Монголын сэтгүүл зүйн анхдагчдаар шалгарсан 10 байгууллагыг нэрлэж байна.
- “Монголын үнэн” сонин нь 1921 оны арваннэгдүгээр сарын 10-нд анхны дугаар хэвлэгдэн гарсан цагаас өнөөдрийг хүртэл тогтмол хэвлэгдэж, үндэсний хэмжээнд түгэн тарсан анхдагч сонин болохыг,
- “Монцамэ” агентлаг нь 1921 долдугаар сарын 29-нд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэртэйгээр байгуулагдсан Монголын анхны мэдээллийн агетнлаг болохыг,
- МҮОНР нь 1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон нутагт радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн анхны радио болохыг,
- МҮОНТВ нь 1967 оны есдүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны телевиз болохыг,
- “Арчилал” сонин нь 1990 оны дөрөвдүгээр сарын 8-нд анхны дугаар нь хэвлэгдэж, Монгол Улсад чөлөөт ардчилсан хэвлэл хөгжих үндэс суурь болсныг,
- “Шуурхай зар” сонин нь 1991 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй анхны зарлан мэдээлэх чөлөөт хэвлэл болохыг,
- “Өнөөдөр” сонин нь 1996 оны есдүгээр сарын 29-нд анхны дугаараа гаргаснаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа анхны өдөр тутмын хувийн чөлөөт хэвлэл болохыг,
- “25 дугаар суваг” телевиз нь 1996 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс нэвтрүүлгээ цацаж эхэлсэн Монголын анхны хувийн чөлөөт хэвлэл болохыг,
- “Өдрийн сонин” нь олон жилийн турш хамгийн олон уншигчтай, өдөр тутмын сонин байхын зэрэгцээ 2002 онд Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа хүний эрхийг хөхиүлэн дэмжих сонин хэмээн өргөмжлөгдсөн анхны сонин болохыг,
- “News” агентлаг нь 2007 оноос IT-ийн шинэлэг ололтод түшиглэн мэдээ, мэдээллийг хил хязгааргүй, шуурхай түгээж байгаа анхны хувийн чөлөөт мэдээллийн агентлаг болохыг тус тус нотолсон сэтгүүл зүйн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн дээрх 10 хэвлэл, мэдээллийн байгууллагыг Монголын сэтгүүл зүйн анхдагч хэмээн батламжиллаа.
Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай уулзлаа.
-Монголын сэтгүүл зүйн салбарын 99 жилийн ой тохиож байна. Бид түүхэн үеийг хамт туулжээ?
-Монголын сэтгүүл зүйн салбарын эрхэм нөхдөдөө, сэтгүүл зүйг дэмжиж ирсэн бүх хүмүүст баярын мэнд хүргэе. 1913 оноос өмнө Монгол Улсад гадны хэвлэл мэр сэр гарч байсан бол “Шинэ толь” хэмээх сонинг Монголын сэхээтнүүд өөрсдөө анх удаа эрхлэн гаргаж байсан гэдэг утгаараа энэ өдрийг Монголын сэтгүүл зүй мэндэлсэн өдөр гэж үзэж байгаа. Монголын сэтгүүлчдийн эвлэл ууган байгууллагын хувьд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө хүч чадлаа дайчилж байсан хэвлэл мэдээллийн байгууллагыг алдаршуулах зорилгоор 10 байгууллагыг тодрууллаа. Энэ үйл ажиллагаа цаашид уламжлал болон үргэлжилж, сэтгүүл зүйд ямар нэг байдлаар анхдагч байсан бүх байгууллагыг бүртгэн баталгаажуулж, мэдээллийн сан бий болгох зорилго тавьж байна. Ирэх жилийн энэ өдөр тохиох 100 жилийн түүхт ойг утгсан нэг жилийн бүтээлч ажлыг Монголын сэтгүүлчдийн эвлэл нээж байгаа юм.
-99 жилийн өмнө үндэс сууриа тавьсан Монголын сэтгүүл зүйн хөгжлийг дүгнэж хэлбэл?
-99 жилийн түүх гэдэг Монгол Улсын маань 100 жилийн түүх. Энэ хугацаанд ямар замыг туулсан, сэтгүүл зүй мөн адил энэ замналаар хөгжиж ирсэн. Бидэнд үзэл суртлын зэвсэг болж явсан үе байгаа бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ олж авсан үе бий. Бидэнд ардчилал хэвлэлийн эрх чөлөөг шударга замаар олж авсан түүхэн мөч 20 жилийн түүхтэй. Энэ утгаараа сэтгүүл зүйн салбарт олон ололт, амжилт бий. Өнөөдөр эргээд харахад нэг талаар дэлхийн сэтгүүл зүйгээс огт дутахгүй төвшинд хүрсэн, зарим утгаараа учир дутагдалтай тал бий. Сэтгүүл зүй өөрөө хамгийн амьд, хамгийн дайчин салбар учраас үргэлж хөгжил хөдөлгөөнд, үргэлж асуудалтай байдаг. Асуудалтай байна гэдэг нь энэ салбар амьд, өрсөлдөөнтэй байгаагийн илрэл.
-Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсан. Магадгүй өнөөгийн сэтгүүл зүйд шинэчлэл хийх цаг ирсэн юм болов уу?
-Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2002 оноос хойш ухарч явна. Энэ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах асуудал хууль, эрх зүйн талаасаа төгс төгөлдөр бус байгаагийн илрэл гэж хэлж болно. Нөгөө талаас бид ёс зүйн хувьд, мэргэжлийн сэтгүүлчийн ур чадварын хувьд анхаарах зүйлүүд байна. Засч болохгүй балчиг намагт шигдсэн асуудал биш. Бид тал талдаа анхаарч, ажиллаж чадвал эрх чөлөөний индексийн ахиулж чадна. Ялангуяа УИХ-д өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал ихээхэн ахиц гарах болов уу гэж хүлээж байна. Хэрэв хэвлэлийн эрх чөлөөг хааж боосон, хязгаарлалт тавьсан хууль батлагдвал сайн, сайхан ирээдүй хүлээж байна гэж хэлэхэд хэцүү болно. Тийм учраас бүгдээрээ аль, аль талаасаа анхаарч ажиллах нь чухал гэдгийг хэлмээр байна.