаас тавьсан бөгөөд хятадын тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн болно. 

Айлчлалын үеэр Хятадын тал манай улсад 40 сая юаний буцалтгүй тусламж үзүүлэх боллоо. Хятадын талаас өмнө олгосон болон сая үзүүлсэн буцалтгүй тусламжийг ард түмний аж амьдралд тустай, томоохон төсөлд ашиглах сонирхолтой байгаагаа манай тал илэрхийлсэн.

Худалдаа, эдийн засгийн асуудлуудаас гадна соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ч мөн тодорхой ярилцсан. Ялангуяа, үндэсний соёлын өвийг харилцан хамгаалах, хууль бусаар хил давсан эд зүйлийг эрж сурвалжлах, буцаах, тус тусын ард түмний бэлгэдэл болсон соёлын зүйлд хүндэтгэлтэй хандах талаар олон улсын тавцанд хамтран ажиллах саналыг дэвшүүллээ. Айлчлалын үер соёлын салбарын хамтын ажиллагааны хоёр баримт бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд “ЭКСПО-2010. Шанхай” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Жилинь мужид зочилсон. Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг энэ муж нь манай улстай хамтран ажиллах, харилцаанаа өргөжүүлэх  эрмэлзэлтэй байдаг бөгөөд айлчлалын үеэр тус муж, манай улсын Дархан-Уул аймгийн хооронд шууд харилцаа тогтоож, цаашид тодорхой салбаруудад хамтран ажиллах талаар баримт бичиг байгууллаа.

Ерөнхийлөгч мөн ӨМӨЗО-нд зочилж, Хөх хот, Эрээн хотын байдалтай танилцав. Орон нутгийн удидлагуудтай хийсэн уулзалтуудын үеэр Монгол, Хятадын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж “гүүр” болж байдаг ӨМӨЗО-той цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа хилийн боомтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлд илүүтэй хамтран ажиллах зэрэг асуудлаар тодорхой ярилцлаа.  Мөн Хөх хотод анх удаагаа зохион байгуулагдаж буй Монгол Улсын Соёлын өдрүүдийн нээлтийн арга хэмжээнд оролцсон.

Бээжин, Хөх хотод зохион байгуулагдсан Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад тус тус оролцов. Ерөнхийлөгчийг дагалдаж явсан Монголын 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Хятадын талын 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцсон томоохон хэмжээний бизнес уулзалт Бээжин хотноо болов. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны бизнес эрхлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ айлчлалын талаар товч танилцуулахын хамт Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчинг шинэчлэх жил” болгон зарлаж байгаа талаар мэдээлэн хоёр орны төр, засгийн зүгээс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин бий болгож буй таатай нөхцөл, бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хүчин чармайлт гаргаж ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлалыг бүхэлд нь “шинэ жарны харилцааны чиг хандлагыг тодорхойлсон” айлчлал гэж бид дүгнэж байна. Хоёр талын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулан хөгжүүлэхэд дорвитой түлхэц өгсөн чухал айлчлал боллоо.

Айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятадын /өнөөгийн болон ирээдүйн/ удирдагчидтай нөхөрсөг харилцаа тогтоож гүнзгийрүүлэх, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар санал солилцож, хоёр талын харилцааг шинэ жаранд шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар санал солилцох, сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд түлхэц өгөх үндсэн зорилготой байсан бөгөөд эдгээр зорилтууд бүрэн амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа тухайгаа Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж