УИХ-ын Төрийн байгуулалтын болоод Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонирхлын зөрчлийн хууль буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд аль аль байнгын хороод хүлээн авахаар боллоо.
Эхэнд хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хууль санаачлагч гишүүдээс хуулийг хэрэгжүүлэх журмуудыг нэлээд нягтлан боловсруулж, УИХ энэ талаар шуурхайлан ажиллаж чадвал хууль хүчин төгөлдөр болох хугацааг урагшлуулах боломжтой талаар санал гарч байв.
Дээрх хуулийг 2012 оны нэгдүгээр сард УИХ батлан гаргасан боловч Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хэрэгжилтийн хугацааг урагшлуулах шаардлагатай хэмээн уг хуулийн үйлчлэлтэй холбоотой хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан юм.
Тодруулбал Ерөнхийлөгчийн зүгээс 2012 оны долдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих ёстой байсан Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай энэхүү хуулийг 2012 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн үйлчлэх ёстой гэж үзсэн байв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга байнгын хорооны хуралд оролцон энэ талаар тайлбар хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуульд хэсэгчлэн хориг тавьснаа өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд УИХ-д мэдэгдсэнийг хэлж байлаа.
УИХ-ын бусад гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг үр дүнтэй болгох талаар санал бодлоо түлхүү хэлж байсан ба ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.
Дараагаар нь хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд мөн л хоригийг танилцуулж, гишүүд саналаа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг хэлэлцэх үеэр “тавдугаар сарын 1 гэсэн санал яригдаж байсан боловч долдугаар сар болгон хойшлуулдаг нь түүнийг хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангах зорилготой байсан” хэмээн хууль хэрэгжих бэлтгэл ажлын явц хэр байгааг асуусан юм. Энэ асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамрын газрын дарга Д.Баттулга “Хоёрдугаар сарын 17-нд Ерөнхийлөгч АТГ болон хууль хяналтын байгууллагынхантай уулзаж энэ асуудлаар ярилцахдаа хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах боломжтой эсэхийг лавлахад боломжтой гэсэн хариу өгсөн” гэв.
Х.Тэмүүжин гишүүн хугацааг наашлуулах шаардлагыг дэмжиж буйгаа мөн илэрхийлэн “долдугаар сарын 15 гэсэн хугацааг нааш нь татахгүй бол уг хууль өнөөгийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг өнгөрөөж байж хэрэгжиж эхлэх нь, ингэснээр ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо, халаа сэлгээ олон гарах боломж бүрдэх нь гэх шүүмжлэл олон нийтийн зүгээс удаа дараа гарч байгаа тул хууль хэрэгжүүлэх журмуудаа сайтар боловсруулан гаргаж, УИХ энэ чиглэлээр ажлаа шуурхайлбал хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг наашлуулах бүрэн боломжтой. Орон нутгийн захиргааны хуулийн хэлтсүүдээс ч энэ асуудлаар сургалт авах хүсэлт Хуульзүйн яаманд ирж байгаа тул энэ хоёрдугаар сардаа багтаан төрийн албан хаагчдад сургалт явуулан, нэр дэвшигчдээс бусад төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлгийн маягт хэзээ авахыг тогтох хэрэгтэй” гэв.
Ж.Сүхбаатар гишүүн мөн л дэмжиж үг хэлэв. Тэрээр “төрийн албан хаагчид сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргаж өгөх цаг нь болсон. Энэ мэдүүлгийг гаргуулах маягтандаа зоригтойхон заалтууд оруулж өгвөл Ерөнхийлөгчийн хориг үр дүнтэй болох тул маягт боловсруулах ажилд Байнгын хороо анхааран ажиллах ёстой” гэж байв.
Ингээд хуралдаанд оролцсон 11 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг мөн л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.