Түүхэн жүжгээр амьсгалсан “Гэгээн муза” айсуй

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Түүхэн жүжгээр амьсгалсан “Гэгээн муза” айсуй

Монголын театрын урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын тайзнаа жил бүрийн гуравдугаар сарын 27-нд буюу Олон Улсын театрын өдөр “Гэгээн муза” наадам болдог. Энэ жил ес дэх жилтэйгээ учран золгож буй тус наадамд 2011 онд шинээр мэндэлж, үзэгчдийн хүртээл болсон 11 уран бүтээл драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд өрсөлдөх юм. “Гэгээн муза-2011” наадам зохион байгуулагчдын нэг, “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв”-ийн гүйцэтгэх захирал , Гавьяат жүжигчин С.Сарантуяагаас наадмын талаар тодрууллаа.

-“Гэгээн муза” наадам удахгүй болох гэж байна. Энэ жилийн наадмын бэлтгэл ажил хэр өрнөж байна?

-Олон улсын театрын өдөр гуравдугаар сарын 27-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан бид театрын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадмыг зохион байгуулдаг уламжлал бий болгоод байна. “Гэгээн муза” наадмын бэлтгэл ажил хоёр үе шаттайгаар явагддаг. Нэгдүгээр үе шат ерөнхийдөө дуусчихсан. Үүнд, тухайн жилд хийгдсэн төвийн болоод орон нутгийн театр, продакшнуудын бичсэн шинэ бүтээлүүдийн мэдээллүүдийг авдаг. Үүний дагуу комисс маань очиж үзэн тэндээс ямар уран бүтээлч, уран бүтээл, ямар төрөлд нэр дэвших вэ гэдгийг шийддэг байгаа. Нэгдүгээр үе шат явагдаад “Гэгээн муза-2011” наадамд нийт 11 бүтээл өрсөлдөхөөр болж байна.

-“Гэгээн муза-2011” наадмын онцлог юу вэ?

-Энэ жилийн наадамд голдуу түүхэн бүтээлүүд оролцож байна. Энэ жил олон түүхт ой тохиосон учир түүхэн бүтээл цөөнгүй бий. Дуулалт жүжгийн хувьд нэр дэвшсэн гурван бүтээл бүгд түүхэн сэдэвт байгаа бол драмын жүжиг ч ялгаагүй дийлэнх нь түүхэн сэдвийн жүжгүүд байна. Энэ жилийн наадмын онцлог бол түүхэн жүжгээр амьсгалсан наадам боллоо гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна.

-Орон нутгийн уран бүтээлчдийн тухайд?

-Орон нутгийн театраас дуулалт жүжгийн төрөлд гурван бүтээл орж байна. Дундговь аймгийн хөгжимт драмын театр “Жанжин арслан”, С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн театр “Арван тавны сар”, Говьсүмбэр аймгийн уран бүтээлчид “Боржгон  цэцэн” гэсэн дуулалт жүжгүүдээр оролцохоор болж байна. Хоёр дахь төрөл болох “Хүүхдийн жүжгийн төрөл”-д Дундговь аймгийн театр болон Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өрсөлдөнө. Улсын хүүхэлдэйн театр анх удаа хүүхдийн жүжгээр оролцож байгаа. Түүнчлэн хамгийн залуу уран бүтээлчид гэж болох СУИС-ийг төгссөн оюутнууд “Гачуурхан” уран бүтээлийн нэгдэл байгуулж, “Алтантүлхүүр” жүжгээрээ оролцох байна. Залуу үеийнхэн аль ч салбарт хүч түрэн орж ирж буйн илрэл энэ болов уу.

Гурав дахь төрөл буюу драмын төрөлд таван уран бүтээл нэр дэвшсэн. Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр Б.Лхагвасүрэнгийн “Маргаашгүй хаан” драмын жүжгээр орж байгаа. Мөн хамгийн залуу театр болох “Мөрөөдлийн театр” “Миний нууц хүү” жүжгээр болон манай УДЭТ-аас энэ онд хийгдсэн гурван бүтээл орж байгаа. Үүнд “Домогт Ану хатан”, “Оролмаа эх”, “Тэнгэрийн хүү” гэсэн нийт таван бүтээл нэр дэвшээд байна.

-Номинациудын хувьд?

-Нийт гурван төрөл тус бүр дээр шилдэг жүжгийн зохиол, шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр гэсэн найман номинацид уран бүтээлчид өрсөлдөнө.

-Нэр дэвшигчдийг хэдийд зарлах вэ?

-Ирэх баасан гариг буюу гуравдугаар сарын 9-нд УДЭТ-т 12.00 цагт “Гэгээн муза-2011” наадмын хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр наадмын нэр дэвшигчдийг албан ёсоор зарлана. Би өөрөө “Гэгээн муза-2011” наадамд нэр дэвшин оролцож байгаа учраас комиссын ажилд оролцохгүй байгаа. Комиссын зүгээс урьдчилан гаргасан нэр дэвшигчдийг харж байхад “шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн номинацид 7-8 жүжигчин нэр дэвшсэн байна лээ. Тэдний нэг нь л цомын эзэн болно. Үүний тулд нэлээд нарийн шүүлтүүрээр олон талаас нь харж байж сонгох байх гэж бодож байна.

-Таны хувьд “Оролмаа эх” жүжгийн Оролмаа эхийн дүрээр нэр дэвшиж байгаа юу?

-Би театрын шинэ бүтээл болох “Домогт Ану хатан” жүжгийн Юмагс хатан болон Оролмаа эх жүжгийн Оролмаа эхийн дүр дээр ажилласан байгаа. Эдгээр дүрүүд маань нэр дэвшилтэд тэнцэж шалгарсан байна лээ. Уран бүтээлч хүний хувьд би баяртай байгаа. Наадамд нэр дэвшинэ гэдэг тухайн уран бүтээлчийн хийж бүтээсэн ажлын үр дүн, нэр хүндийн асуудал. Хэчнээн юм хийчихээд нэр дэвшихгүй байвал “За, би чинь юу билээ” гэж бодно шүү дээ. Заавал “Гэгээн муза” наадмаас цом авахдаа гол нь биш, нэр дэвшинэ гэдэг хамгийн том нэр хүндийн асуудал. Зүгээр нэг хэдэн хүн сууж байгаад нэр дэвших асуудлыг гаргачихдаггүй. Комисс гарч, нарийн шүүлтүүрээр шүүж гаргадаг. Энэ жил нийт 60 гаруй уран бүтээлч нэр дэвшсэн байгаа нь өнгөрсөн жилийнхээс ахисан тоо харагдаж байсан. Үүгээр уран бүтээлчдийн мэргэжилдээ хандах хандлага жил ирэх тусам хүмүүст мэдрэгдэж байна гэдэг нь харагдаж байгаа байх аа. “Гэгээн муза” наадмыг театрын дэргэдэх “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” гээд ТББ анх санаачлан зохион байгуулсаар ирсэн. ТББ-ын хийж байгаа үйл ажиллагааг байнгын хандив туслалцаа, дэмжлэгээр хийж ирсэн. Энэ удаагийн наадмыг маань үндэсний үйлдвэрлэгч “Власт” ХК, “Гацуурт”  ХК, “Баясах трэйд”, соёл урлагийг дэмжтигч “Төгөлдөр” сан гэх мэт олон байгууллага хамтран ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн ивээн тэтгэлэг, дэмжлэгээр уран бүтээлч бидний бүтэн жилийн ажил дүгнэгдэж, үзэгч түмэнд хүрдэг юм. Тиймээс уран бүтээлчдийнхээ өмнөөс хамтран ажиллаж байгаа байгууллагуудад маш их баярлалаа гэж хэлэх байна.

 “Гэгээн муза-2011” наадмын эзнээр хэн тодрох бол оо. Сэтгэлд догдлуулсан торгон агшинг хүлээх л үлдлээ. Тус наадамд нэр дэвшсэн бүх уран бүтээлчдэдээ амжилт хүсье.

“Гэгээн муза” наадмын шилдгээр тодорч байсан бүтээлүүдийг танилцуулъя.

  •  2003 онд “Хувьсал” продакшны бүтээл, С.Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг”
  •  2004 онд УДЭТ-ын бүтээл Д.Равжаагийн зохиол “Саран хөхөө”
  •   2005 онд УДЭТ-ын бүтээл Ц.Балдоржийн зохиол “Шөнө амталсан нулимс”
  •  2006 онд УДЭТ-ын бүтээл Б.Лхагвасүрэнгийн зохиол “Атга нөж”
  •  2007 онд УДЭТ-ын бүтээл С.Жаргалсайханы зохиол “Нууц амраг чинь болъё”
  •  2008 онд УДЭТ-ын бүтээл Софоклын зохиол “Эдип”
  •  2009 онд УДЭТ-ын бүтээл В.Хюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” мюзикл
  • 2010 онд Төв аймгийн “Монгол туургатан” театрын “Хязгааргүй” моно опера гран-при шагналыг тус тус хүртэж байжээ.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж