Ерөөс цор ганц авьяасаас сайн, сайхан бүтээл төрдөггүй гэж би хувьдаа бодох болсон. Харин үнэн сэтгэл, хүн чанар, ухааны ураас сайн бүтээл төрдөг. Сайн хүнээс сайхан бүтээл гарна. Өчигдөр “Улаанбаатар палас”-т цугласан “Никитон”-ы фэнүүд яг ийм сайн хөгжим, сайхан аялгуугаар оюун, сэтгэлээ баясгасан юм. Ойрд үзээгүй үнэн тоглолт, үнэн хөгжим, үнэн авьяас тэр байлаа. Ийм яруу, ялгуун, цэгээхэн хөгжмийн тань төлөө Баачка ахдаа үгээр цэцгийн баглаа баримаар санагдаж байна.
Түүнийг би зүгээр нэг дуучин гэж боддоггүй юм. Зүгээр нэг шүү. Хэн нэгэн ая зохиогчид ая захиалаад, бэлэн болмогц түүнийг нь дуулдаг дуучин бол Баачка ах биш ээ. Тэр бол өөрөө хөгжмийн зохиолч, дуу бүтээгч, төгөлдөр хуурч. Тэгээд мэдээж гайхалтай дуучин. “Никитон”-ы бараг бүх дууны хөгжим түүний зүрх сэтгэлээс хөвөрсөн яруу ноотнууд байдаг. Түүн шиг хөгжмөө зохиогоод хуураа тоглоод дуулах дуучин манайд хэд байгаа бол? 14-хөн настайдаа “Янаг цэцэг”, 16-тайдаа “Хос хунгийн дууль”, “Том ярьсан хүүхэд” гээд л зохиож байсан түүнийг генийн авьяастан гэхээс өөрөөр юу гэх вэ. Хамгийн инээдэмтэй нь, түүний Хөгжим бүжгийн коллежийн хувийн хэрэг дээр “Сонсгол дунд зэрэг, авъяас муу” гэх зэргийн тодорхойлолтууд байдаг гэсэн. Домогт “Хос хунгийн дууль”-ийг зохиосон хүүхэд тэр үед ингэж үнэлэгдэж байсан нь инээдтэй байгаа биз?
“Цамцаа тайл”, “Хос хунгийн дууль”, “Би чамд хайртай”, “Нандин шүтээн”, “Чамд би”, “Янаг цэцэг”, “Ялгуун”, “Төгөлдөр”, “Бүсгүй”… Эд бүгд орчин цагийн сонгодгууд. Сонгодог гэдэг бол хуучиршгүй хөгжим билээ. Тэгвэл түүний дуунууд 100 жилийн дараа ч амьдарсаар байна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Үнэхээр сонгодгийн зангарагтай гэдгийг өчигдөр орой ахин дахин үзэгчид сэтгэлдээ нотолсон биз ээ. Өөрийнх нь тодорхойлж байснаар “ЛҮГЗЭР” хөгжимтэй “Би чамд хайртай” дуугаар “Никитон”-ы тоглолт эхэлсэн. Үнэхээр “Би чамд хайртай” бол жинхэнэ орчин цагийн сонгодог хөгжим. Ямар ч үггүйгээр, зөвхөн хөгжмийг нь салгаад сонссон ч дэндүү гоё.
Биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг, бүх бие халуу шатах шиг, эсвэл дагжин чичрэх шиг тийм мэдрэмжийг бидэнд хэдий олон хөгжим, хэдий олон дуу өгдөг билээ дээ. “Никитон” сүүлд шинээр хийсэн “Тайз” гэх дуугаа дуулж, тайзандаа мэхийн ёсолсон. Тэр тайзаа их санасан байна лээ. Арга ч үгүй юм. Долоон жил тэр ийм хайрыг, ийм халуун алга ташилтыг мэдрээгүй. Үнэхээр тайз хүртэл баясч байсан юм шүү. Тайз жинхэнэ авъяастанд л хайртай байдаг юм байна. Энэ үдэш тэрбээр тайзандаа мэхийн ёсолж, үзэгчдэд үнсэлтээ нисгэн, фэнүүдийнхээ гарыг атган, “Баярлалаа” хэмээн сэтгэл догдлонгуйгаар ахин, дахин хэлж байлаа.
Тоглолт үзэж суухад тэнэг ч гэмээр нэг бодол толгойд орж ирээд болдоггүй. Ямарваа нэг уран бүтээлч тоглолт хийх, кино, жүжиг нь нээлтээ хийх, эсвэл уран бүтээлийн үзэсгэлэн гаргасных нь дараа төрөөс өнөө үнэгүйдсэн шагналуудаа өгдөг ёс нэгэнт тогтсон байдаг шүү дээ. Соёлын тэргүүний ажилтан гэсэн ч тэмдэггүй зүгээр л “Никитон”-ы гэдгээрээ бидэнд дэндүү эрхэм, хүндтэй Баачка ахад огтоос үнэгүйдсэн өнөөх цол гуншингуудаа өгчих вий дээ л гэж “айлаа”. Битгий л өгөөсэй билээ. Жинхэнэ авъяастнуудад маань л тэрнийгээ бүү өгөөрэй, гуйя. Тэдэнд маань “Харанга”-ын эсвэл “Никитон”-ы гэсэн тодотголууд нь л хангалттай сайхан сонсогддог доо.
Зөндөө л олон тоглолт үзэж байлаа. Гэхдээ тайзны хөшиг хаагдчихаад байхад зритель тэр чигтээ танхимаас гарахгүй, бүгд босч зогсчихоод хагас цаг хүлээсэн ийм тоглолт анх удаа л үзэв. Үзэгчид, тайз “Никитон”-ыг маш их санажээ. Фэнүүд хамтдаа “Цамцаа тайл”-ыг дуулсаар л… Аяндаа бүгд тоглолт дууссан гэдэгтэй эвлэрч, цөөн, цөөнөөрөө гунигтай гарцгаасан даа. Гэхдээ баяртай гуниг. Сайхан хөгжмөнд чинь, хүчирхэг хоолойнд чинь автсандаа дахиад ганц дуу сонсохыг хүссэн тийм л гуниг.
Сайхан дуу, сайхан хөгжим сонсоход сэтгэл хүртэл ариусах аж. Сайхан хөгжим яг л бясалгал шиг сэтгэлийг чөлөөлөх юм. Өнөө өглөө маш сайхан сэрлээ. Таныг ч бас маш аз жаргалтайгаар энэ өглөөг угтсан гэдэгт тань итгэлтэй байна. Та ямар олон фэнтэйгээ харсан. Бас таны дуунуудын үгийг фэнүүд чинь дэндүү сайн санаж байгааг ч харсан. Үгүй ээ, бүр Их Аварга Д.Дагвадорж хүртэл “Никитон” хамтлагийн фэн клубыг байгуулсан эсвэл байгуулна гэдгээ хэлээд цагаа бэлэглэсэн шүү дээ. Тоглолтын дараа Аварга үүднээс “Никитон”-ы “Нандин шүтээн” цомог зөндөө олныг худалдан авч, азтай фэнүүдэд нь тараан өгч, жинхэнэ “фэн клубын дарга”-ын зангараг харуулсан шүү.
Одоо ойрдоо дахиад тоглолт үзэхгүй ээ. Сонирхол ч алга. Сэтгэл “Никитон”-оор дүүрчихлээ. Нээрэн Баачка ах аа та, үзэгчид Феррари, Феррари гэж хашгиралдахыг сонссон уу?
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.