Манай улсад эмэгтэй волейболчдын Азийн оюутны аварга шалгаруулах II тэмцээн болох гэж талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг тэмцээнийг зохион байгуулах хорооныхон өнөөдөр хуралдах аж. Ээлжит хурлаар тамирчдыг байрлуулах байр хоол, унааны асуудал, мөн Монголын шигшээ багийн хувцасны асуудлыг ярилцах гэнэ. Үүнээс гадна хоёр дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүний нэрс тодорчээ. Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, туслахаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагч Д.Мөнхцэцэг нар ажиллана. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонцэцэг, С.Отгонбямба нарын тэргүүтэй 26 тамирчин багтжээ. Монголын волейболчин охид Эрдэнэт хот дахь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” ордонд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Волейболчид 14 хоног нэгдсэн бэлтгэл хийнэ.
“Спортын шуудан”