-Та салбарын “Онцлох интрепренер эмэгтэй”-гээр шалгарлаа. Мартын наймны баярын өмнөхөн ийм том шагнал хүртсэн нь сайхан санагдаж байна?
-Мартын наймны баярын өмнөхөн салбарын “Онцлох интрепренер эмэгтэй”-гээр шалгарсандаа баяртай байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, хамт олны минь ажлын амжилтыг дэмжих, олон нийтийн хүртээл болгох, урам хайрлах зорилго бүхий энэхүү арга хэмжээг би хувьдаа дэмжиж, сайшаалтай ханддаг.
-“Нэткапитал”-ыг манайхан сайн мэднэ. Топ арван Банк бус санхүүгийн байгууллагын нэгээр хоёр удаа шалгараад байгаа билүү. Байгууллагынхаа ололт амжилтын талаар энд дурдвал?
-“Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллага маань байгуулагдаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад идэвхитэй оролцож 2009, 2010 онд “TOP-10” ББСБ-ын нэгээр шалгарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2009, 2010 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар бид “хангалттай” үнэлгээг авсан.
-Таныг салбарынхан тань андахгүй байх. Харин та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
-Би Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1999 онд Банкны зээлийн эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш Худалдаа хөгжлийн банк, М-Си-Эс групп, Вагнер Ази зэрэг томоохон байгууллагуудад мэргэжлийнхээ дагуу ажиллаж, их зүйлийг сурахын хажуугаар хувь хүнийхээ хувьд ч хөгжиж төлөвшсөн гэж боддог юм.
-“Онцлох интрепренер эмэгтэй” хэмээх энэхүү том нэр хүндтэй шагналыг авахад тантай олон чадвартай эмэгтэйчүүд өрсөлдсөн болов уу. Таны болон танай байгууллагын амжилтын үндэс юу байв аа?
-Бичил санхүүг ядуу, бага орлоготой иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, “Ашгийн төлөө бус нийгмийн төлөө” хандив тусламжийн байгууллага гэсэн нийтийн ойлголт байдаг. “Нэткапитал” нь санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бага орлоготой иргэдэд санхүүгийн хүндрэлээс гарахад тэгш тусламж биш тэгш санхүүгийн боломж хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай ажилласанаар нийгмийн асуудлыг шийдсэн ашгийн төлөө ажилладаг шинэ үеийн бичил санхүүгийн бизнес моделийг бий болгож чадсан. Үүнийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа бид “Гурван Х” буюу Хөрөнгө, Хурд, Хэмнэлт гэсэн суурь ойлголтыг хөгжүүлэн нэвтрүүлсэн юм. Эдгээр суурь ойлголтоо дэлгэрэнгүй танилцуулъя.
Хөрөнгө-Ядуурлаас гарах, амьжиргааны нөхцөлөө сайжруулах, богино хугацааны санхүүгийн хүндрэлээс гарахад иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй хэрэгцээтэй болдог. Тэдэнд хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийг зээлээр олгохын тулд бичил санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны зардлаа нөхөхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Бид хувь нийлүүлэгчдэдээ оруулсан хөрөнгөнд нь өгөөж хүртээхийн төлөө ажиллаж компанийн үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг сайжруулснаар хандив тусламжид түшиглэсэн бус цэвэр зах зээлийн зарчимд нийцсэн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц өгөөжийн хувийг бий болгосноор мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдсэн.
Хурд-Бид харилцагчийн болон байгууллагын алдагдсан боломжийг хамгийн бага байлгахын тулд ойлгомжтой, энгийн хялбар, хурдтай үйлчилгээг үзүүлсний үр дүнд эрсдэлийг зохих түвшинд удирдсан хамгийн хурдтай санхүүгийн үйлчилгээг бичил санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн гэж боддог. Мөн хамгийн хурдан, өндөр бүтээмжтэй хамт олон байхын тулд үйл ажиллагааны стандарт, цалин урамшууллын системийг бүрэн ажлын гүйцэтгэлд үндэслэсэн систем болгож өөрчилсөн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ажилчдыг сэдэлжүүлэн идэвхижүүлэх боломжийг компанид олгож олон бүтээмжгүй ажилчид биш цөөн чадварлаг ажиллагсадтай болсноор байгууллагын зардлыг бууруулсан.
