Интернет хэрэглэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Интернет хэрэглэгчдийн тоо 2,5 дахин нэмэгджээ

Монголын хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан “Мэдээллийн хэргэслийн ашиглалт” судалгаагаар уламжлалт мэдээллийн хэрэгслийн ашиглалт буурах хандлагатай болж, интернэтийн хэрэглээ өссөн  дүн  гарлаа. Интернэт тогтмол хэрэглэгчдийн тоо 30 гаруй хувьд хүрч,  хамгийн хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл болох телевизийн араас орж буй нь иргэд сонин уншиж, радио сонсохоос илүү интернэтийг ашиглах нь түгээмэл болсныг харуулсан байна. 2007 оноос хойш интернэт хэрэглэгчийн тоо 2.5 дахин өсчээ. Интернэт хэрэглэгчийн тоо хоёр жилийн өмнө нийслэл хотод 11 хувьтай, хөдөө 9.3 хувьтай байсан бол энэ  онд нийслэлд 35 хувь, хөдөөд 26 хувь болж өсчээ. Мөн иргэдийн мэдээлэл авдаг хамгийн гол эх сурвалжид интернэт тооцогдох болсон бол радио сонсогчдын тоо буурсан байна. Интернэт хэрэглэгчдийн хамгийн их мэдээлэл авдаг цахим хаягт  news.mn, gogo.mn,  olloo.mn,  zaluu.com  мэдээллийн сайтууд багтжээ. Мөн хотынхны хувьд banjig.net , хөдөөнийхөн  caak.mn сайтыг ашиглах нь цөөнгүй болох нь судалгаагаар харагджээ.
Уламжлалт мэдээллийн хэрэгслээс телевиз, өдөр тутмын сонин, радио, 7,14  хоног тутмын сэтгүүлийн хэрэглэгчдийн тоо цөөрч буй хандлага судалгааны дүнгээс ажиглагдсан байна. Үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг өргөн нэвтрүүлгийн зургаан  телевизээс МҮОН-ийн телевтз хамгийн хүртээмжтэй телевизэд тооцогджээ. Харин өдрийн хүртээмжээр хөдөөд  Боловсрол суваг 53.1 хувиар, хотод ТВ5 телевиз 54 хувиар, долоо хоногийн хүртээмжээр хөдөөд  МН25 суваг телевиз 72.7 хувиар, хотод ТВ5 телевиз 76.5 хувиар МҮОНТ-ийн араас удаалжээ.
Сонин уншигчдын хувьд хөдөө шар сонин, хотод өдөр тутмын сонин илүү хүртээмжтэй байна. Судалгааны дүнгээс дурьдвал, хотод “Өдрийн сонин” 20.8 хувь, “Өнөөдөр” 15.8 хувь, “Зууны мэдээ” 10.1 хувь, “Сэрүүлэг” 9.8 хувь, “Ардын эрх”  таван  хувьтай байхад хөдөө “Өдрийн сонин” 20.9 хувь, “Хүмүүс” 11.8 хувь, “Сэрүүлэг” 10.6 хувь, “Хань” 10.3 хувь, “Зууны мэдээ” 9.4 хувьтай байв. Энэхүү судалгаа нийслэл Улаанбатар хот болон Ховд, Хөвсгөл, Орхон, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай аймгийн 1200 хүнээс квотын аргаар түүвэрлэн авсан байна.


2009 оны 12 сарын 26 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж