-Өнөөдрийн байдлаар нөөцийн мах 12 мянган тонн байгаагаас 4900 тонныг худалдаалаад байна. Цагаан сарын өмнө нэг, хоёрдугаар сард үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Энэхүү үеэр жижиглэнгээр ба гулуузаар зарсан. Өнгөрсөн долоо хоногт нөөцийн мах худалдаанд гараагүй. Шалтгаан нь иргэд сар шинээр мах болоод бусад зүйлийг нөөцөлж махны эрэлт буурдаг. Мах бэлтгэж байгаа компаниуд нөөцийн махаа жижиглэж савлаад өнөөдрөөс эхлэн хуучин үнээрээ дэлгүүрүүдээр худалдаанд гаргаж байгаа. Цагаан сарын өмнө мах бэлтгэж байгаа компаниуд нөөцийн махны үнийг нэмэх асуудал ярьсан. Гэвч энэ асуудлыг хүчээр шахуу болиулсан. Учир нь цагаан сараар махны эрэлт ихэсдэг. Ер нь мах бэлтгэж байгаа үйлдвэр, компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Гадуур зарагдаж байгаа мах, нөөцийн мах хоёрын үнэ 2500-3000 төгрөгийн зөрүүтэй байгаа. Нөөцийн мах гэдэг бол нийслэлийн бүх айл өрхөд зориулагдсан зүйл биш. Өрхийн орлого муу, амьдралын боломж тааруу айлуудад зориулсан. Мөн үнэ тогтворжуулах зорилгоор гаргадаг. Нөөцийн мах хямдхан байгаа учраас бүх хүн нөөцийн мах руу хошуураад байгаа. Ямарч байсан удахгүй нөөцийн махны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
-Нөөцийн махны үнийг хэдэн төгрөгөөр нэмэх бол?
-Үүнийг нийслэлийн захирагчийн ажлын алба мэдэхгүй. Энэ бол Засгийн газрын хэмжээнд яригдах асуудал. Сангийн яаманд үнэ тогтворжуулах комисс байгуулагдсан. Уг комиссын хурал өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан нь хойшлогдсон. Удахгүй энэ хурлаар махны үнийн асуудлыг шийдэх байх.
-Нөөцийн мах бэлтгэж байгаа компаниуд агуулахдаа ченжүүдийн махыг үнэгүй хадгалаад тэрийгээ шалгалтын үеэр үзүүлж байна гэсэн мэдээлэл байна. Үүнийг шалгаж үзсэн үү?
-Нөөцийн мах худалдаалж эхлэхээс өмнө захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг байгуулагддаг. Энэхүү ажлын хэсэг хэнд ч мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт хийдэг. Шалгахдаа махныхаа гарал үүслийн гэрчилгээг давхар шалгадаг учраас тийм зүйл байхгүй. Ер нь ченжүүд махны үнийг хөөрөгдөхийн тулд ийм цуурхал тарааж байж магадгүй.
-Цагаан сарын өмнө нөөцийн махыг гулуузаар нь зарсан. Дахин гулуузаар нь зарах уу?
-Дахин гулуузаар зарахгүй. Жижиглэж савлаад худалдаална.
"Улс төрийн тойм" сонин