Мөн төсвийн тодотголтой хамт тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг хамтад нь хэлэлцээд явах ёстой гэсэн зарчмын шийдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан болохыг тодотголоо. 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмад настнууд 1995 оноос хойш тэтгэвэртээ суусан иргэдийнхээс бага тэтгэвэр авч буй бөгөөд энэхүү зөрүүг арилгах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар төсөл санаачлан УИХ-д мэдүүлсэн юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байсан ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулааүй аж. Иймд өнөөдөр үдээс хойш хуралдах УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд цөөнхийн бүлэг эл төслийг одоо хэлэлцэх шаардлагатай гэдэг асуудлыг тавихаар болжээ. Түүнчлэн өнөөдөр 15.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аван намрын чуулганыг завсарлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг эхэлж хэлэлцэнэ гэдэг мэдээллийг бүлгийн дарга өглөө. Хэрвээ тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулчихвал Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр ч баталж мэдэх төлөвтэй байна.
Тус бүлгээс гаргасан гурав дахь шийдэл нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нарын өргөн мэдүүлсэн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулахтай холбоотой асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Энэ нь нэг ёсны ээлжит бус чуулганыг хуралдуулах хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн үг болж буй юм.