Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хүн эмнэлгийн уурын зуух өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр дэлбэрчээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Өдрийн цагт гарсан ослын улмаас эмнэлгээр эмчлүүлээд харьж явсан нэг айлын эхнэр, нөхөр хоёр гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийн хоёр давхар байр шинээр ашиглалтад орсон боловч халаалт зогссон тул яаралтай арга хэмжээ авч хэвтэж эмчлүүлж байсан өвчтнүүдийг хуучин байранд шилжүүлжээ. Аймгаас холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг томилж, ослын шалтгааныг тогтоох, хохирлыг арилгаж, эмнэлгийн хэвийн ажиллагааг хангах шуурхай арга хэмжээ авч байна хэмээн Ногооннуур сумын Засаг дарга А.Авшукир ярьсан байна.
Э.Саруул