Эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлагатай

Монголын эдийн засгийн чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилж, “Инноваци ба ногоон өсөлт” сэдвийн дор эрчим хүчний асуудлыг хөндлөө.

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар нь 100 мянган айлын орон сууцыг 2016 он гэхэд улсын хэмжээнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ. Энэхүү орон сууцны 75 мянга нь Улаанбаатар хотод баригдах учиртай. Гэвч өдөр ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, тэр хэрээр өнөөгийн Дулааны цахилгаан станцуудын хүчин чадал шавхагдаж буй нөхцөлд 2016 он гэхэд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах явдал нь чухал болж байна.

Ямар ч байсан ТЭЦ-III дулааны станцыг түшиглэн V станц байгуулах ажил эхлээд байгаа. Гэвч энэ нь жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах суурь болж чадахгүй тул 2020 он гэхэд шинээр дахин нэг станц байгуулах шаардлага эрэлт бий болгож буй юм байна. Нөгөө талаас төр дулааны цахилгаан станцуудаа хувьчлах эс бөгөөс Концессын гэрээгээр хувийн хэвшилд ашиглуулахгүйгээр энэ салбарын алдагдал буурахгүй, тэр хэрээр төрд ирэх ачаа жилээс жилд өсөн нэмэгдэх болохыг салбарын сайд нь нефтийн импорттой холбон тайлбарлалаа. Тодорхой жишээ татвал төрийн мэдэлд НИК компани байсан. Тухайн үед жил бүрийн хавар, намарт нефтийн хомсдлын асуудал босч ирдэг байж. Харин НИК компанийг хувьчилснаар мөн нефтийн импортыг хувийн хэвшлийн салбарынхан үүрч явдаг болсноор энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдлын асуудал дээр төр толгой гашилгах бус яаж үнийг хямд байлгах вэ гэдэг зохицуулалт асуудал үүсгэх болсон. Түүний нэгэн адил эрчим хүч, дулаан түгээх станцуудаа төр мэдлээсээ гаргах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, нүүрсний үнийг чөлөөлөх нь чухал. Уг нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад дулааны цахилгаан станцуудад нийлүүлэгдэж буй нүүрсний үнэ өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад үнэ нь хоёр дахин өсчээ. Багануурын нүүрс нэг тонн 21 мянган төгрөг бол Шивээ-Овоогийнх нэг тонн 16 мянган төгрөг. Дөрвөн жилийн өмнө Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн 8000 төгрөгийн үнэтэй байсан. Тиймээс энэ бодлого цаашид үргэлжлэх ёстой. Мөн түүнийг дагуулаад эрчим хүчний үнэ, дулааны үнийг чөлөөлөх шаардлага бий болно. Харин энэ үед төрөөс эцсийн хэрэглэгчдэд очих цахилгаан, дулааны үнэд хөнгөлөлт буюу татаас олгоод эхэлбэл энэ салбар өөрөө аяндаа сэргэх боломжтой гэж Эрдэс баялгийн сайд хэллээ. Өнгөрсөн хугацаанд төр дулааны цахилгаан станцуудад 15 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Одоо тэгвэл энэхүү татаасыг иргэдэд олгож болох гэнэ. Ийм алхам хийхгүй бол эрчим хүчний салбар Монгол Улсын хувьд ямагт алдагдалтай ажиллаж, тэр хэрээр хэрэглэгчдийн нуруун дээр ирэх ачаа улам хүндэрсээр байх аж. Мөн Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ гадаадаас хангах асуудал үүсгэж мэдэх талтай юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж