УИХ-д суудалтай МАН, Ардчилсан нам зэрэг намууд орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай нэг өдөр явуулах эсэх дээр санал зөрүүтэй байгаа. Өнгөрсөн даваа гаригт хоёр намын бүлэг хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцсэн ба Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгуулийг нэг өдөр зэрэг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол МАН хоёр сонгуулийг нэг өдөр явуулах нь хууль эрх зүйн болоод, техникийн үндэслэл байхгүй гэж үзсээр л байна.
Ардчилсан намын даваа гаригийн хуралдаанаар орон нутагт ажилласан бүлгийн гишүүдийн мэдээллийг сонссон ба орон нутагт ажиллах үеэр нь ард иргэд “Ардчилсан намын бүлэг хамтарсан засгийн газраас гарснаас болж 2012 оны төсөвт тодотгол хийх асуудал хойшилсон” гэх ташаа мэдээлэл тарсан байна. Ийнхүү мэдээлэл хүрснийг залруулга хийх ёстой бөгөөд Ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарсан нь энэ асуудалд нөлөөлөхгүй гэдгийг мэдээлсэн юм.
Дараагаар нь Ардчилсан намаас 2012 оны төсвийн тодотголтой хамт 1995 оноос өмнө тэтгэвэрээ тогтоолгосон ахмад настнууд, түүнээс хойш тэтгэвэрт гарсан иргэдийнхээс бага тэтгэвэр авч байгаа буюу тэтгэвэрийн зөрүүтэй асуудлыг мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх саналыг гаргасан байна. Тус бүлгийн хурлаар яригдсан, намын гишүүдийн санаа зовоосон асуудлын нэг нь иргэдийн дунд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдалтай холбоотой асуудлыг ярилцсан байна. “Малчдын гар дээр болон иргэд хувиараа ашигладаг галт зэвсгийг хурааж авах, цэрэг цагдаагийн байгууллагынхны галт зэвсэгт хяналт тавих, дээрээс нь Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын санаачлагаар байлдааны бэлэн байдалд байх ёстой гэсэн асуудлууд нь долдугаар сарын 1 дахин давтагдах вий гэсэн санаа зовнил төрүүлээд байна шүү” гэдгийг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлж байлаа.
Харин үдээс хойш МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа танилцуулсан юм. Тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын санхүүгийн байдал, иргэний цахим үнэмлэх, Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах эсэх талаар ярилцсан байна. Сангийн сайдын хэлснээр “2012 оны урсгал төсөв болон хөрөнгө оруулалтын явцад асуудал байхгүй бөгөөд хуваарийн дагуу үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ” гэсэн байна. Харин Хүний хөгжил сангийн мөнгө бүрдүүлэлт, татан төвлөрүүлэлт хүндхэн байгаа бөгөөд мөнгө төвлөрүүлэх асуудлыг Засгийн газарт үүрэг өгч ажиллахыг сануулсан байна. Засгийн газар мөнгө төвлүүрүүлэх ажлыг зохион байгуулж, хаанаас ямар байдлаар мөнгө бүрдүүлэхийг шийдвэрлэх учиртай юм байна. Мөн дараагийн нэг асуудал нь ухаалаг үнэмлэх буюу цахим иргэний үнэмлэх УИХ-ын сонгуулиас өмнө тараагдаж дуусахгүй гэх иргэдэд ташаа мэдээлэл тарж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрынхны өгсөн мэдээллээр “Цахим үнэмлэхний хамгийн сүүлчийн бэлдэц нь зургадугаар сарын 11-нд ирэх бөгөөд зургадугаар сарын 20-н гэхэд иргэдийн цахим үнэмлэхийг тарааж дуусна” гэсэн тайлбарийг өгсөн байна. Тиймээс игэдэд олгох цахим үнэмлэхийг хугацаа давчуу байгаа ч товлосон хугацаандаа хэвлэж дуусах ётойг сануулж, хэрэв ямар нэг асуудал үүсвэл Засгийн газар болон УИХ-д яаралтай мэдэгдэж, асуудлаа шийдвэрлүүлэх, хоорондын уялдаа холбоогоо сайжруулахыг үүрэг болгосон байна. МАН-ын хувьд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр зохион байгуулах боломжгүй гэсэн бөгөөд Ардчилсан намаас өгсөн санал нь хууль эрх зүйн болоод технизийн хувьд зэрэг явуулах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Мөн Ардчилсан намаас Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар дахин нэг санал МАН-ын бүлэгт хүргүүлснийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гэлээ. Энэхүү саналд “Орон нутгийн сонгуулиас нийслэл, аймгийн сонгуулийг нэг өдөр харин сум дүүргийн сонгуулийг дараа нь явуулах санал” хүргүүлснийг МАН-ын бүлэг өмнөх саналаас хол зөрүүгүй учраас хоёр сонгуулийг нэг өдөр явуулахгүй гэлээ. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Хоёр сонгуулийг нэг өдөр явуулах боломжгүйн учир нь орон нутгийн сонгууль нь өөрөө удирдах ёсны байгууллага учраас хоёр намын зүгээс зэрэг хийх хийхгүй ярих ёсгүй. Тухайлбал УИХ-ын сонгууль 07.00-22.00 цагийн хооронд санал авах бол Орон нутгийн сонгууль 07.00-22.00 цагийн хооронд санал авна. Мөн зэрэг явууллаа сонгууль дээр ажиллах ажлын хэсэг, санал тоолох зэрэг асуудлууд тодорхой бус байгаа” юм гэлээ. Түүнчлэн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх ёстой, ургадугаар сард орон нутгийн сонгууль болох бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байх юм байна. 2008 онд орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөөс санал аваагүй байна гэсэн юм.
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаас хоёр намын бүлэг санал зөрүүтэй байгаа төсөл нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл. УИХ-ын намын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй хуралдсан юм. Энэхүү хуралдаанаар хоёр нам Орон нутгийн сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөх талаар дундын хувилбарыг гаргасан бөгөөд энэ талаар бүлгүүд тус тусын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон юм.