Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болов

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Эл хуулийг УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд ч баталсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хэрэгжих хугацааг урагшлуулах шаардлагатай гэж үзэн, хэсэгчлэн хориг тавьсан юм. Тодруулж хэлбэл, 2012 оны долдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжих байсан эл хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч тавдугаар сарын 1-нээс үйлчлэх ёстой хэмээн үзсэн билээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх ёстой гэдэг санал яригдаж байсан ч хуулийг  хэрэгжүүлэх, сурталчлах бэлтгэл ажлыг хангах зорилго дор долдугаар сарын 15-н болгох нь зөв юм гэж үзэж хуульчилсан. Иймд энэ хуулийг Ерөнхийлөгчийн хориг тавьснаар цаг хугацааг зааж өгөхөд хэрэгжүүлэх боломж тэр дундаа бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ гэдгийг лавлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамрын газрын дарга Д.Баттулга хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд хэсэгчилсэн хориг тавьснаа өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд  УИХ-д мэдэгдсэн. Энэ өдөр Ерөнхийлөгч бас Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагын удирдлагатай уулзаж хууль хэрэгжих бэлтгэл ажлын тухай асуухад тэд “Боломжтой” гэсэн хариу өгсөн гэсэн юм. 

Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Долдугаар сарын 15-н гэсэн хугацааг нааш нь татахгүй бол өнөөгийн УИХ  бүрэн эрхийнхээ хугацааг өнгөрөөж байж хуулийг хэрэгжүүлэхээр хугацааг хэргээр хойшлуулжээ” гэсэн шүүмжлэлийг олон нийт хэлж байна. Тиймээс энэхүү хуулийг хэрэгжүүлэх  журмуудаа сайтар боловсруулан, УИХ энэ чиглэлээр ажлаа шуурхайлбал хууль хүчин төгөлдөр болох хугацааг урагшлуулж тавдугаар сарын 1-н болгох боломжтой. Орон нутгийн захиргааны хуулийн хэлтсүүдээс ч энэ асуудлаар сургалт авах хүсэлт Хуульзүй, дотоод хэргийн яаманд ирж байгаа тул энэ сардаа багтаан төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, нэр дэвшигчдээс бусад төрийн албан хаагчдаас сонирхлын зөрчлийн мэдүүлгийн маягт хэзээ авахаа тогтчих хэрэгтэй" гэсэн юм.  Энэ саналыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мөн дэмжиж,  “Төрийн албан хаагчид сонирхлын зөрчлийн мэдүүлэг гаргаж өгөх цаг нь болсон. Гол нь энэ мэдүүлгийг гаргуулах маягтад зоригтойхон заалтууд оруулж өгвөл Ерөнхийлөгчийн хориг үр дүнтэй болно. Маягт боловсруулах ажилд байнгын хороо анхаарч ажиллах ёстой” гэв.  Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж