долоон жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоод дампуурсаар иргэдийг
“хоосолж” орхисон. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд жагсаал цуглаан,
суулт хийж байж төрөөс тал мөнгөө гаргуулсан. Гэтэл Хадгаламж зээлийн
хоршоодын битүүмжилсэн эд хөрөнгө шамшигдаж алга болсон талаар Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газраас Хохирогчдын холбоонд саяхан мэдэгдсэн байна.
Энэ талаар Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэгтэй холбогдож
зарим зүйлийг тодрууллаа.
-Хадгаламж зээлийн хоршоодын битүүмжилсэн гэх их хэмжээний эд хөрөнгө алга болсон гэсэн. Энэ ямар учиртай юм бол?
-Битүүмжилсэн
эд хөрөнгөөс алга болсон нь үнэн. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газраас Хохирогчдын холбоонд албан тоот ирүүлсэн. Уг албан тоотод
битүүмжилсэн эд хөрөнгөөс зарим нь Цагдаагийн битүүмжлэлээс Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газарт шилжих буюу хүлээлгэн өгөх явцад алга болсон
гэсэн. Нарийн ярих юм бол Цагдаагийн битүүмжлэлээс 1.6 тэрбум төгрөгийн
эд зүйлс хулгайд алдагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн
мэдүүлэгт яг алга болсон эд зүйлс юу, юу байсан талаар өгүүлээгүй
байсан. Цаанаа ямар учир шалтгаанаар ийм хариуцлагагүй зүйл болдог юм,
бүү мэд. Битүүмжлэлд байсан хөрөнгө алга болно гэдэг чинь юу гэсэн үг
вэ. Хэрэв 2000-2004 оны УИХ-д одоогийн МАН үнэмлэхүй олонхи болоогүй
бол, МАН-ын засаглалын үед “алдаатай” хууль гаргаагүй бол 10 мянга гаруй
хадгаламж эзэмшигчийн 26 хоршоонд барьцаалсан 72 тэрбум төгрөгийн
хохирол иргэдэд учрахгүй байсан. Энэ бол бидний, ард түмний ясаа цайтал
хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгө. Бидний үр хүүхдийн ирээдүйн баталгаа
байсан. Гэтэл одоо хар л даа. Өнөөдөр бид ядуурлын байдалтай байна.
Бүхэл бүтэн 8000 гаруй хохирогч байна. Ямар ч байсан бид хаврын
чуулганаас өмнө суулт хийхээр төлөвлөж байгаа. Магадгүй энэ сарын
сүүлээр. Үгүй гэхэд ирэх сарын эхний долоо хоногт суулт хийнэ.
Уг
нь бид өөрсдийнхөө мөнгийг л авах гэсэн юм. Түүнээс бусдын хөрөнгө,
мөнгийг хууран мэхэлж авах гээгүй. Төрөөс гуйлга гуйгаагүй гэдгийг
хэлье. Мөн “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо маш олон
газартай. Миний мэдэхийн 10 гаруй байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах
хорооноос шалгалт хийгээд л дампууруулсан байх юм. Үнэндээ бидний
хөрөнгө цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гэсэн гурван газраар ороод алга
болж байна.
-Хохирлын хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгийн үнэ хэрхэн өөрчлөгдөв?
-Цаг
хугацаа өнгөрөх тусам бидний хөрөнгө үнэ цэнээ алдаж байгаа нь
ойлгомжтой. Банкны хүү, үнийн өсөлтөөр тооцвол 70 тэрбум биш 200
тэрбумыг авах ёстой гэсэн тооцоо гарсан. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр
гарсан. Шүүхийн шийдвэрт хичнээн төгрөг гэж заасан яг л төдий хэмжээний
мөнгийг авах ёстой. Тухайн үед 43 тэрбум төгрөгийн эд хөрөнгө,
хохирогчдын 10 тэрбум, үнэлэгдээгүй газар, нэлээд хэдэн лицензийг
битүүмжилж байсан. Миний өмгөөлөгч “Эд зүйлсийг хэтэрхий өндөр үнэлсэн
байна” гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Тухайн үед буюу 2006-2007 онд
өргөн хэрэглээний барааны үнэ, байр, машин гээд үл хөдлөх хөрөнгө ямар
үнэтэй байсан билээ. Одоо тэнгэр, газар шиг ялгаатай болчихсон.
Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийг битүүмжлэхэд “За ямар ч байсан
бүгд хохирлоо барагдуулах бүрэн боломжтой юм байна” хэмээн бид тооцоолж
байсан. Гэвч эд хөрөнгө замаасаа алга болоод байгааг бид юу гэж ойлгох
вэ. Ямар ч байсан бид хохирлоо бүрэн барагдуулна.
-2008 онд та нарын мөнгийг 100 хувь барагдуулах шүүхийн шийдвэр гарсан. Хохирол барагдуулах ажил ямар шатанд явж байна?
-Хохирол
барагдуулах ажил ерөнхийдөө зогсонги байдалд ороод байгаа. Нарийн ярих
юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр барагдуулах албаныхан
хураагдсан, битүүмжлэгдсэн бараа, эд хөрөнгөнд хайхрамжгүй хандаж,
өнөөдрийг хүртэл бидний хохирлыг барагдуулалгүй цаг алдсаар байна.
Хоёр жилийн өмнө “Баян-Өндөр сан” хоршооны битүүмжлэгдсэн бараанаас
хоёр тэрбумын хөрөнгө хулгайд алдагдсан болохыг олны өмнө дэлгэж байсан.
Энэ бүгд зохион байгуулалттай гэх хардлага төрүүлж байсан нь үнэн.
Эрүүл ухаанаар бодоод үзэхэд 29 тэрбумын хөдлөх хөрөнгө, 393 ширхэг үл
хөдлөх хөрөнгө зэрэг нийт 1.6 тэрбумын эд хөрөнгө Цагдаагийн
байгууллагын хамгаалалтаас алга болчихсон. Энэ чинь юу гэсэн үг вэ.
Иймэрхүү ээдрээтэй, эзэн холбогдогчгүй олон асуудал бидний өмнө байна.
-Дөрвөн ширхэг лицензийг шинэчилсэн бүртгэлд хамруулна гээд алга болгосон гэсэн энэ үнэн үү?
-Тийм.
Дөрвөн ширхэг лицензийг шинэчилсэн бүртгэлд хамруулах нэрийдлээр
кадастрын албанд өгсөн байгаа юм. Тэгээд тэндээсээ буцаж ирэлгүй, ор
сураггүй алга болсон. Эдгээр лиценз нь “Баян-Өндөр сан”-гийн алтны хоёр,
“Бүтээн байгуулалт” хоршооны барьцаанд байсан зэсийн нэг, “Гэр хороолол
барилгажилт”-ын гялтгануурын нэг лиценз байсан юм. Бид ямар нуугдаж
тоглож байгаа биш дээ. Гэтэл өнөөдөр “Шивээ овоо”-гийн алтны нэг ширхэг
лицензээр банкнаас зургаан тэрбум төгрөг зээлж байна. Арай ч дээ. Хэлэх ч
үг алга. Ямартай ч бидний хохирлыг барагдуултал Тусгаар тогтнолын ордны
гадаа суулт хийнэ. Шаардлагатай бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Тэгж
байж мөнгөө олж авна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин