Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өчигдөр гурван асуудлыг авч хэлэлцсэний дотор Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтжээ. Тус бүлэг энэхүү хуулийн төслийг хэлэлцээд “Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй” гэсэн шийдэлд хүрсэн байна. Уг нь энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнө нь олонхийн бүлэгт “Аймаг, нийслэлийн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулъя, харин дүүрэг болоод сумдын орон нутгийн сонгуулийг ирэх намар буюу аравдугаар сард зохион байгуулъя” гэсэн саналыг хүргээд байсан бөгөөд олонхийн бүлэг “Өмнөхөөсөө ялгаагүй зүйл” гэж үзээд салгаж хийх нь сонгууль будилаантахгүй байх боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ. Мөн орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг салгаж зохион байгуулах хэд, хэдэн шалтгаан байна гэж үзжээ. Бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн тайлбарласнаар бол “Орон нутгийн сонгууль болоход санал авах цаг 22.00 цагт дуусна. Харин УИХ-ын сонгууль болоход санал авах цаг 20.00 цагт дуусгавар болно. Түүнчлэн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх ёстой, зургадугаар сард орон нутгийн сонгууль болохоор бүрэн эрхийн хугацаа нь гүйцээгүй байна. Нөгөө талаас 2008 онд орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөөс санал аваагүй. Мөн хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулах техникийн бололцоо хүний хүчин чадал алга гэж үзжээ. Тиймээс энэ саналаа өнөөдөр УИХ-ын дэд даргын өрөөнд хуралдсан зөвшилцөх ажлын хэсгийн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Энэ асуудлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг одоо 16.00 цагт, мөн МАН-ын бүлэг бас уг цагт хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр дахин ярилцахаар болжээ. Үүний дараа хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг дахин зөвшилцөх юм байна. Тиймээс өнөөдөр 15.00 цагт зарлаад байсан чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдож мэдэх төлөвтэй боллоо.

МАН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж