Дуучин С.Жавхлан өндөр настнуудад авлига өгснөөр сонгуулийн сурталчилгаагаа албан бусаар эхлэх нь бололтой. Тэрбээр энэ сарын 7,8-нд болох тоглолтынхоо орлогоос 27 өндөр настанд тус бүр сая төгрөг өгөх гэнэ. Ингэхдээ “Төрийн амлаад өгч чадаагүй нэг сая төгрөгийг хувь хүн өгч болдгийг харуулна” гэж байгаа юм. Хөрөнгө бэлээрээ гайхагдсан Монголын баячууд хүртэл ингэж гар сунгаж зүрхлээгүй байхад зүгээр нэг дуучин залуу 27 сая төгрөгийг “Эхчүүдэд” гэж хаяглаад цацчих нь дээ. Энэ зунжин л “Тулганы гал бадраах ёслол” нэртэй аялан тоглолтоо үнэ төлбөргүй хийсэн түүнд УИХ-ын зарим гишүүн учиргүй саймширч ирээд л ах дүүгийн барилдлага шахуу зүйл хийж байсан санагдана. Дуучин С.Жавхлан ч тэдэнтэй бушуухан “Ураг барилдах”-ын тулд УИХ-ын гишүүн болохоор эртнээс зүтгэж эхэлсэн нэгэн. Аль эртнээс л тэрбээр Увс аймагт нэр дэвших тухай сураг дуулдаж байсан. Харин үүнийхээ нотолгоо болгож Сонгуулийн сурталчилгаагаа ийм аргаар эрчимжүүлж эхэлсэн бололтой. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшихээр горилж буй хүнийг энэ оны эхний өдрөөс эхлэн бэлэн мөнгө тараах, бэлэг сэлт өгөхийг хориглсон. Гэтэл дуучин С.Жавхлан төрийн амласныг биелүүлэх нэрээр бэлэн мөнгө тараах гэж байгаагаа олон нийтэд ил цагаан зарлаж л байдаг. Өөрөө “Тоглолтынхоо орлогоос хандив өргөнө” гэж байгаа ч үнэн хэрэгтээ түүнийг санхүүжүүлэгч хэн нэгэн байгааг үгүйсгэх аргагүй юм. Түүнийг шалгуулъя.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин