Замын хашлага дагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүс наран шарлагын газар биеэ ээх мэт энд тэнд хэвтэцгээнэ. Дулаарч буй ч гэлээ гадаа 10 хэм хүйтэн байгаа хойно, удаан хэвтвэл яах нь ойлгомжтой. Хүйтний эрч жоохон буурсан ч үе үе хавирга нэвт салхилах хаврын салхи, үүл бөөгнөрч хэсэгхэн цас хялмаалж дахин нар гарах тогтворгүй тэнгэр. Замын хажуугаар эгнэн хэвтсэн тэднийг сонирхон харах, жигшин зэвүүцэх, харамсан халаглах хүмүүс бөөгнөрөн зогсоно. Харин доог тохуу хийх гэсэн хэсэг хүмүүс тэднийг өшигчиж нэг үзнэ, өнгийж хараад гайхаж нэг үзнэ. Дэмий л дээрээс нь ихэмсгээр хараад би л ийм болчихгүй юм шүү гэлцэнэ. Хажууханд нь уусан архины шилээр нь гацуур мод босгосон нь сүр жавхлантайгаар сүндэрлэх агаад түүнийг нь харсан хүмүүс харамсч, халаглана уу гэхээс бахархаж бахдахгүй ойлгомжтой. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгд л газраар нэг тэрийн хэвтэнэ. Бас л ялгаагүй өмссөн хувцас нь уранхай ноорхой, хир даг болсон харагдах. Зарим нэг нь ууж идсэн жоохон юмаараа /бэлэн гоймон бололтой/ бөөлжчихсөн, түүн дээрээ хээв нэг дуг хийнэ. Гудамж талбайд ийм олноороо хэвтэцгээх тэднийг гайхсан хүүхдүүд бөөнөөрөө ирж харцгаана. Зарим нэгнийх нь нүдэнд айсан, эмээсэн, жигшсэн шинж харагдах агаад бие бие рүүгээ харж юу ч хэлэхээ мэдэхгүй зогсоцгооно. Магадгүй тэдний хамаатан садан, эцэг эх, таньдаг ах эгч гээд хэн нэгэн нь иймэрхүү байдалтай байхыг тэд харсан, жигшсэн ч юм бил үү, хатуу хорвоо хойно доо. Бусдаасаа арай л зайтай тэрийн хэвтэх нэгний хувцас хунар нь цусанд будагдсан харагдлаа. Ойртоод харвал хэн нэгэнд зодуулсан, дээрэмдүүлсэн, халдлагад өртсөн бололтой харагдана. Хажуугаар нь нийслэлийн цагдаа нар, дарга удирдлагууд нь холхих ч хэн нь ч тэднийг босооч, хариач, гэхгүй. Үгүйдээ л эрүүлжүүлье ч гэж оролдохгүй. Энэ байдлыг харсан хэн боловч үстэй толгой нь арзас хиймээр. Хажууханд нь эгшиглэх хөгжмийн ая тэдний сүлд дуу болох “Татар” хамтлагын “Эсрэг өдөр” гэх дуу. Энэ дууг мэдэхгүй нэгэнд энүүхэндээ гэж хэлэхэд “балгадаг” нөхдүүдийн тухай гэхэд болно. Хажууханд нь байрлуусан самбар дээр “бид мөлхөхгүй, бид хэвтэхгүй, бид сөгдөхгүй, бид ухрахгүй” гэсэн уриа бүхий бичиг харагдана. Монгол архины, архичдын орон болж байгаа нь энэ үү гэлтэй. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол бодит бус чөлөөт уран бүтээлчдий бүтээж туурвисан “Street art” буюу энэ нийгмийн эмгэнэлт архидалтыг бодитоор харуулж, түүнийг жигшин зэвүүцэж байгаагийн нэг илрэл. ЦЕГ-ын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэг, болон чөлөөт уран бүтээлчид хамтран “Хэвтэж буй хүн” хэмээх энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь энэ. Өнөөгийн нийгэмд байгаа архидалт газар авч хавтгайран, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүд ч ихээр архинд орж донтох, түүнээсээ болж гэмт хэрэгт холбогдох эрсдлүүд ч багагүй байгаа учраас энэхүү өдөрлөгийн зохион байгуулахаар болсон тухайгаа зохион байгуулагчид нь хэлж байлаа. Он гарснаас хойш улсын хэмжээнд нийтдээ 20303 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсноор эрүүлжүүлэх байранд оросон гэх тоо байгаа. Түүнээс 10818 нь нийслэлд эрүүлжүүлэхдсэн юм байна. Тэдгээр иргэдээс 865 нь эмэгтэй, 280 нь насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй байсан байна. Харин согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон үедээ гадны халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 78 гарчээ. Хоёрхон сарын дотор шүү.
Х.Нарангэрэл