Морь унасан мянгат эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Морь унасан мянгат эмэгтэй

Энэ гарчгийг харсан уншигч, ялангуяа хот орныхон гайхна биз. Малчин хүн морио уналгүй яадгийм, өөр юү унах юм гэлцэнэ дээ. Үгүй ээ, малчид морь, тэмээгээ унахаа бараг больсон ш дээ. Эрчүүл, хүүхнүүд, тэр ч бүү хэл хүүхэд багачууд цөм бодоо ч, богоо ч мотоциклиор хариулж байгаа. Бүр бэл бэнчинтэй зарим нь “Хонины хүн даарна” гээд жижиг оврын машин авчихсан хонио машинаар хариулж байгааг яахав. Энэ бол хэтрүүлэг биш. Гэхдээ уул бартаагүй говь, талын малчдын унаа ийнхүү техникийн дэвшлээр солигдоо биз. Энэ тухай үл өгүүлэн цааш өгүүлэх ину:

Хаврын зэвэргэн өдөр багцаалвал мянгаад хонины захаар хоньчин нь бололтой нэгэн морьтон яваа нь аян замын бидний сонирхол татав.  Зориуд очиж уулзвал жар гаруй насны эмэгтэй байлаа. Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин  Бадамын Пүрвээ гэж энэ эмэгтэй:

-Өө, одоо ч мориор хониндоо явдаг малчин манай энэ хавьд л лав надаас өөр байхгүй дээ. “Журд” унаад л пажигнуулаад байх нь тэр. Ажил амжуулах нь хурдан түргэн, биенд амар байдаг л биз. Богино хөлийн малын хариулгад тохиромжтой унаа биш санагддаг юмаа гэж тэр ярьлаа.

Одоогоос арван таван жилийн өмнө анх малаа мянга хүргэн тоолуулсан гэнэ. Тэр үед хоёр охинтойгоо гурвуулхан мянган малаа онд оруулах хүндхэн ажлыг үүрч явж. Хатуу хахир өвөл ч олон таарч. Гэхдээ барьц алдаагүй гэнэ. Охид нь нас биед хүрч айл гэр болж тусгаарлаад Пүрвээ ганцаараа үлдсэн ч малаас халширсангүй. Мянгатаа олон жил хадгалсан. Хүүхдүүддээ дөрөв, таван зуугаар нь тасалж өрх тусгаарласан ч гэлээ эднийх одоо есөн зуу гаруй малтай хаваржиж байна.  Охин Энхжаргал нь энэ жил сумын сайн малчин цол дөнгөж хүртээд байна. Охиных нь  Бат-Аваргынх гэж сайхан айл сумандаа өрх бүл нэмсэн юм байна. Мэдээж  сумын сайн малчных ч мянган мал тоолуулах өдөр холгүй аж.  Охин Отгонжаргал нь ч бас нэг өрх айл болоод сумандаа нэртэй малчны эгнээнд явна.

Б.Пүрвээтэй мал маллагааны арга ажиллагаа, амьдралын нь талаар ярилцлаа.

-Мянган малын дунд ганцаараа ингээд ажиллана гэхэд хэцүү биш үү?

-Сурчихсан юм даа. Хүүхдүүдийнтэй айл аймаг байна гэхээр мал нэг хотонд багталцахгүй.  Миний хувьд энэ олон малтай нүүдэл суудал хийгээд явна гэвэл чадал хүрэхгүй. Тийм болохоор өвөлжөө, хаваржааныхаа хашаа хороог л торддог юм. Сайн хашаатай, сайхан бууцтай байхад ямар ч зудыг даваад л гарах юм даа. 2010 онд айхтар зуд болсон. Манайх нүүгээгүй. Нэг л ямааг яаж ч чадалгүй нүд аниулснаас өөр хохирол үзээгүй, тэр жил.  Хавийн айл тэр жил бараг төл аваагүй. Харин манайх хамгийн олон ишигтэй нь байсан шүү. Би мөнгө л байвал хашаа хороо худалдаж авдаг юм. Ойрхны чандмань гурван хороог өөрийн болгосон. Гайгүй хашаатай бууц гэхэд л гурван саяар авсан л даа. Гэхдээ малаа бүрэн аваад гарчихаж байгаа болохоор түүнд харамсах юү байхав. Хашаан хороондоо сэлгэж хотлуулж байгаад л өвлийг давдаг.

-Таны хонины унаа ердөө л морь уу?

-Тэгнээ. Цагийн хатууд тэмээ сайн унаа. Морь, тэмээнээс өөр юү унах вэ дээ. Одоо нас 64 гарчихлаа. Залууд ч морь, тэмээнээс өөр унаа байсан биш. Малчин хүнд мал нь л жинхэнэ тохирсон унаа байж таарна. 

-Малаа тэжээнэ байз?

-Цаг хатуурахаас өмнө доод талаас нь тэжээж эхэлдэг. Агь, таана түүж нөөцөлдөг, зун намартаа. Хониноосоо салдаггүй болохоор хонио хариулангаа л нэг хоёр шуудайгаар нь түүгээд бэлдчихдэг юм. Өвс, хивэг худалдаж авахад мөнгө хайрладаггүй. Гэхдээ жилд зуун боодол өвс, тэгээд багсармал, хивэг байхад болдог юмаа.  Хүйтэнд малаа сайн услах хэрэгтэй юм билээ.

-Мал дандаа бог уу?

-Ер нь нэг хотонд мал малын зах байвал сайн. Хороо, хашаандаа бог нь, хормойгоор нь үхэр, тэмээгээ хотлуулдаг нь малчин айл бүрийн уламжлал л даа. Манайх хүүхдүүдийнх нийлээд зуугаад үхэртэй. Гэхдээ би ганцаар болохоор хэд хэдэн төрлийн мал адгуулж яаж бие хүрэх билээ.

-Хашаа хороогоор их торддог гэж ярьлаа, яаж?

-Худаг дээрээ байшин барьсан. Өвөлжин тэнд малаа усладаг. Хөлдөөчихвөл мань мэт нь цоолж хүч хүрэхгүй. Хашааныхаа хоёр талд чулуугаар далавчин хороо бариад авсан. Инэгэхээр мал шахцалдахгүй, дарагдахгүй. Худалдаж авсан хороонуудаа зунжин, намаржин торддог. Хүний гар байнга  хүрээд байхаар өөр.

-Мянгатууд чинь цөөн малтай айлд тусалж дэмжих… гээд их нөлөөтэй байдаг даа?

-Ганц бие би тусалж дэмжээд юү болохов. Хэдэн хүүхдээ амьдралаа хүрэлцэх, цааш нь өсгөж үржүүлээд явах  тооны малтай гаргалаа. Сум орны наадам болохоор нас, насны морьдын бай шагналыг 400-500 мягнган төгрөгөөр байлдаг.  Мөнгө төгрөгөөр л гэхээс биеийн хүчээр тус нэмэр болох юм юү байхав дээ, миний хувьд.

-Аймаг, сумандаа нэртэй малчин эмэгтэйн хувьд сайшаал шагнал хүртэж, хурал зөвлөгөөнд зөндөө л явсан байлгүй?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2010 онд болсон  мянгат малчдын зөвлөгөөнд оролцсон. Аймгийн мянгат малчин эмэгтэйчүүдийн чуулганд ч ерээд оны сүүлээр охинтойгоо очиж байлаа. Нэгдэлд байх үед “Энх сүрэгтэй” “Аварга” гээд л цол хэргэм өгдөг л байсан. “Их засаг” сургуулийн захирал Н.Ням-Осор “Малчны алдар” одонгоо над өөрөө зүүж өгсөн. Аймаг ч “Хүндэт тэмдэг”-ээ өгсөн байдаг юм. Охин маань энэ жил сумын сайн малчин боллоо.

Пүрвээ бидний хооронд ийм яриа болоо. Сүүлийн хориод жил Пүрвээгийн өсгөн үржүүлсэн мал сүргийн тоо хэдэн мянгаар тоологдох нь. Малын олноос халширдаггүй, малчин заяанаасаа урвадаггүй ийм нэгэн эмэгтэй 65 насны сүүдэр зооглосон ч сэтгэлээрээ залуу, хийж бүтээх, мал сүргээ өсгөн үржүүлэх дэврүүн их хүсэл мөрөөдөлтэй, түүнээ гүйцэлдүүлж яваа аж. Харин энэ мэт хөдөлмөрч хүний гавьяа зүтгэлийг төр засагт хүргэж үнэлүүлэх талаар орон нутаг, хүний төлөө гэсэн сайхан уриа лоозонтой төрийн бус байгууллагууд анхааралдаа аваасай гэж бодогдлоо.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж