Долоон сая төгрөгийн зээлээр ферм байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Долоон сая төгрөгийн зээлээр ферм байгуулжээ

Эдийн засгийн хөгжлийн үндэс нь жижиг, дунд үйлдвэрлэл юм. Тийм ч уч­раас Засгийн газраас өн­гөрсөн 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэм­жих чиглэлээр дорвитой алхмуудыг хийсэн. Тухайлбал УИХ-ын чуулганаар Зээлийн даатгалын сангийн хуулийг баталсан. Ингэснээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том бэрхшээл болох барьцаа хөрөнгөгүйгээс болж үйлдвэрлэлийн ажил нь гацдаг байдал арилж, барьцааг төрөөс даах хуулийн зохицуулалтыг хийж өглөө. Мөн Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар  Монголын жижиг, дунд үйлд­вэрлэгчид өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд улс орон даяар  хуран чууллаа. Чуулганд оролцогчид тул­гамдаж буй зорилт, учирч буй зовлон бэрхшээлээ хамтдаа  ярилцаж  тодорхой асуудлуудаа шийдүүлж чад­лаа. Эдүгээ жижиг, дунд бизнес эрхлэгчид “Засгийн газар бидний өмнө тулгарсан гурван чухал асуудлыг шийдсэн” хэмээн ярьж байна.

Юуны өмнө дотоодын үйлдвэр­лэлийг хамгаалах бодлого гаргах хүсэлтийн дагуу Засгийн газрын 103  дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа до­тооддоо үйлдвэрлэсэн 38 нэр төрлийн бараа бүтээг­дэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авах жагсаалт баталсан юм. Үүний дагуу өнгөрсөн 38 нэр төрлийн 20 сая ширхэг 10.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлвэр­лэсэн бүтээгдэхүүнээс худалдан авсан байна. 

Мөн эдийн засгийн эх үүсвэрийг шийдэж өгөөч гэх жижиг дунд үйлдвэрлэгчдийн хоёр дахь хүсэлтийг биелүүлж,  зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 150 тэрбум төгрөг олгон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэлтийн сангийн хөрөнгийн хэмжээ  213.8 тэрбум төгрөгт хүрчээ. “Хууль эрх зүйн нөхцөлийг сайжруулж,татварын хөнгөлөлт үзүүлж өгөөч”. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гурав дахь хүсэлт нь энэ байлаа. Үүнийг биелүүлэхдээ эхлээд Зээлийн даатгалын сангийн хуулийг УИХ-аар батлуулсан.

Дараа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зэээлийн дээд хэмжээ 50 сая байсныг, 500 сая төгрөгт хүргэж, зээлийн хугацааг гурван жил байсныг таван жил, хүүг жилийн 12 хувьтай байсныг долоон хувь болгох зэрэг санхүүгийн хөнгөлөлтүүдийг үзүүлсэн юм. Энэ бол урьд хожид байгаагүй том дэмжлэг болсон хэмээн бизнес эрхлэгчид ярьж байна. Нөгөөтэйгүүр дээрх шийдвэрийг гаргаснаараа Засгийн газрын бодлого одоо томчуудыг биш, жижиг дунд бизнес эрхлэгчид руу, бага орлоготой иргэд руу чиглэж тэднийг татвараар дэмжих бодлого барьж байгаа нь олзуурхууштай.

Дашрамд дурьдахад Засгийн газрын үйл ажиллагааг хамгийн ихээр дэмждэг, томоохон хөрөнгө оруулагч, хамтрагчдын нэг “Оюу Толгой” ХХК хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, малчдад зориулан “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-ийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөрт Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Даланзадгад, Баян-Овоо сумын иргэд хамрагдах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар Бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум төгрөгийн зээлийн сангаас орон нутгийн 50 гаруй жижиг, дунд бизнесийнхэн зээл авчээ. Тэдний нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Далай” ферм юм.

Говийн бүсэд уул уурхай эрчимтэй хөгжиж, орон нутагт шилжин ирэгсдийн тоо байнга нэмэгдэн, хүн амыг сүү, цагаан идээгээр хангах хэрэгцээ ч байнга өсөх болж. Орон нутаг дахь ийм эрэлтийг хангах зорилгоор Ханбогд сумын иргэн Т.Цогтбаатар, Р.Оюунаа нар “Далай” нэртэй, сүүний фермийн аж ахуй эрхлэхээр шийдэн энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна. Эдний фермийнхэн “Оюу Толгой” ХХК-ийн Бизнесийг дэмжих хөтөлбөрийн зээлийн үйлчилгээнд хамрагдаж гурван жилийн хугацаатай, сарын нэг хувийн хүүтэй долоон сая төгрөгийн зээл авчээ. Зээлээрээ сүүний чиглэлийн “Казакын цагаан толгойт”, “Цизоп” үүлдрийн үнээ худалдан авч сүргийн тоогоо нэмж, үхрийн байраа засаж шинэчилсэн байна. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангахын тулд үхрүүдээ үзлэгт хамруулж, Оюу Толгой төслийнхөнтэй хамтран ажилладаг малын эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан байна. Үүний зэрэгцээ шинээр бизнес эрхлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах, сүү, цагаан идээ боловсруулах зэрэг олон төрлийн сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа дээшлүүлж, бизнесийн орлогоо нэмэгдүүлэн шинээр дөрвөн ажлын байр бий болгожээ.

Мөн тэжээлийн ургамал тариалж, “Оюу Толгой” ХХК-ийн усны мониторингийн ажлын хүрээнд гар худгаа сэргээн засварласан байна. Ийнхүү говийн нөхцөлд зах зээлийн эрэлтэд суурилсан эрчимжсэн фермийн аж ахуй байгуулж, ашигтай ажиллан, өрхийн орлогоо нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой гэдгийг энэ жижиг үйлдвэрлэлийн жишээ харуулж байгаа юм. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төвлөрсөн, хүн ам олонтой газарт, жилийн аль ч улиралд эрэлттэй байдгаараа онцлогтой. Тиймээс урт хугацааны тогтвортой бизнес юм. Энэ талаар “Далай” фермийн малчин Р.Оюунаа “Бид ихээхэн өгөөжтэй хөтөлбөрт хамрагдаж, мэддэгггүй байсан зүйлсээ сурч мэдэж авсан. Цаашид илүү ихийг хийж бүтээх хүсэл төрүүллээ” хэмээн ярьж байв.

Уул уурхайн эрчимтэй хөгжлийг даган Өмнөговь аймгийн Ханбогд сумыг чиглэсэн хүмүүсийн урсгал нэмэгдэж, Улаанбаатараас Чойр, Ханбогд, Цагаан хадны чиглэлийн тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ эрс өсөж байгаа билээ. Тээврийн үйлчилгээний эдгээр чиглэлийн ихэнх нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг. Гэтэл цайны газар, хүнсний үйлдвэрлэл, зочид буудлын үйлчилгээ ихээхэн эрэлттэй байдаг. Орон нутагт бэлэн хоолтой цайны газар цөөн. Ихэвчлэн захиалгаар үйлчилдэг болохоор явуулын хүмүүст хүндрэлтэй байдаг.

Энэхүү хэрэгцээг олж харсан Манлай сумын иргэн Ц.Туяацэцэг хоолны газар нээж ажиллуулах хүсэлтэй ч хөрөнгө санхүү дутагдаж байлаа. Тиймээс “Оюу Толгой” ХХК-иас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж төсөл бичих сургалтад хамрагдан, хөнгөлөлттэй зээл авснаар цайны газрын бизнесээ эхлэх боломж бүрджээ. Тэрбээр авсан зээлээрээ үйл ажиллагаагаа эхлэх тоног төхөөрөмж, түүхий эдээ худалдан авчээ. Хөтөлбөрийн хүрээнд явагдсан бизнесийн болон технологийн сургалтууд үр дүнгээ өгч Европ, Ази олон нэр төрлийн хоол хийхийг сурчээ. Сургалтын үр дүнгийн талаар Ц.Туяацэцэг “Би цайны газар ажиллуулах хөрөнгийн эх үүсвэртэй болох, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхээр бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан. Бизнесийн гарааны зээлээ авлаа. Бас сургалтад сууснаар бизнестээ хэрэгцээтэй маш их зүйлийг мэдсэндээ сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч их зүйл сурч ажил амьдралдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна” хэмээн ярилаа. Тэдний цайны газар байрлал сайтай, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг замд байрлах учир орлого сайтай байдаг аж.

Орон нутаг дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, сургалт, мэдээллээр хангаснаар тогтвортой, урт хугацааны өгөөжтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Ингэснээр уул уурхай болон бусад томоохон зах зээлээс хамааралгүй, цаашид бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх боломжийг ч олгож байна. Нөгөө талаас шинээр ажлын байр бий болж, олон айл өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байна. “Оюу Толгой” ХХК-иас “Орон нутгийн бизнес эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-ийг хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, малчдад зориулан хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Даланзадгад, Баян-Овоо сумын иргэд хамрагдан, 50 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авчээ. Зөвхөн Манлай сумаас гэхэд 11 бизнес эрхлэгч 67.5 сая төгрөгийн зээл авч бизнесийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Энэ бол дэлхийд өсөлтөөрөө гайхуулж буй эдийн засгийн хөгжлийн үндэс яах аргагүй мөн билээ.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж