
Уг хуулийн төсөлд Монгол улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгож, Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгасан байна.
Өмнө нь энэ хуулийн төслийн агуулгыг Сонгуулийн хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулсан боловч санал хураалт явуулалгүй унагаж байсан юм. Харин өчигдөр хуулийн төсөл болгон ийн өргөн мэдүүлснээр төслийн санааг дөрөв дэх удаагаа өргөн мэдүүлж буй хэрэг юм.
Хуулийн төсөл батлагдснаар улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хуулийн төслийг санаачлагчид хэлж байсан ба энэ талаар Г.Баярсайхан гишүүн “Архи, тамхины өндөр хэрэглээтэй оронд хавдрын өвчлөл өндөр байдаг. Тэдний нэг нь манай улс. Манайд ялангуяа элэгний хавдрын өвчлөл маш өндөр байгаа. Ингэж ард түмнээ хордуулж байгаа улс төрчид УИХ-д суух ёс зүйд нийцэхгүй. Японд парламентын гишүүн өөрийгөө ёс зүйтэй гэдгийг харуулахын тулд архи тамхины үйдвэрлэл гэх мэт эрхэлж байсан бизнесээ зараад тэр мөнгөө нийгмийн сайн сайхны тусын тулд зарцуулж байсан жишээ байдаг юм байна. Ард түмэн ч түүнийг хүндлэн дэмжсэн. Ингэж өөрийгөө золиосолж чадах өндөр ёс суртахуунтай байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.