Тэгвэл цаашид яах вэ? Нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж үе үе нефтийн бүтээгдэхүүний үнээ өсгөж, ард түмнийг чирэгдүүлсээр байх уу. Ямар ч байсан УИХ-аас Газрын тосны талаар баримтлах төрийн бодлогыг батлан гаргасан. Бодлогод газрын тосны ордоо түшиглэн төрийн оролцоотой боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгажээ. Бодлогыг оролцогчид дэмжиж байгаагийн зэрэгцээ гол нь үндэсний аж ахуйн нэгжүүд нь газрын тосны боловсруулах үйлдвэрийг байгуулах нь чухал гэж үзлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга П.Сарангэрэлийн тайлбарласнаар Монгол Улсын түүхий нефтийн тогтоогдсон нөөц хангалттай биш аж. Тиймээс газрын тосны нөөцийг тогтоох чиглэлээр эрчимтэй ажиллах бодлогыг салбарын яамнаас барьж буй гэнэ. Одоогоор энэ чиглэлээр 14 компани 18 газарт хайгуул хийж буй аж. Үүнээс хоёр газарт түүхий нефтийн нөөц тогтоогдсон. Эхнийх нь Дорнодын 19 дүгээр талбай, 196 сая тонн түүхий нефть байна гэдэг тоо гарсан ч үүнээс ашиглах боломжтой нь ердөө 2 сая тонн аж. Зүүн баянгийн ордоос тойм нөөц 20 сая гэж тогтоогдсон ч ашиглах боломжтой нөөц нь 2 сая гэж гарчээ. Тийм учраас төрөөс дан ганц боловсруулах үйлдвэрлэлийн төлөвлөлт хийгээд ирээдүйгээ тодорхойлох нь бэрхшээлтэй, мөн л түүхий эдийн хомсдолд орж мэдэх талтай. Тиймээс Дархан-Уул аймагт Японы хөрөнгө оруулалттай газрын тосны үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжиж буй юм байна. Учир нь тус үйлдвэр түүхий нефтээ ОХУ-аас импортолно. Жилдээ 2 сая тон түүхий тос боловсруулж бүс нутгаа хангах төлөвлөгөөтэй. Хөрөнгө оруулалтад 600 орчим сая доллар шаардаж буй бөгөөд үүнийгээ таван жилийн дотор нөхөх аж. Энэхүү үйлдвэрийг барьж байгуулах ажилд төр шуурхайлж, дэмжлэг үзүүлэх нь чухал байна гэдэг саналыг энэ үеэр Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Содном өгсөн юм. Учир нь түүхий нефтийг зах зээлийн үнээр аваад байх бололцоотой. Ер нь Монгол Улсын хувьд бүс нутгаа хангах хэд, хэдэн жижиг үйлдвэрийг барихаар төлөвлөсөн нь, гол нь түүхий нефтийн нөөцтэйгээ холбоотой байгаа тухай албаныхан мөн онцолж байна. Учир нь БНСУ зэрэг орнууд жилд 150 сая тонн түүхий нефть боловсруулдаг үйлдвэртэй байхад манайх энэ жишгээр үйлдвэр байгуулах бололцоогүй. Шалтгаан нь түүхий нефтийн нөөц тийм ч хангалттай биш байгаатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс нүүрсний арвин их нөөцтэй орны хувьд түүнээс шингэн түлш гаргах, хий гаргах аргад суралцах нь чухал аж. Үүнд хүрэхэд таваас зургаан жил шаардана. Мөн боловсон хүчнээ сургах бэлтгэх, техник технологио суурилуулах гээд бүтээн байгуулалтын томоохон ажил шаардах болох ч үүн рүү тэмүүлэх ёстой гэсэн саналыг оролцогчид хэллээ. Мөн тэд энэ саналыг дэвшүүлэхдээ гол нь монголчууд өөрсдөө энэ ажлыг хийх ёстой гж үзэж байна. Тодруулж хэлбэл, дотоодынхоо газрын тосны нөөцөд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэртэй байхын зэрэгцээ гадаадаас түүхий нефтээ оруулж ирэн боловсруулдаг үйлдвэртэй болчихвол Монгол Улсын хувьд ганц улсаас 100 хувь шахам хараат байдаг байдал хязгаарлагдана гэж үзэж байна.
Харин дээрх үйлдвэрүүд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлтэл яах вэ. Энэ болтол ОХУ, Хятад улсаас нефтийн бүтээгдэхүүнээ импортолно. Хомсдол үүсгэхгүйн тулд төр өөрийн гэсэн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх шаардлагатай. Одоогоор төрд өөрийн гэсэн агуулах сав байдаггүй тул хувийн хэвшлийн агуулах савыг түшиглэн нефтийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Эхний ээлжинд нефтийн нөөц бүрдүүлэхэд зориулж УИХ-аас таван тэрбум төгрөгийг төсөвлөж өгсөн ч энэ нь ердөө хоёр хоногийн нөөц бүрдүүлэхэд хүрэлцэх хөрөнгө аж. Тиймээс төрийн мэдлийн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд УИХ анхаарч төсөв хөрөнгийг тавьж өгөх. Нөгөө талдаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх бүрийд Засгийн газраас нефть импортлогч нарт татварын хөнгөлөлт үзүүлж ирсэн. Ингэснээр Гаалийн болоод Онцгой албан татварыг нефтийн бүтээгдэхүүнд оногдуулахгүй болжээ. Хэрвээ төр НӨАТ-ын хөнгөлөлтөө 0 болгох юм бол одоо дахин үнэ өсөхөд зохицуулах механизмгүй болох аж. Тиймээс уул уурхайн компаниуд нийт нефтийн бүтээгдэхүүний 60 хувийг ашиглаж байгаа нөхцөлд энэ талд ирж буй хэрэглээг татвараас хөнгөлөхгүй байх чиглэлийн бодлогыг төр барих ёстой гэх санаа ч энэ үеэр мөн цухалзлаа.