Хэмнэлт-Бичил санхүүгийн байгууллага нь орлого багатай санхүүгийн үйлчилгээнд хамрагддаггүй иргэдэд буюу санхүүгийн хэллэгээр хамгийн эрсдэлтэй ангиллын харилцагчдад бага дүнгээр олон хүнд үйлчилдэг тул үйл ажиллагааны зардал маш өндөр байдаг. Бид байгууллагын санхүү, бүртгэлийн тогтолцоо, зээлийн хүүний тооцоолол, хугацаа хэтрэлтийн хяналт, хувийн хэрэг бүрдүүлэлтэд мэдээллийн технологийг оновчтой үр дүнтэй ашигласнаар үйл ажиллагааны зардлаа бууруулсан. Компанийн дотоод үйл ажиллагаанд ашигладаг мэдээллийн систем, цогц програм хангамж нь ашиглахад хялбар, ойлгомжтой, хүний нөөц, цаг хугацааг хэмнэдэг бөгөөд тайлан мэдээг цаг алдаагүй үнэн зөв гаргадаг нь үр ашгийн хэмнэлтийг бий болгосон.
-Танай байгууллага өнгөрсөн онд шинээр хөрөнгө оруулалт хийж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн гэж дуулсан?
-Манай компаний хувь нийлүүлэгчид ирээдүйн үйл ажиллагаандаа итгэл үнэмшил өндөр байдаг учир тухайн жилийн ашгаас болон бусад бизнесийн орлогоос компанийн дүрмийн сангаа тогтмол нэмэгдүүлсээр ирсэн. Өнгөрөгч 2011 онд компанийн өөрийн хөрөнгийг 1.4 тэрбумаас хоёр тэрбум болтол нэмэгдүүлсэн. Мөн санхүүгийн салбарт хамтарч ажилладаг байгууллагуудаас итгэлцэлийн үйлчилгээгээр эх үүсвэр татан төвлөрүүлсэн нь банк бус санхүүгийн салбарт шинэлэг, улмаар өөрсдийн үйл ажиллагаагаа тэлэхэд бодит хувь нэмэр оруулсан үйлчилгээ болж чадсан юм.
Манай компани “Нэн тэргүүнд бид санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, нэн ялангуяа санхүүгийн үйлчилгээ огт авч байгаагүй иргэдийн өмнө боломж нээж, тэднийг хөгжүүлэх үүрэг хүлээнэ. Бид 2020 онд 20 мянган идэвхитэй зээлдэгчтэй болохыг эрмэлзэж ажиллана” гэсэн эрхэм зорилготой. Тиймээс ч манай байгууллагаас банк санхүүгийн үйлчилгээ хүртэж чаддаггүй, амьжиргааны доод түвшний, орлогоо баримтаар нотлох боломжгүй 300 гаруй иргэд нэг сая хүртэл төгрөгийн бичил зээл аваад байна. Ийм үйлчилгээ үзүүлэх нь зээлийн ажилтнуудын туршлага ур чадвараас ихээхэн хамааралтай байдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
-Танай хамт олон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлд ач холбогдол өгч ажиллаж байна. Санхүүгийн байгууллагын нэг том зорилго нь мөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг удирдах, алдагдсан боломжийг бага байлгах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал юм. Жишээлбэл, барилгын компаниудад газар зарах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгоход зөвлөгөө өгч хамтарч ажиллахын зэрэгцээ барилгын зөвшөөрөлтэй газар барьцаалан зээлийн олгож байна.
-Нийгэмд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, жил ирэх бүр хүрээгээ тэлж буй ийм том байгууллагыг эмэгтэй хүн удирдаж яваа нь бусад бүсгүйчүүдэд үлгэр дуурайлал, бахархал болж байна. Эмэгтэй хүн удирдах албан тушаалд байх нь таны бодлоор?
-Эмэгтэй хүн удирдах албан тушаалд байх нь давуу мөн сул талтай. Сайн удирдагчийн ард сайн баг ажиллаж байдаг. Зөв хүмүүсээр багаа бүрдүүлэх нь удирдагч хүн амжилт гаргах үндэс суурийг тавьдаг.
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баяр маргааш тохионо. Та байгууллагынхаа эмэгтэйчүүд болон харилцагчид, Монголын нийт эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж болно шүү дээ?
-Баярлалаа. Монголынхоо бүх эмэгтэйчүүддээ Мартын 8-ны баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд хамтран ажилладаг бүсгүйчүүд, эмэгтэй харилцагчдадаа талархал илэрхийлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.