Талхны үнэ нэмсэнд шалгалт хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Талхны үнэ нэмсэнд шалгалт хийнэ гэв

“Талх чихэр” ХК-иас сар шинийн баярын дараа зарим нэр төрлийн талхны үнийг 100-150 төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Үйлдвэрлэгчдийн зүгээс талхны үнийн өсөлтийг шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тэд хэрэв шатахууны үнийг бууруулбал бүтээгдэхүүнийхээ үнийг буулгана хэмээн мэдэгдээд байна. Энэ асуудалтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийхээр болсон байна. Энэ тухай тус газрын дарга А.Ариунболдоос тодрууллаа.

-Талхны үнийн өсөлттэй холбогдуулан шалгалт хийхээр болсон байна?

-Талхны үнийн өсөлтийн нөхцөл байдал, шалтгааныг шалгахаар өчигдөр ажлын хэсэг байгууллаа. Энэ долоо хоногт шалгалт хийж, ирэх даваа гариг гэхэд дүгнэлт гарах учиртай. Талхны үнэ нэмсэн нь үндэслэлтэй эсэх талаарх дүгнэлт тэрхүү шалгалтаар л гарна. Одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй.

-Хүнсний бүтээгдэхүүний үнийг хянах аливаа заалт, арга хэмжээ авах зохицуулалт байдаг уу?

-Ер нь эрчим хүч, дэд бүтцийн салбарыг бодвол талх, хүнсний  бүтээгдэхүүний хувьд монополь аж ахуйн нэгж байдаггүй. Талх, хүнсний бүтээгдэхүүний хувьд төр засгаас үнийн хэмжээг зааж, хянадаггүй юм. Түүнчлэн хуулийн заалтад байдаггүй. Тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, төрөөс зохицуулалт хийх арга хэмжээ байдаг.

-Үйлдвэрлэгчдийн зүгээс үнэ нэмсэн тухайгаа шатахууны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж буй. Энэ тухайд албаны зүгээс тайлбар өгөх боломжтой юу?

-Түлш, шатахууны үнэ нэмэгдээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн валютын үнэд судалгаа хийж үзэхэд, нэмэгдээгүй байсан үеийн үнэд буурч очих боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ ажлын хэсгийн дүгнэлт гараагүй үед шууд үндэслэлгүйгээр нэмсэн гэдгийг хэлэх боломжгүй юм.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж