Үүнийхээ дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хоёр дахь чухал хуулийн төсөл нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болохыг УИХ-ын гишүүдэд сануулаад уг хуулийн төсөл дээр намын бүлгүүд саналаа шуурхай нэгтгэж чадвал ээлжит бус чуулганыг товлосон хугацаанд завсарлуулах боломжтойг УИХ дахь Ардын нам болон Ардчилсан намынханд анхаарууллаа.Үүний зэрэгцээ Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар эцэслэн батлахыг хэлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө. Ээлжит бус чуулганы хуралдааныг өнөөдрийн 15.00 цагаас үргэлжлүүлэх бөгөөд хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.
УИХ-ын Тамгын газрынхан “УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 5-9-ны хооронд болно” хэмээж байсан. Тэгвэл товлосон асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрч чадвал УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдаад өндөрлөх юм байна. Харин УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлэг тохиролцоонд хүрэхгүй бол ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бүрэн эрхийнхээ хүрээнд сунгаж хуралдуулна. Гэхдээ ийм байдал гаргахгүй байхыг спикер дарга ээлжит бус чуулган эхлэхэд УИХ-ын гишүүдэд сануулсан билээ. Товлосон асуудлуудаас гадна Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй гэсэн таамаг бий. Харин үүнийг УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүд эрс няцааж байгаа юм. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлуудын хүрээнээс халихгүй юм байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд УИХ-ын гишүүд нэлээд өндөр хувийн ирцтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд золголтын үйл ажиллагаа багагүй өрнөсөн. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Батбаяр, З.Алтай, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Ганбямба, Л.Гансүх, Ш.Сайхансамбуу, Б.Батбаяр, Ц.Цэнгэл нараас бусад нь хүрэлцэн ирсэн бөгөөд дээрх гишүүд гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин