Монголын эдийн засгийн чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Бид өнгөрсөн жил Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Хөгжилд хамтдаа” уриан дор хөгжлийн бодлого, хүний хөгжил, дэд бүтэц, засаглал зэрэг тулгамдсан асуудлын хүрээнд ярилцсан. Энэ хүрээнд эрдэмтэд, улстөрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэйгээ хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж олон чухал санаачилгыг дэвшүүлж, шийдвэр гаргасан. Харин өнөөдөр Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт сэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлгийг өрнүүлэх гэж байна. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлаар нааштай хандлага гарсан. Өөрөөр хэлбэл, Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмыг хийлээ. Мөн Засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, үүнийгээ хуулиар баталдаг системтэй болох гэж байна. Засаглалыг сайжруулах хүрээнд иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна” гэв. Түүнчлэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд V цахилгаан станцын төслийг бэлтгэж, Могойн голын станцын ажлыг эхэллээ. Өмнийн говийн бүс нутагт 300 км засмал замыг тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлахад бэлэн боллоо. Уул уурхай, ноос, ноолуур, мах, арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад дотоодын санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний үйлдвэрүүд байгуулах суурийг тавилаа” хэмээн Ерөнхий сайд С.Батболд Монголын эдийн засгийн форумын оролцогчдод хандан хэлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн загвар, стратеги” сэдвийн хүрээнд болсон юм. Энэ үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр байгаа. Тодруулбал, 5-6 мянган км засмал зам, аж үйлдвэрийн парк байгуулах гэх мэт. Гэтэл энэ бүгдийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж байхгүй. Тиймээс дараа, дараагийн Засгийн газар эдгээр хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй юм” гэлээ. Харин “Монгол дээд” сургуулийн захирал Н.Дашзэвэг “Хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийг батлах шаардлагатай байна. Мөн Хөгжлийн яамыг байгуулах цаг нь болжээ. Хөгжлийг иргэдийн амьдралын түвшинтэй холбон ойлгодог. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ажилгүйдэл, ядуурлын тухай яриад байгаа боловч яамных нь нэрэнд ядуурал гэсэн үг байдаггүй” гэх саналыг хэллээ. Ерөнхий сайд асан Д.Содном “Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд уул уурхайг ашиглах ёстой. Гэхдээ мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолж байв. Нийтлэлч Б.Батбаяр “Бид эдийн засгаа хөгжүүлэх гэж байгаа бол мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг мэдээж уул уурхайгаас бүрдүүлнэ. Баялгийн хуваарилалт гэхээс илүүтэй бид өнөөдрийнхөө байгаа байдлыг тодорхойлох нь чухал” хэмээсэн. Түүнтэй санал нэг байгаагаа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлсэн юм. Тэрбээр “Эдийн засгийн өнөөдрийн байдал иргэдэд хэр нөлөөлж байгааг бодох учиртай. Иймээс л нийгмээ тодорхойлох ёстой юм. Бид хөгжлийн төлөвлөлт хэрэгтэй гэж үзсэн учраас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог байгуулсан. Нэмж хэлэхэд төрийн байгууллага судалгааны байгууллагын хооронд уялдаа алга. Үүнд анхаарчихвал эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах ёстой” хэмээв. Нэгдсэн хуралдааны үеэр эдийн засагч Н.Дашзэвэгийн хэлснээр Хөгжлийн яам байгуулах саналыг олон хүн дэмжиж байсан юм.
Монголын эдийн засгийн форум гурван салбар хуралдаантай бөгөөд үүний нэг нь “Эдийн засгийн хөгжил: Хүртээмжтэй өсөлт-баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү салбар хуралдааны эхэнд “Уул уурхайн орлогыг оруулах эрх зүйн орчин манай улсад бий юү, уул уурхайгаас хараат эдийн засгийн өсөлтийн” талаар оролцогчид саналаа хэлэв. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Манай улсад сүүлийн үед уул уурхайгаас орж ирэх орлого эрчимжсэн. Ирэх зургаадугаар сараас хойш бэлэн мөнгө тараах нь зогсоно. Тэгэхээр Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Мөн уул уурхайгаас хараат байдлыг багасгахын тулд хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, боловсруулах салбар, аялал жуулчлал, ДНБ-ий 10 хувийг үйлдвэрлэдэг мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхээр судалгаа хийж байна” гэсэн юм. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл “Бид энэ жилийг оролцоотой, тэнцвэртэй, тогтвортой өсөлт хөгжлийн жил болгон зарласан. Энэ гурван өсөлтийг хангах нь чухал. Чуулганд оролцогчид төр ингэж оролцох ёстой гээд байх юм. Харин бид баялгийн хуваарилалтаас гадна баялгийг бүтээх талаас ярих ёстой” гэдгийг санууллаа. “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн партнер Г.Рагчаасүрэн “Уул уурхайг түшиглэсэн эдийн засгийн өсөлтийн сул тал нь гадаад валютын урсгал ирснээр эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог. Энэ нь Монгол Улс үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хүндрэл учруулна. Хөдөлмөрийн бүтээмж өндөр байснаар өрсөлдөх чадвар ихэснэ” хэмээлээ. Хуралдаанд оролцогчдын дийлэнх нь уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас гадна мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн чухлыг дурьдаж байлаа.
Форумын үеэр “Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт-өсөлт ядуурлыг бууруулж чадах уу”, “Өрсөлдөх чадвар: Инноваци ба ногоон шийдэл-инновацийн орчин, технологийн гарц” сэдвээр мөн салбар хуралдаан болсон юм.
Ц.Энхцэцэг"Улс төрийн тойм" сонин