Монголын эдийн засаг ногоорно

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг ногоорно

Хүрэн эдийн засгийг ногоон эдийн засагт шилжүүлэх эдийн засгийн хувьсал дэлхий дахинд өрнөж буй. Энэхүү хувьсалд Монгол  Улс нэгдэж эдийн засгаа ногооруулах сонирхолтой байгаагаа юм байна. Өөрөөр хэлбэл,  уул уурхайг хэтэрхий тахин шүтэх хандлагаа сааруулж, байгаль экологид ээлтэй эдийн засгийг хөгжүүлэхийн тулд бүхий л бололцоогоо ашиглахаар шийджээ. Эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь өдрийн гол хуралдааны явцыг харахад ийм  л бодол төрсөн.  Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь өдрийн хуралдааны гол сэдэв нь “Хүрэн эдийн  засгаас ногоон эдийн засаг руу” байв. Хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар оролцсон юм.

Эрдэмтэн, судлаачид, мэргэ­жилт­нүүд  уул уурхайг тахин шүт­сэн Монгол Улсын эдийн засаг энэ хэвээрээ үргэлжилбэл хэзээ ч хөгжилд хүрэхгүй гэдгийг анхаа­руу­лаад байгаль экологид халтай хүрэн эдийн засгаас дэлхийн өн­дөр хөгжилтэй улсууд татгалзах болс­ныг ярилаа. Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн. Монгол Улс ч чамгүй мөнгөжиж, дэлхийд бас ч үгүй байгалийнхаа баялгаар танигдаад байгаа. Эдийн засгийн өндөр өсөлтийг авчирсан гэх уул уурхайн салбарын балгаар өнөөдөр Монголын байгальд чамгүй их хор хөнөөл учирсаныг мэргэжилтнүүд шүүмжиллээ. Уул уурхайн олбор­лох үйлдвэрлэл явуулж байгаа компа­ниуд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр ухаж сүйтгэсэн байгалиа эргэж хэзээ ч анхаарч үздэггүй, нөхөн сэргээлтийн ажилд ганц зоос зарцуулдаггүй, байдгийг нь ухаж цөмлөөд өөрсдөө л баяжаад байгаад төр засгийг буруутгах хүн ч байлаа. Үүнд хяналт тавих ёстой салбарын яамдууд, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар юу ч хийдэггүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг. Зарим төрийн албан хаагч уул уурхайн компаниас авлига авчихдаг болохоор асуудлыг дараад байна гэх шүүмжлэл гарсан.  Монгол Улс зөвхөн нүүрсээс эрчим хүч гаргах бус нар салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчээ ашиглан эрчим хүчний салбараа хөгжүүлэх, эдийн засгаа ногооруулахыг эрдэмтэн судлаачид шаардсан юм.

Д.ЗОРИГТ: ТӨР БУРУУТАЙ

Танхимаас гарсан шүүмжлэлийн дараа Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт төр хэн нэгнээс хариуцлага нэхэхээсээ гадна өөрөө ч хариуцлага хүлээх ёстой гээд  Монголд бизнесийн үйл ажил­ла­гаанд хяналт тавьдаг, тэдний үйл ажиллагааг хаах бүрэн эрхтэй нэг л газар бий. Тэр нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Тэд ажлаа хийхгүй байгаа нь үнэн. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг хүчирхэгжүүлэхэд төр анхаарах ёстой. Тэдэнд эрх мэдэл олгох хэрэгтэй байна. Ер нь цаашдаа Монгол Улс хүрэн эдийн засгаас татгалзахын тулд эхлээд эрчим хүчний салбараа хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд эрчим хүчний салбартаа хувийн хэвшлийнхний оролцоог татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгасан. Сайдын баримталж байгаа чиг хандлага бол нар салхины эрчим хүчийг хүрэн нүүрстэй хольж хөгжүүлэх гэнэ лээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжлээ гэхэд Монголын төр бодлогоо зөв тодорхойлсон байх учиртайг сануулав. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хүнээ бэлтгэх, хүн бүхэн ногоон эдийн засгийн талаар мэдлэгтэй байж гэмээнэ улс орон хөгжих ёстой гэсэн.

Д.ЦОГТБААТАР: БАНКУУДТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Харин Байгаль орчин, ая­лал жуучлалын шинэхэн сайд Д.Цогтбаатар  ногоон эдийн засгийг хөгжүүлэхдээ хамгийн түрүүнд баримтлах гурван бодлого байгааг танилцуулав. Түүнийхээр нөхөн сэр­гээлтийн ажлаа хийдэггүй, байгаль орчинг бохирдуулдаг нөхдүүдийн хамтрагчид нь Хөрөнгийн бирж, арилжааны банкууд гэнэ. Тэд бай­галь орчин бохирдуулсан ашгаас хүртдэг учраас, байгаль орчин бохир­дуулж байгаа нөхдийг мөнгөөр тэтгэдэг учраас тэд ч бас хариуцлага хүлээх ёстой. Байгаль орчин бохир­дуулсан нөхдөд зээл өгсөн банкуудтай хариуцлага тооцдог системийг  нэвтрүүлмээр байгаагаа дуулгав.

Хоёрдугаарт, уул уурхайн нөхөн сэргээлтээ хийдэггүй, байгальорчинг бохирдуулж байгаа компаниудын мэдээллийг санг байгуулах гэсэн. Ингэснээр банкууд компаниудад зээл олгохдоо тухайн мэдээллийн санд нэвтэрч, байгаль орчинг бохир­дуулсан нөхөрт зээл олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Хэрвээ банкууд мэдээллийн санд байгаа байгаль орчинг бохирдуулагч нөхөрт мэдсээр байгаад зээл өгчихвөл өөрсдөө хариуцлага хүлээх бололтой. Гуравдугаарт, Тогтвортой байдлын сан, Цэвэр агаар сан зэргийг нэгтгээд Ногоон санг байгуулах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ярьсан.

ЭРЧИТ ХҮЧНИЙ САЛБАРТ ХУВИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮ

Монгол Улс хүрэн эдийн засгаас ногоон руу шилжихэд ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Ганжуурынхаар бол нэг бэрхшээл байгаа гэнэ лээ. Тэр нь эрчим хүчний салбарт өрсөлдөх чадвар байхгүй байгаа явдал. Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн ч эрчим хүчний салбарт хэвийн хэвшлийнхний оролцоо тэг байгаа гэнэ. Тиймээс ядаж л төр 51, хувийнхан 49 гэсэн харьцаатай байж эдийн засаг ногоорох бололтой.  “Инноваци ба ногоон өсөлт” сэдвийн дор нүүрс үү, салхи уу гэдгийг хэлэлцэв.

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөл­бөрийн хүрээнд Засгийн газар нь 100 мянган айлын орон сууцыг 2016 он гэхэд улсын хэмжээнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд үүний 75 мянга нь Улаанбаатар хотод баригдана. Гэтэл өдөр ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, тэр хэрээр өнөөгийн Дулааны цахилгаан станцуудын хүчин чадал шавхагдаж буй нөхцөлд 2016 он гэхэд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах явдал нь чухал байгааг ч ярилцлаа. Хэдийгээр ТЭЦ-III дулааны станцыг түшиглэн V станц байгуулах ажил эхлээд байгааг жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах суурь болж чадахгүй тул 2020 он гэхэд шинээр дахин нэг станц байгуулах шаардлага  тулгараад байгаа гэнэ. Өнөөгийн эрэлт дээр тулгуурлаад ийм шаардлага гарч байгаа аж. Нөгөө талаас төр дулааны цахилгаан станцуудаа хувьчлах эс бөгөөс Концессын гэрээгээр хувийн хэвшилд ашиглуулахгүйгээр энэ салбарын алдагдал буурахгүй, тэр хэрээр төрд ирэх ачаа жилээс жилд өсөн нэмэгдэх болохыг салбарын сайд нь нефтийн импорттой холбон тайлбарлалаа. Тодорхой жишээ татвал төрийн мэдэлд НИК компани байсан. Тухайн үед жил бүрийн хавар, намарт нефтийн хомсдлын асуудал босч ирдэг байж. Харин НИК компанийг хувьчилснаар мөн нефтийн импортыг хувийн хэвшлийн салбарынхан үүрч явдаг болсноор энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдлын асуудал дээр төр толгой гашилгах бус яаж үнийг хямд байлгах вэ гэдэг зохицуулалт асуудал үүсгэх болсон. Түүний нэгэн адил эрчим хүч, дулаан түгээх станцуудаа төр мэдлээсээ гаргах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, нүүрсний үнийг чөлөөлөх нь чухал. Уг нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад дулааны цахилгаан станцуудад нийлүүлэгдэж буй нүүрсний үнэ өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад нь хоёр дахин өсчээ. Багануурын нүүрс нэг тонн 21 мянган төгрөг бол Шивээ-Овоогийнх нэг тонн 16 мянган төгрөг. Дөрвөн жилийн өмнө Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн 8000 төгрөгийн үнэтэй байсан. Тиймээс энэ бодлого цаашид үргэлжлэх ёстой. Мөн түүнийг дагуулаад эрчим хүчний үнэ, дулааны үнийг чөлөөлөх шаардлага бий болно. Харин энэ үед төрөөс эцсийн хэрэглэгчдэд очих цахилгаан, дулааны үнэд хөнгөлөлт буюу татаас олгоод эхэлбэл энэ салбар өөрөө аяндаа сэргэх боломжтой гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хэллээ. Өнгөрсөн хугацаанд төр дулааны цахилгаан станцуудад 15 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Одоо тэгвэл энэхүү татаасыг иргэдэд олгож болох гэнэ. Ийм алхам хийхгүй бол эрчим хүчний салбар Монгол Улсын хувьд ямагт алдагдалтай ажиллаж, тэр хэрээр хэрэглэгчдийн нуруун дээр ирэх ачаа улам хүндэрсээр байх аж. Мөн Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ гадаадаас хангах асуудал үүсгэж мэдэх талтай юм байна.

Ийнхүү Эдийн засгийн чуулга уулзалт үр дүнгээ өгч чадвал өнөөгийн хүрэн эдийн засаг цаашдаа ногоорох нь ээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж