Нутгийн удирдах байгууллагын эрхэд халдсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Нутгийн удирдах байгууллагын эрхэд халдсан гэв

Ардчилсан нам болоод МАН-ын сонгуулийг зэрэг явуулах эсэхтэй холбоотой маргаанд шууд хамааралтай хэргийг иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандах байдлаар нээгээд байна. 

Тэрээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 8.2 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэн ҮХЦ-д ханджээ. Маргааны зүйлийг тодруулбал Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн энэ хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн юм биш үү” гэж өргөдөл гаргажээ.

Иргэн О.Баясгалан өргөдөлдөө “УИХ-ын 2008 оны тавдугаар сард Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 59.3-т заасан “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгоно” гэсэн дөрвөн жилийн хугацааг гурван жил таван сарын хугацаатай болгосноор нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан байна. Мөн Үндсэн хуулийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хороонд иргэдийн нийтийн хурал, тухайн хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид” гэснийг зөрчсөн. Түүнчлэн Үндсэн хуулийн 60.2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж аймаг нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны засаг даргыг харьяалах сум дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэжээ.

Хэрэв энэ заалтаар ҮХЦ маргаан үүсгэж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл орон нутгийн бо­лоод УИХ-ын сонгууль нэгэн өдөр зохион бай­гуу­­лагдах боломжгүй гэх нөхцөл бүрдэж болох юм.

Мэдээж ингэвэл МАН-ын хувьд ашигтай бөгөөд энэ талаар тус намын гишүүн Н.Ганбямба “Орон нутгийн сонгуулийн хамт хий¬нэ гэхээр орон нутгаас сонгогдсон төлөө¬лөгчдийн бүрэн эрхийнх нь хугацаанд зөрчил гарч байгаа. Ер нь энэ мэт олон асуудал бий. Эдгээр асуудал хөндөгдөөд ирэхэд орон нутгийн сонгуулийг салгах асуудал яригдана. Ингэхээр энэ сонгуулийн хуулийг эргэн харах байх” хэмээн тайлбарлаж, найдаж буйгаа илэрхийлж байгаа юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж