–Жин жингээр дундарсан
Жирмийн цагаан нуур
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ижий минь гэх дуу аялан эгчийнх рүүгээ ийн явна.
Нутгийн зүг дуу аялаад явж байгаа юм биш шүү. Зүгээр л гэр хороололд байдаг эгчийнх рүүгээ очиж яваа минь энэ. Мөн энэ дуу аманд орсон нь ч учиртай. Гудамны үзүүрт зарж буй нүүрсний шуудайг хараад “жилээс жилд жижгэрсэн” гэх үг өөрийн эрхгүй толгойд буусан хэрэг.
Би буруу хэлчихэв үү, шуудай гэж. Үнэндээ үүнийг “хүүдийхэн” гэж өхөөрдмөөр байх чинь. Уг нь хэдхэн жилийн өмнө нэг шуудай нүүрсийг хоёр хүн дамжлаад явдаг байсан санагдана. Нүүрс зардаг хүмүүс өөрсдийн тэргээрээ гэрт нь хүргэж өгдөг байсныг ч санаж байна. Харин одоо бол нэг гартаа гурав, нөгөө гартаа гурвыг бариад алхсан ч болохоор юм. Юун дамжлах.
Үүнээс өмнөхийг ярьвал бүр ангаймаар. Албан байгууллагууд ажилчдаа өвлийн түлшээр хангадаг байсан үед 12 шуудай нүүрс нь нэг тонн хүрдэг байсан гэвэл үлгэр шиг сонсогдоно. Тухайн үед уутны хэмжээ бага зэрэг багасч 50 кг-ийн шуудайтай болоход бас л бөөн шүүмжлэл болж байсан гэдэг. Нүүрсний хүүдийний түүхийг цааш нь үргэлжлүүлбэл хувь хүмүүс нүүрс худалдаалж эхэлснээс хойш дахин багасч 25-30 кг-ийн шуудайнд зарах болсон аж. Энэ хэмжээс нь миний өмнө хэлсэн дамжлаад явдаг байсан “сайхан үе” байлаа шүү дээ.
Үнэн хэрэгтээ хүүдийний хэмжээ жижигрээд байгаа шалтгаан нь үүгээр ашиг хийж байгаа хүмүүсийн хүн чанар жил ирэх бүр багасаад байгааг л харуулна. Үүн дээр нь Бооёо эмээгийн хэлсэн “эмзэг сэдэв дээр нь дөрөөлөөд босооч ээ” гэснийг бас нэг дипутат нь хэрэгжүүлж “Та бүхэн намайг дэмжвэл нүүрсний уутны хэмжээг томруулна” гээд л мишээнэ. Асуудлыг шийдэхээс илүү шийднэ гэж ярихаа чухалчилна. Угтаа хэмжээнд нь хяналт тавьж чаддаггүй юм бол килограммаар нь тооцож стандарт гаргаж яагаад болохгүй гэж.
Нэг хүүдий нүүрс 600-800 төгрөгтэй байх үеийн 2003-2004 оны үеэс л хүүдийний хэмжээ хуруу хуруугаар багассаар иржээ. Харин ийн багасаад “Байх ёстой хэмжээнээсээ хэтэрснийг” нь сүүлийн жилүүдээс л дуугарах болжээ.
Энэ талаар хэвлэл мэдээлэлд хэрхэн бичиж байсныг сонирхоё.
2009 он.
-Гэрээ сайн халаахын тулд шуудай нүүрсийг нэг өдөр л түлчихнэ. Өдөр, шөнийн турш дөрвөн удаа нүүрс хийнэ гэвэл хоёр шуудай болж байгаа юм. Дээрээс нь шуудайтай нүүрсний гуравны нэг нь нунтаг хог байдаг”
2010 он.
-…Багассан уутан дахь нүүрснийх нь үнэ жилийн дотор 300 төгрөгөөр өссөн байна. Яг нэг жилийн өмнөх шуудайтай нүүрсний хэмжээ багасч үнэ нь улам өссөнийг мэдэж байгаа хүн олон ч шийдэх хүн алга байна.
2011 он.
-Өнгөрсөн хаврын цаснаар нэг шуудай нүүрс 2500 төгрөгт хүрсэн. Шуудай ч гэж дээ, хэрэглэгчдийн хэлдгээр 100 төгрөгийн гялгар шар тор дүүрэхгүй нүүрс гээд бод доо.
2012 он.
-Нэг литр түлшний үнэ нэмэг¬дэхэд нэг шуудай нүүрс төдий хэм¬жээгээр өсчээ.
-Ууттай нүүрс хэд вэ эгч ээ?
-Алагтолгой 1800 төгрөг.
-Яасан үнэтэй юм. Тэр тусдаа тавьсан ууттайг авдаг юм бил үү.
-Аан, эгчийн дүү тэрийг зарахгүй. Хүнд хийж тавьсан юм гэсэн байх юм.
Хэрэв нүүрсний уутны хэмжээ эргээд томрохгүй бол, муугаар бодвол жижгэрсээр байвал энэ мэтээр хэвлэлийн мэдээ цааш үргэлжлэсээр байх биз. Одоо дулаарч буй ч эргээд сэрүүний улирал эхэлнэ. Ирэх тэр цагт илүү жижигхэн болоод ирэх вий дээ. Хүүдийхэн минь.