“Зайлшгүй шаардлагаар талхны үнийг нэмлээ”

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

“Зайлшгүй шаардлагаар талхны үнийг нэмлээ”

“Талх чихэр” ХК гуравдугаар сарын 1-нээс эхлэн зүсмэл талхнуудын үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Гэхдээ тус компанийн үйлдвэрлэдэг нарийн боовны үнэд өөрчлөлт ороогүй юм. Гурилан бүтээгдэхүүний түүхий эд болон шатахууны үнэд өөрчлөлт ороогүй байхад талхны үнээ нэмсэн тухайд Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас шалгалт хийхээр болсон билээ. Талхны үнээ нэмсэн үндэслэлийн талаар тус компанийн зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийв.

“Талх чихэр” ХК 2005 оноос эхлэн зүсмэл талх зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд 2006 оноос шинэ нэр төрлийн талх үйлдвэрлэх болсон байна. Ингэхдээ гадаадын стандартад нийцсэн тоног төхөөрөмж оруулж ирэн, ашиглалтад оруулжээ. Талхны үнийг нэмэх болсон шалтгааныг хүн хүчний бололцоо болон үйлдвэрлэлтийн, түүхий эдийн буюу шатахууны зардалтай холбон тайлбарлаж байна.

Энэ талаар “Талх чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батцоожоос тодрууллаа.

-Талхны үнийг нэмэх болсон шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?

-Манай компани нийт 16 нэр төрлийн талх үйлдвэрлэж байна. Үүнээс хүний биед ээлтэй, шинэ технологийн дөрвөн зүссэн талхны үнэд 50-100 төгрөг нэмж, өөрчлөлт орууллаа.  Ер нь өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг тэр дор нь нэмж болдоггүй юм. Тухайн жилийнхээ эдийн засгийн үзүүлэлт, жилдээ тооцож, үнэ ханшиндаа өөрчлөлт оруулдаг. Тээврийн зардал буюу борлуулалтын машины зардлын үнийг тооцоход бодит ашигтаа хангалттай хүрч чадаагүй байсаар өдийг хүрсэн юм. Бид бодит зардлаа нөхөх хэрэгцээ шаардлага оны өмнөөс илүүтэй мэдрэгдэж эхэлсэн. Гэсэн хэдий ч он гарсаны дараахан шатахууны үнийн өсөлтийн улмаас бий болсон хямралын үеийг өнгөрөөсөн. Тоног төхөөрөмжийн хувьд  2005 оноос хойш 20-иод сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүхэнд зээл авсан байгаа. Тэрхүү зээлээ төлөх хэрэгтэй. Зээлийг төлөхөд ам.долларын ханшийн хэлбэлзэл ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин нарийн боовны үнэд өөрчлөлт оруулахгүй.

-Үнээ нэмсэн шалтгааныг компанийн бодит зардлыг нөхөхийн тулд  гэж тайлбарлаж байна. Тэгвэл ажилчдын цалин нэмэгдсэн үү?

-Одоогоор ажилтнуудынхаа цалинг нэмэа бололцоо хомс байна. Өмнө байгаа зардлаа нөхөхийг зорьж байна. 

-Түлш, шатахууны үнэ нэмэгдсэн нь энэ үнэд шингэсэн үү?

-Ер нь бол шингэсэн л дээ. Гэвч шатахуун үнэд орж байх үед буюу нэг, хоёрдугаар сард талхны үнэ нэмэх асуудлыг гаргаж ирсэнгүй. Томоохон үйлдвэрлэгч нар гэнэтийн ийм шийдэлд хүрдэггүй юм.  Тухайн жилийн зах зээл, эдийн засгийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргадаг. Өнөөгийн зах зээлийн нөхцөл бололцоо хэр байгаа билээ, бусад зардал хэр байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор үнийн хэлбэлзэл хувьсдаг.

-Иргэдээс санал гомдол хэр их ирж байна?

-Гомдол санал нээх ирээгүй, ард иргэд ойлгож байгаа байх. Талх хийх дамжлага, хүн хүчний асуудал байдгийг түрүүн дурдсан.

-Талхны үнэ цаашид буух боломж бий юу?

-Боломж бий. Түүхий эдийн үнэ ханш тодорхой хэмжээгээр буюу үйлдвэрлэгч бид нар бодит зардлаа нөхөх хэмжээнд буурвал талх ч гэхгүй, гурилан бүтээгдэхүүний үнэ буух боломж бий. Эдийн засгийн байдал энэ хэвээр байвал түүхий эдийн үнэ өртөг энэ хэвээрээ байвал буухгүй л дээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж