Танилц: Шинэ Canon 5D – Mark III

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Танилц: Шинэ Canon 5D – Mark III

Canon алдарт загварынхаа үргэлжлэл болох EOS 5D Mark III-ыг толилууллаа. Шинэ толин аппарат бодит хэмжээ нь бараг 35 мм-ийн кино хальсны хэмжээтэй дүйх CMOS мэдрэгчтэй (сенсор, 24 х 36 мм) юм. Мэдрэгчийн нягтшил нь 22,3 мегапиксель (5760 х 3840).

Шинэ загварт Digic 5+ процессорыг суурилуулсан нь өмнөх EOS 5D Mark II загварт байсан Digic 4 процессороос бүтээмж нь 17 дахин илүү гэж Canon-ыхан баталж байна.

Камерын видео хайгч нь кадрын хэмжээг 100 хувь хамарч байна (EOS 5D Mark II 98 хувийн үзүүлэлттэй). Live View систем нь видео хайгчийн үүргээр 3,2 ямхын шингэн КД-ийг ашиглах боломж олгоно. 61 цэгээр фокуслаж, 63 цэгээр гэрлийн хэмжилт хийх чадвартай.

Түргэвчилсэн зургийн горимд EOS 5D Mark III секундэнд 6 зураг хийх бөгөөд гэрлийн мэдрэмжийн цараа нь ISO шаталбараар 100 – 25600 нэгжийн хооронд байна. Ингэхдээ ISO 25600 горим дахь “шуугиан” EOS 5D Mark II-ын ISO 6500 горимынхтой бараг ижил гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Өмнөх загварынхаа адилаар шинэ аппарат 1080p горимын видео бичих чадвартай. Камерт дуу бичих зориулалтаар стерео микрофон залгаж болно. Мөн чихэвчний гаралттай. Авсан материалаа SD юм уу CompactFlash картанд хадгалах юм.

EOS 5D Mark III энэ сарын сүүлчээр худалдаанд гарах гэж байна. Аппарат дурангүйгээрээ 3499 америк долларын үнэтэй байх юм. Стандарт буюу L серийн 24-105-ын, F4-төй дурантайгаа бол үнэ нь 4299 долларт хүрэх юм байна.

Canon шинэ загвартаа зориулж гэрэл цацруулагч, хэт улаан туяаны дамжуулагч, GPS хүлээн авагч, Wi-Fi модуль зэрэг нэмэлт төхөөрөмжүүдийг мөн гаргах юм.

EOS 5D Mark III загвар нь 2008 онд гарсан EOS 5D Mark II загварыг халах бөгөөд энэ сард мөн Canon-ы “толгой” загвар болох Canon – EOS-1D X загвар худалдаанд гарна. 2 ширхэг Digic 5+ процессортой, секундэд 12 зураг авдаг, 18,1 мегапикселийн бүтэн кадрын мэдрэгч гээд олон хувьсгалч үзүүлэлттэй энэ камерын дурангүй хувилбар нь 6800 доллараар зарагдах юм.


Эх сурвалж: canon.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж