”Ж.Энхбаяраас ч залуудаа дэд Ерөнхийлөгч болж байлаа”

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

”Ж.Энхбаяраас ч залуудаа дэд Ерөнхийлөгч болж байлаа”

УИХ-ын гишүүн Р.ГОНЧИГДОРЖТОЙ ярилцлаа.

-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах санал тавиад багагүй хугацаа өнгөр­лөө. Сайдыг огцруулах үндэс­лэлээ та хэвлэлээр төдийлөн дэлгэрэнгүй тайлбарлаагүй. Ж.Энхбаяр сайдын хэлснээр бол Э.Бат-Үүл гишүүн та хоёр буруу ойлголттой яваа юм биш үү. Та бүхэнд бодит мэдээлэл өгөөд байхад нь огцруулах санал яагаад УИХ-д оруулсан юм бэ?

-Биднийг огцруулах асуудал УИХ-д тавихаас өмнө Ж.Энхбаяр сайд ямарч мэдээлэл өгөөгүй. Хэвлэлээр бичээд байгаа шиг залуу хүн боло­хоор нь огцруулах гээгүй шүү дээ. Асуудал нь агуулгадаа байгаа юм. Ямарч булзах боломж Ж.Энхбаярт байхгүй. Яагаад гэвэл, байлдааны бэлэн байдлын тухай сайд ярьсан. Зэвсэгт хүчний ердийн бэлэн байдал, байлдааны бэлэн байдал гэдэг шал өөр хоёр ойлголт шүү дээ. Долдугаар сарын 1 шиг үйл явдал болоход байлдааны бэлэн байдалд байх ёстой гэдэг чинь юу гэсэн үг вэ. Байлдааны бэлэн байдал гэдэг чинь Батлан хамгаалахын сайдын чиг үүрэг Монгол Улсын Ерөнхийлөгчид шилжиж, дайны болон дайны бүхий байдалд шилжсэн үед үүсдэг харилцааны асуудал. Дээр нь Ж.Энх­баяр сайд сүүлийн үед ярилцлага өгөхдөө “Зөвхөн сон­гуультай хол­богдож мэргэн бууч бэлтгэх асуудал яриагүй” гэсэн байна лээ. Зөвхөн сонгуультай хол­бог­дож ярихаас гадна, өөр асуудалтай холбогдож ярина гэсэн агуулгыг хүртэл багтааж байгаа юм. Тэгээд ч Батлан хамгаалах яам гэж төрийн захиргааны төв байгууллагыг цэрэгжсэн агуулга руу шил­жүүлж, заавал цэргийн форм өмсч, илтгэдэг, танилцуулдаг байдал руу шилжүүлж байгаа гэсэн. Энэ нь өөрөө илүү зангарагтай гэж хэвлэлүүдээр бичсэн байна лээ. Уг нь цэргийн харилцааны биш, иргэний харилцаа яаманд байх ёстой. Харин Зэвсэгт хүчний жанжин штаб бол өөр. Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллага нь жанжин штаб шүү дээ. Гэтэл энэ хоёрыг хооронд нь хольсон. Өөрөөр хэлбэл, 1996 оноос эхлүүлсэн Батлан хамгаалах салбар дахь иргэний хяналтыг бэх­жүүлэх, яам нь төрийн захир­гааны төв байгуулага байх бодлогоос шал өөр зүйл тавьж байна. Хэрэв 1996 оноос эхлүүлсэн шинэчлэлийг өөрч­лөх ёстой гэвэл сайд ганцаа­раа шийдэхгүй. Харин Засгийн газраас УИХ-д оруулж, хол­богдох хууль тогтоомжид өөрч­лөлт оруулж байж шийднэ. Тэгэхгүйгээр би ийм байхыг хүсдэг, ийм байлгана гэж хэтрүүлсэн эрх мэдэл эдэлж болохгүй шүү дээ. Асуудал тавьснаас хойш өөрийнх нь тайлбарлаж байгаа зүйлүүд бол Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэч­лэлийн бодлого, Цэргийн шинэчлэлийн бодлогоос бүр л зөрөөд байгаа юм. “Дэлхийн улс орнуудын байдал өөр болж байна. Эдийн засгийн зөрчилдөөн өөр болж байна. Тиймээс батлан хамгаалах асуудлыг эдийн засагтай уялдуулах ёстой” гээд Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг цэрэг дайны үеийн батлан хамгаалах бодлогоор тайлбарлаж байна. Хэрэв үнэхээр тийм байх ёстой гэвэл сайд Засгийн газартаа асуудал оруулж, Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой баримт бичгүүдийг өөрчлүү­лэх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын батлан хамгаалах бодлого хямралт үеийн бодлого байх ёстой гээд шинэ бодлогоо УИХ-аар батлуулж болно. Тэгээгүй тохиолдолд Ж.Энхбаяр сайд өөрийн бодлоо төрийн бодлого болсон мэтээр ойлгож, тэр дагуу зохицуулж болохгүй шүү дээ.

-Ж.Энхбаярын өмнөх Батлан хамгаала­хын сайд нь АН-ын ги­шүүн байсан. Сонгуу­лийн үеэр ажиллах мэргэн буучдын хоёр рот бай­гуулах шийдвэр нь Л.Болд сайдын үед гар­сан юм биш үү. Ж.Энхбаяр сайд тэгж тайлбарлаж байна лээ?

-Зэвсэгт хүчний бие бү­рэлдэхүүн, нэгжүүдэд байдаг мэргэн буучдын гээд олон янзын цэргийн үүрэг гүйцэтгэх төрлүүд байдаг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гол нь асуудлыг зөвхөн сонгуультай холбож тавьсан гэдгээ хэвлэл болгоноор тайлбарлаад байна шүү дээ. Ер нь сонгуулиас үүд­сэн Онц байдлын үед ч гэсэн мэргэн буучийн чиг үүр­гээр үйл ажиллагаа явуулах тийм бодлого Монголын төрд, Монголын зэвсэгт хүчний бод­логод байж болохгүй. Хэнийг буудах юм бэ. Монго­лын иргэнийг л буудна шүү дээ.

-Үүнтэй холбогдуулан “1990 оны ардчилсан хувьс­галыг тайван за­маар явуу­лахад Монгол Улсын зэвсэгт хүчин онцгой үүрэг гүйцэт­гэсэн” гэсэн тайлбарыг Ж.Энхбаяр сайд хэлж байна лээ?

-Харин тийм ноцтой тайлбар өгсөн байна лээ. Энэ бол миний хамгийн их эмзэг­лэж байгаа зүйл. Тэр үед буюу 1990 оны гурав, дөрөвдүгээр сард байлдааны бэлэн бай­далд байх үүргийг Улаан­баатар хотын ойролцоохь анги нэгтгэлүүдэд өгч байсан. Тэгэхээр дайны бэлэн байд­лын нөхцөл зарлаад, биднийг дарахаар ярьж байснаас нь бид айгаад тайван болгосон гэсэн үг үү. Үүнд нь Э.Бат-Үүл гишүүн бид хоёр илүү их эмзэглэж байна. Хэвлэлүү­дээр сүүлд бичээд байгаа шиг залуу хүн чадахгүй гэдэг агуул­гаар хандаагүй. Би Ж.Энхбаяраас залуу 37 настай байхдаа Монгол Улсын дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга байсан юм. Асуудал үүнд биш юм. 1990 онд бидний өмнөөс болзошгүй танк, зэвсэгт хүчин ороод ирэх аюул нүүрлэж байсан үед бид ардчилсан хувьсгалаа хий­сэн. Тэр үеийн тайван замын асуудал бол цэргийн бодлого, дайны бодлогоос шал ангид бодлоготой байсан. Ж.Бат­мөнх гуай, МАХН-ын бусад тулхтай удирдагчдийн бодлого тайван байдал бий болгосон. Бид ардчилсан хувьсгал хийхдээ аюулыг мэдэрсэн, гэхдээ айх биш шүү. Үүнийг 1990 онд мэдэрч байсан тэр мэдрэмжээрээ, ингээд яриад ирэхээр ямар асуудал руу давхиж ордог билээ. Давхиж орохыг хүсэгчид ямар яриа гаргадаг билээ гэдгийг мэддэг болохоор Э.Бат-Үүл бид хоёр асуудлыг тавьсан юм.

-Тулхтай улстөрчид долдугаар сарын 1-ний асуудлыг дахин дахин хөндөж, огцруулах асуудал тавьж байгаа нь өөрөө нийгмийг айлгаж байгаа юм биш үү гэсэн тайлбарыг сайд хэлсэн. Юу гэх вэ?

-Нийгэмд тийм юм болсны дараа айлгах биш, болзошгүй байдлыг урьдчилан харж сэрэмжлүүлэх нь бидний хамгийн чухал үүрэг. Тэр үүднээс л харж асуудал тавьсан. Ер нь өнөөдөр улс төр өөрөө их бэрхшээлтэй болж байна. Жишээ нь, зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болдоггүй УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Цэц дээр маргаан үүсчихлээ. Гэтэл хуучин хууль нь хүчингүй болчихсон. Шинэ сонгуулийн хуулийн тодорхой заалтууд дээр маргаан үүсчихсэн. Цэц энэ асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрвэл эдгээр заалт хүчингүй болно. Тэгвэл сонгуулийн дүн гарахгүй. Сонгууль явуулах өөр хууль байхгүй. Тэгэхээр энэ болгон маш урхагтай. Нийгэм дэх зөрчил маргааныг үүсгэх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгууль болохгүй, болсон ч дүн гарахгүй. Сонгууль хой­шилно. Ийм л уялдаатай олон асуудал хөврөөд байна.

Зэвсэгт хүчин бол энгийн иргэний томилгоо хийж болдог. Тухайлбал, байгалийн гамшгийн үед ажиллаж, зайлшгүй сэргээн босголтын үйл ажиллагаанд оролцох гээд иргэний чиг үүргүүд байдаг. Тодорхой хуулиудад энэ бүгд нь байгаа. Харин онц байдал зарласан үед зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэлтэй оролцох ойлголт байхгүй. Онц байдлын хууль дээр батлал­цаж, гарын үсэг зурж байсан хүний хувьд Батлан хамгаа­лах үзэл баримтлал, Батлан хамгаалах хуулийг цаад агуулгаар нь мэдэж байгаа хүний хувьд энэ бодлого яаж тавигдаж хийдгийг би мэднэ.

-Батлан хамгаалахын сайд зэвсэгт хүчинд иргэний удирдлага тавьдаг. Ийм хүн байл­дааны бэлэн байдал зарлахгүй, Ерөнхий­лөгчийн эрх мэдлийн асуудал. Гэтэл  яагаад над руу дайраад байгаа юм бэ гэж Ж.Энхбаяр сайд хэлсэн шүү дээ?

-Тэрийгээ мэдэж байгаа хүн байлдааны бэлэн байдлыг долдугаар сарын 1-тэй холбогдуулж ярих ёсгүй байхгүй юу. Долдугаар сарын 1 шиг үйл явдал болсон байхад хэзээ ч байлдааны бэлэн байдал зарлагдахгүй, зарлаж ч болохгүй. Тэр бол 1990 оноос өмнөх буюу ард­чилсан хувьсгал хийж байх үед мөрдөж хуучин цэргийн номлол, хуучин Батлан хамгаалахын бодлогоор байлдааны бэлэн байдал зарлагдаж байсан. Иргэдийн­хээ тэмцлийн эсрэг, түүнийг дарах агуулгатай.

Би зарим хүний саналыг өнгөрсөн хугацаанд уншлаа л даа. Зэвсэгт хүчин  юуны төлөө байдаг юм бэ гэж. Гаднын гар хөл болсон урвагчдын элдэв тэмцэл, жагсаалыг дарахгүй юм бол зэвсэгт хүчин байхын хэрэг юу байх вэ гэсэн байна лээ. Энэ бол манайд ямар нэгэн хэмжээгээр үлдсэн хуучны үзэл бодол. Гэхдээ ардчилсан төр бол Монгол Улсад ийм үзэл байхгүй гэдгийг тунхаглаад Батлан хамгаалахын бодлого, цэргийн номлолоо тодорхойлсон юм.

-Та огцруулах саналаа УИХ-д өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө л дөө. Өнгөр­сөн хугацаанд янз бүрийн тайлбарууд явж байна. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхэл­сэн. Сөрөх гэж л сөрж байна. Ерөнхийдөө улс төр хийж байна гэж дүгнэх хэсэг байна?

-Тийм юм байхгүй. Сөрөг хүчин байна уу, олонхи байна уу хамаагүй. Тухайлбал, АН дангаараа олонхи байлаа ч манай Батлан хамгаалахын сайд ийм алхам хийвэл шууд огцруулна. Тэр ч байтугай шууд өөрөө огцрох асуудлаа тавих ёс зүй Батлан хамгаа­лах сайдад байх ёстой. Хам­гийн эмзэг нь Батлан хамгаа­лахын сайд байдаг. Тиймээс ч энэ асуудлыг удааж болохгүй. Хурдан шийдэх хэрэгтэй. Нэн даруй шүү. Өөр салбарын сайдыг огцруулах асуудал тавьснаас өөрөөр авч үзэх ёстой. Яагаад гэвэл, нийгэмд сонин санаа сэдлүүд үүсгэх магадлалтай.

-Хурдан шийдэх хуулийн боломж байгаа юу. Дэ­гийн хуулиар бол бо­ломж­гүй биз дээ?

-Дэгийн хуулийн 38 дугаар зүйлээр тодорхой байгаа. Долоо хоногийн дотор Байнгын хороо, долоо хоногийн дараа нэгдсэн хуралдаанаар хэлэл­цэнэ. Нэгдсэн хуралдаан гэдэг ээлжит бус чуулган явж байсан ч, ээлжит чуулган явж байсан ч нэгдсэн хуралдаан мөн шүү дээ. Дэгийн хуулийн 38 дугаар зүйлээр ээлжит, ээлжит бус чуулган гэж ялгаа­гүй. Харин онцгой нөхцөлийн үед л ээлжит, ээлжит бус чуулган гэсэн зааг ялгааг гаргадаг юм.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар УИХ-ын дарга захирамж гаргадаг. Энэ захирам­жид тусаагүй асуудлыг хэлэлцэж болдоггүй хуультай юм биш үү?

-Хуулиар хоног хугацаа нь таарсан тохиолдолд хэлэлцэх ёстой. Тэр байтугай энэ бол ээлжит бус чуулган зарлах үндэслэл болох асуудал. Энэ далимд хэлэхэд, АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг намрын чуулганыг залгаад хурал­дуулъя гээд 20 гаруй гишүүн гарын үсэг зураад УИХ-ын даргад хандсан. Ийм тооны гишүүн асуудал тавих юм бол ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга зарладаг. Гэтэл УИХ-ын дарга үүнийг үндэслэхгүйгээр өөрөө Цагаан сарын дараа ээлжит бус чуулганыг зарла­лаа. Уг нь АН-ын бүлгийн гишүүдийн саналаар ээлжит бус чуулган үргэлжлүүлээд хуралдсан бол цалин хөлс нэ­мэх асуудлыг ч Цагаан сарын өмнө шийдсэн байх ёстой.

-Ээлжит бус чуулганы хугацаанд Ж.Энхбаяр сайдыг огцруулах асууд­лыг хэлэлцэхгүй бол  АН-ын бүлэг яах вэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хо­рооны дарга бол хав­рын чуулган хүртэл хэ­лэл­цэхгүй гэж байна лээ?

-Би хувьдаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга хэлэл­цүүлнэ гэсэн найдлагатай хэвээрээ байгаа. Байнгын хорооны дарга өөрийнхөө үүргийг ойлгож байгаа байх. Хоёрт, АН-ын бүлэг огцруулах асуудал тавиагүй. Тодруул­бал, хоёр гишүүн л тавьсан. Харьяалагддаг нь АН-ын бүлэг болохоос биш. Ямар нэгэн захиа даалгавраар хийсэн юм биш. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг гаднын PR-чдын заавраар тавиад байгаа юм огт байхгүй. Би энэ саналыг анх гаргаад Э.Бат-Үүлтэй зөв­лөлд­сөн. Бид энэ асуудлыг санаачлахдаа бүлэгтээ ч танилцуулаагүй УИХ-д өргөн барьсан.

Ч.Гангэрэл

 “Үндэсний шуудан” сонин

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж