Спортынхон тогтоолын төслийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Спортынхон тогтоолын төслийг хэлэлцэв

Спортын төв ордны хурлын зааланд өнөөдөр 15 цагаас Засгийн газрын тогтоолын төсөлд санал оруулах хэлэлцүүлэг боллоо.

Биеийн тамир, спортын тухай хууль, УИХ-ын 2009 оны 95 тоот тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 сарын 26-ны өдрийн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 53 тоот зарлигт хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон  төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох нь зүйтэй болохыг тодорхойлсон юм.

Эдгээр хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад их, дээд сургуулийн оюутан залуучуудыг биеийн тамир, спортод татан оролцуулах, тэднийг биеийн тамир, спортоор тогтмол хичээлүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, бие бялдрын бэлтгэлжилт, спортын ур чадварыг дээшлүүлэх, спортоор дамжуулан хүмүүжүүлэх  явдал чухлаар шаардагдах боллоо. “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолд ихэвчлэн хүүхдийн спорт, ЕБДС-ийн чиглэлээр хийж хэргжүүлэх ажлууд орсон ба нийгмийн томоохон хүн амын бүлэг болох 100 гаруй их, дээд сургуулийн 150 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй оюутан залуучуудын биеийн тамир, спортын асуудлыг тусгайлан авч үзэх, тэднийг эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай  болгох, цаашид ажиллаж амьдрах орчин, хэсэг, бүлэг хүмүүсийг спорт, эрүүл мэндийн боловсролоор манлайлах, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг удирдан зохион байгуулах, спортыг тухайн хамт олны дунд хөгжүүлэх, сурталчилах мэдлэг, чадварыг их, дээд сургуульд сурч буй үеэд нь олгох явдал дээд боловсролын агуулгад тусган хэрэгжүүлэх чухал ажлын нэг болоод байна.
 
Монгол улс олимпийн наадмаас олон медаль авч спортын хувьд тэргүүлэх орнуудын тоонд багтаж байгаа хэдий боловч хүн ам ялангуяа залуучуудын дунд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн тоо нь дөнгөж 7-8% тай байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Жил бүрийн цэрэг татлагын эмчийн үзлэгт орсон цэргийн албаны 18-25 насны залуучуудын 30-35% нь эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, дунд сургууль төгсөөд их, дээд сургуульд элсэгчдийн олонхи нь элсэлтийн эрүүл мэндийн үзлэгээр нүдний хараа, сонсгол муутай, цусны эргэлтийн тогтолцооны өөрчлөлтэй, бие бялдрын хувьд ч тэнцэхгүй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас тогтоогдсон. Зарим оюутнууд эрүүл мэндийн улмаас их, дээд сургуульдаа суралцаж чадахгүйд хүрч чөлөөлөгдөх, жилийн чөлөө авах үзэгдэл их гарч байна.

Их дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн кредит цагийн тоо бага, зарим сургуулиудад биеийн тамирын хичээл, сургалт огт орохгүй, биеийн тамирын заал, танхим байхгүй байгаа нь оюутны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, залуу хүний бие бялдрын үзүүлэлт болох хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан байдал нь улам бүр алдагдаж бүх үзүүлэлтүүд нь доошилсон дүн гарч эрүүл оюутны тоо цөөрсөөр байна. Энэхүү чиглэлд тодорхой арга хэмжээг авахгүй бол жил ирэх тутамд оюутны эрүүл мэндийн асуудал урам бүр доройтох шинж тэмдэг нийгэмд ажиглагдаж эхлэсэн юм.

Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд биеийн тамир спортын үр нөлөө ашиглан тэднийг хүмүүжүүлэх,  архи тамхи хэрэглэхгүй орчинд оруулах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргахгүй байлгахад спортоор хичээллүүлэх замаар ангид байлгах гадаадын өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас ашиглах шаардлагатай байна. Түүнчлэн биеийн тамир, спортын хичээл сургалт, тэмцээн нь хүнээс бие бялдарын ихээхэн хүч чадал шаарддаг бөгөөд оюун ухааны онол, семинарын хичээлүүдтэй уялдуулан биеийн хүчний дасгал, хөдөлгөөнийг хослуулсан хэрэглэж байх нь оюутныг хэт ядрах, хичээлийн ачаалалыг нь тэнцвэржүүлэхэд чухал үр нөлөөтэй юм.

 Манай улсын ихэнх их дээд сургуулиуд биеийн тамирын хичээлийн материаллаг бааз дутуу, багшлах боловсон хүчний хангамж, чадвар хүрэлцэхгүй,  дийлэнх оюутнуудын спортоор хичээллэх дур сонирхол муу байгаа зэргээс үүдэн энэ чиглэлийн асуудалд тодорхой анхаарал хандуулан арга хэмжээ авах хэрэгцээтэй болсон. Түүнчлэн хотын төвд сургууль хооронд ашиглах бололцоотой “Оюутны спортын төв”-ийн цогцолбор барилга, байгууламжыг Улаанбаатар хотноо барьж байгуулах, хөрөнгийн асуудлыг олон улсын байгууллагуудаас боловсролд үзүүлж байгаа тусламж, хөтөлбөрийн зардлын хүрээнд шийдвэрүүлэх талаар олон жилийн өмнөөс хэдэн зуун оюутан залуучууд, багш нарын зүгээс санал дэвшүүлж ирсэнийг хэрэгжүүлэх цаг нь болжээ.  Энэ төвийг олон улсын жишгийн дагуу оюутны спортын сургалтын ажлын нэгдсэн арга, зүйгээр хангах бааз газар болгох,  оюутны бүсийн болон улсын шигшээ тэмцээн явуулах, дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам, дэлхий, тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох оюутан тамирчдыг бэлтгэх, чиглэлээр ашиглах нь тохиромжтой байна.

Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгоход их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг сургалтын тэргүүлэх чиглэл болгож, оюутнуудыг олноор нь спортоор хичээллүүлэх таатай орчин нөхцлөөр хангах, спортын хамтлаг, клубын тогтолцоог нэвтрүүлэх, оюутны чөлөөт цагийг биеийн тамир, спортоор хичээлэн өнгөрүүлэхэд төр, засгийн зүгээс тэдэнд туслах нөхцөл бололцоогоор хангах нь чухал юм.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх цөм болсон хүүхэд, ялангуяа оюутан залуучуудын талаар “Оюутны биеийн тамир, спортыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж их, дээд сургууль, коллеж дахь оюутны биеийн тамир, спортын ажил, сургалтыг дэмжих, оюутны эрүүл мэндийг бэхжүүлэх, тив, дэлхийн хэмжээний оюутны тэмцээнүүдэд Монголын оюутны баг тамирчдын үзүүлж байгаа амжилтыг ахиулж, эх орныхоо хөгжлийн түвшинг харуулан сурталчилах арга хэмжээ авч оюутны нийгмийн зарим асуудлыг шийдвэрлэхэд энэхүү тогтоол чухал үр нөлөө үзүүлэх болно гэж спортынхон үзэж байна.

Б.Энх

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны .. дугаар                              Дугаар ….                              Улаанбаатар                                                                                                       сарын…-ны өдөр                                                    хот
Оюутны биеийн тамир, спортын талаар    авах зарим арга хэмжээний тухай
Биеийн тамир, спортын тухай хууль, УИХ-ын 2009 оны 95 тоот тогтоол, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 3 сарын 26-ны өдрийн 53 тоот зарлиг,Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.    Их дээд сургуулийн оюутнуудыг биеийн тамир, спортоор тогтмол хичээлүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, бие бялдрын бэлтгэлжилт, спортын ур чадварыг дээшлүүлэх, спортоор дамжуулан тэднийг хүмүүжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:

1.1.    Их, дээд сургууль, коллежийн сургалтын агуулга, хөтөлбөртөө биеийн тамир, спортын хичээлийг тэргүүлэх чиглэлд оруулж, сургалтын кредит цагийн тоог нэмэгдүүлэх талаар  арга хэмжээ авах;

1.2.    Оюутнуудыг спортоор хичээллэх таатай орчин нөхцлөөр хангах, их дээд сургуулиудын биеийн тамирын хичээлийн сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэн, спортын заал, чийрэгжүүлэх танхим шинээр байгуулах, спортын тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэх;

1.3.    Хичээлээс гадуурхи биеийн тамир, спортын ажлыг секц, дугуйлангын хэлбэрээр зохион байгуулах боломж, цагийг нэмэгдүүлэн тогтмолжуулах, багш нарт нэмэгдэл ажлын хөлсийг олгох;

1.4.    “Оюутны биеийн тамир, спорт”-ын хичээлийн сурах бичгийг зохион хэвлүүлэх, сургалтын гарын авлага, зөвлөмж, материалыг гарган тараах;
1.5.    Их, дээд сургууль, коллежийн төсвийг батлахдаа  биеийн тамир хичээл, спортын арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэн тусгаж өгөх;

1.6.    Их, дээд сургуулийн захиалгаар гадаадын орнуудад биеийн тамирын багш бэлтгэх, докторантурт суралцуулах, мэргэжил дээшлүүлэх дэс дараалалтай арга хэмжээг авах;

1.7.    Оюутны хотхоны барилгын төсөл, загварт биеийн тамир, спортын зориулалтын барилга байгууламж, спортын цэнгэлдэх хүрээлэн, заал, танхимыг барьж байгуулахаар төлөвлөн оруулах;

1.8.    Монголын оюутны спортын их наадам”Универсиад” болон Оюутны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнүүдийг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн спортын зааланд хуваарийн дагуу үнэ төлбөргүй зохион байгуулах.

2.    Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр,  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт үүрэг болгосугай:

2.1.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүрийн дөрөвдүгээр сард "Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ыг өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт оруулах, сорилыг оюутан, багш, ажилтануудаас тогтоосон хугацаанд авч үнэлэлт дүгнэлт хийх;

2.2.    Оюутны дунд хоёр жил тутамд Монголын оюутны спортын их наадам “Универсиад”, өнжиж буй жилд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын хэд хэдэн төрөлд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Монголын оюутны спортын холбоотой хамтран зохион байгуулж байх;

2.3.    Үндэсний хэмжээний тэмцээнүүдээс шалгарсан шилдэг оюутан тамирчдыг дэлхийн оюутны  спортын “Универсиад” наадам, дэлхийн болон тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэн оролцуулах;

2.4.    Оюутнуудын дунд хөгжсөн, Монголын тамирчид өндөр амжилт гаргах төрлүүдээр өөрийн эх орондоо  хоёр жил тутамд спортын тодорхой төрлүүдээр тивийн болон дэлхийн хэмжээний оюутны аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч зохион байгуулах.

3.    Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай:

3.1.    Зарим сургуулиудын биеийн тамирын хичээл, бэлтгэл сургуулилтанд ашиглах, олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэх, оюутны улс, бүсийн тэмцээн зохиох, оюутны спортын сургалтын ажлын нэгдсэн арга, зүйгээр хангах зорилгоор олон улсын жишгийн дагуу “Оюутны спортын төв”-ийн цогцолбор барилга, байгууламжыг Улаанбаатар хотод байгуулах, хөрөнгийн асуудлыг олон улсын байгууллагуудаас боловсролын салбарт үзүүлж байгаа гадаадын тусламж, хөтөлбөрийн санхүүжилтээс гаргах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хотын төвд газрын асуудлыг шийдвэрлэх;

3.2.    Биеийн тамир,спортын хуулийн дагуу оюутны шигшээ багийг спортын 6 төрлөөр байнга ажиллуулах, “Оюутны спортын төв” болон их, дээд сургуулийн материаллаг баазыг түшиглэн шигшээ багийг хичээллүүлэх, дасгалжуулагч, тамирчдын орон тоо, зардлыг гарган үйл ажиллагааг тогтмолжуулах арга хэмжээ авах;

3.3.    Оюутны шигшээ багийн тамирчны сургалтын болон байрны төлбөрийг төр хариуцах, цалин, тэтгэлэг олгох;

3.4.    Оюутны спортын олон нийтийн байгууллага, их, дээд сургууль, коллежиудын санаачлагыг дэмжин оюутны чөлөөт цагийг өнгөрүүлэх спортын зориулалтын гадаа талбай, заал, танхим барьж байгуулахад газрын асуудлыг шийдвэрлэж өгөх, зохих дэмжлэг үзүүлэх;

3.5.    Оюутны бүх нийтийн спортын хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Оюутны бүх нийтийн гүйлт”-ийг зохион байгуулж явуулах.

4.    Төрийн өмчийн болон төрийн өмчийн бүх их дээд сургууль, коллежиуд дээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг их, дээд сургууль, коллежиудын ректор, захиралуудад үүрэг болгосугай:

4.1.    Оюутнуудын дунд  биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлэх, биеийн тамирын хичээлийг тэргүүлэх сургалт болгон зохион байгуулж, тэднийг спортын арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, сургуулийн оюутны сонирхолд нийцсэн төрлүүд  ялангуяа багийн спортыг түлхүү хөгжүүлэн олон оюутнуудыг хамруулах хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэх;

4.2.    Монголын оюутны спортын “Универсиад” их наадам болон оюутны хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд баг тамирчидаа бэлтгэн оролцуулоход туслалцаа үзүүлэн хөрөнгө зардлыг гаргах, сургуулийнхаа спортын амжилтыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах;

4.3.    Их, дээд сургууль бүр дээр биеийн тамир, спортын  тэнхим, спортын хамтлаг, клубыг байгуулах, ажлыг нь сайжруулан зохион байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих, сургуулийн биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээний тоог олшруулах;

4.4.    Сургуулийн биеийн тамирын багш нарын чадавхийг сайжруулах, мэргэжил, боловсролыг байнга дээшлүүлэх, тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулж, биеийн тамирын тэнхимийг эрдмийн цол зэрэгтэй багш нараар бүрдүүлэн удирдуулах;

4.5.    Оюутан тамирчидыг дэмжих, тэднийг урамшуулах, авьяаслаг тамирчдыг элсүүлэн сургах, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч энэ чиглэлийн спортын холбоо, байгууллагуудтай хамтран ажиллах;
4.6.    Биеийн тамирын хичээл, спортын сургалтын материаллаг бааз, нөхцөл орчныг бүрдүүлэх, спортын заал, танхим, гадаа талбай байгуулах, хэрэглэл материалиар хангах;

4.7.    Дэлхийн оюутны спортын хөдөлгөөний үзэл санааг дэлгэрүүлэхэд анхааран сургууль дээрээ “Универсиад”-ын боловсролын танхим  байгуулан, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

5.    Дээрхи арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг улсын болон нийслэлийн төсөв, сургуулийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, нийслэлийн засаг дарга, өмчийн бүх төрлийн их, дээд сургууль, коллежийн ректор, захирал нарт үүрэг болгосугай.

6.    Энэхүү тогтоолын хэрэгжилтийг явцыг жил бүрийн 7 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр,  Эрүүл мэндийн сайд С.Ламбаа,  Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаяр нарт даалгасугай.

Монгол улсын Ерөнхий сайд                    С.Батболд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд             Ё.Отгонбаяр
Эрүүл мэндийн сайд                         С.Ламбаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж