“Эхээс урагт ДОХ халдварлуулдаггүй эм байдаг”

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

“Эхээс урагт ДОХ халдварлуулдаггүй эм байдаг”

ХДХВ-ын халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь албан ёсоор батлагджээ.  Халдвар тээгчид нь 20-35 насны залуучууд бөгөөд хоёр нь эмэгтэй гэнэ. Одоогоор биеийн байдал нь хэвийн, вирус тээгч үе шатандаа байгаа аж. Ингээд манай улсад ХДХВ-ын халдварын тээгчид 105-д хүрлээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасантай ярилцлаа.

-ХДХВ-ын шинэ тохиолдлууд хэзээ бүртгэгдсэн бэ?

-Эдгээр тохиолдлууд бүгд нэг өдөр гарсан юм биш. Онош нь батлагдаад явсаар ойролцоо хугацаанд батлагдсан гурван тохиолдол байна. Хоёрдугаар сарын 15-ны өдөр хоёр тохиолдол бүртгэгдээд байсан. Цагаан сарын үеэр энэ онош батлагдсан юм. Гэхдээ сар шинийн баярын үеэр муу мэдээ дуулгахгүйг хичээлээ.

-ДОХ-ын халдвар авсныг хэрхэн мэдээлдэг вэ?

-Халдвар авсан гэх оношоо баталгаажуулна, хүнээ олж уулзана, халдвар хэрхэн туссаныг судална, эмч үзлэг хийнэ, халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүст  клиникийн болон лабораторийн шинжилгээг хийнэ. Үүний эцэст Эрүүл мэндийн яаманд мэдээлдэг.

-Халдвар авсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломж бий юү. Хэдэн насны хүмүүс байна вэ?

-Манай улсад ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь 18-45 насны хүмүүс байдаг. Тэдний ихэнх нь эрчүүд. Шинээр өвчлөгсдийн хувьд зовиур шаналгаагүй, биеийн байдал нь сайн байгаа. Одоогийн байдлаар халдвар тээгчийн үе шатандаа байгаа.

-Эдгээр залууст эмчилгээ хийж эхэлсэн үү?

-Үгүй ээ. Тэд бол одоо зөвхөн халдвар тээгчийн үе шатандаа яваа. Харин ДОХ-ын үе шатанд орсон хүмүүс л эмчилгээнд орж эхэлдэг. НҮБ-ийн дэргэдэх Глобал сан 2002 оноос манайд ХДХВ/ДОХ-той тэмцэх арга хэмжээний хэрэгцээт төсвийн 80 орчим хувийг санхүүжүүлж ирсэн. Тэд өвчилсөн хүний эмийн зардал, сургалт сурталчилгаа явуулах төлбөр, мэргэжилтэн бэлтгэх, бэлгэвчийн болон оношлуурын хэрэгцээ хангамж гэх мэт зүйлсийг бүрэн хариуцдаг.

-Эмчилгээнд ойролцоогоор хэдэн төгрөг шаардагддаг вэ?

-Нэг хүнд жилд дунджаар 1000 ам.долларын эмчилгээ хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Одоогоор 36 хүн эмчилгээнд ороод байгаа. Мөн эдгээр хүмүүсийн эмчилгээний төлбөрийг Глобал сан бүрэн санхүүжүүлж байгаа.

-Одоогоор ДОХ-ын халдвар авсан нийт хүмүүсийн биеийн байдал ямархуу байгаа вэ?

-Нийт 105 хүн байгаа гэсэн. Тэднээс 13 хүн нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Харин ДОХ-ын шатандаа эмчлүүлж байгаа 36 хүн байгаа. Мөн нийт халдвар тээгчдийн 18 нь эмэгтэйчүүд байгаа юм. Эдгээрээс таван эмэгтэй жирэмсэлж,  амаржсан. Хүүхдүүд нь эрүүл мэнд өсөн бойжиж байгаа.

-Эхээс урагт халдварладаг биш билүү?

-Эхээс урагт ХДХВ халдварлах эрсдэл нь 30 хувьтай байдаг. Энэ хувийг багасгах аргууд байна. Жирэмсэн эх ханиад томуунаас эхлээд халдварт өвчин тусахгүй байх, байнга эмчийн хяналтад байх, эхээс хүүхдэд вирус халдварлуулдаггүй эм уух, мөн хийсвэр хагалгаагаар хүүхдийг төрүүлэх, төрсний дараа эхийн хөхийг хөхүүлэхгүй тэжээх гэх мэт арга хэмжээ авдаг.

                                    Д.Жаргалсүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж