“Төрийн мэдээлэл “ эмхтгэлийн 2012 оны 09 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл “ эмхтгэлийн 2012 оны 09 дугаарын тойм

Эмхтгэлийн шинэ дугаарт, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Дээрх хууль гарсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүд оржээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлэхтэй холбогдуулан импортоор оруулж байгаа сонгогчийн мэдээллийн санг бүрдүүлж сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах зориулалттай харилцан уялдаа бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвараас болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хуулийг нийтлэв.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Бор-Өндөр сум байгуулах тухай, ”Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Нөхөн олговрын доод хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэллээ.

Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай тогтоолоор Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 191.5-д заасан  эхэд сар тутам олгох тэтгэмжийн хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 32500 /гучин хоёр мянга таван зуун/ төгрөгөөр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 40000 /дөчин мянган/ төгрөгөөр тус тус тогтоолоо.

Мөн Нөхөн олговрын доод хэмжээг тогтоох тухай тогтоолоор тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдэд олгож байгаа нөхөн олговрын доод хэмжээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 140300 /нэг зуун дөчин мянга гурван зуун/ төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сард 162000 /нэг зуун жаран хоёр мянган/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

“Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр“ батлах тухай, Талбайг нөөцөд авах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Хөтөлбөр нь байгалийн баялаг, түүхий эдийн нөөц зэрэг харьцангуй давуу тал дээр суурилан орчин үеийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлсэн, дотоодын эрэлт хэрэгцээг хангаж чадах өндөр технологийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бий болгох, энэ чиглэлийн сургалт, судалгаа, технологи, санхүүгийн дэд бүтцийг цогцоор нь байгуулах замаар Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн төрөлжилт бий болгох зорилготой юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тогтоолыг нийтэллээ.

 

“Төрийн мэдээлэл “ эмхтгэлийн редакци
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж