В.Путины нулимс зөвхөн ялалтынх байсангүй

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

В.Путины нулимс зөвхөн ялалтынх байсангүй

В.Путины нулимс зөвхөн ялалтынх байсангүй

Б.Ельцин анх түүнийг гараас нь хөтлөн улс төрд гаргаж ирсэн юм. Тэр хуучнаар бол Улсыг аюулаас хам­гаалахын шилдэг таг­нуулч. Энэ нь ч улс­төрчийн карьерыг нь хурцалж өг­­сөн. Гэхдээ СанктПетербург хо­тын удирдлагаас хөөгдөж, юу ч үгүй шалдаа буусан үе түүнд бий. Харин Москвад ирж ажилласныхаа дараа батлан хамгаалахын салбарт томоохон шалгалт хийж, салбарын сайдаа огцруулж байв. Шинэ оро­сууд, мафийн­ханд нухлуулсаар туйл­­­­даж гүйцсэн Орос орныг өөд нь татах нас Ельцинд байсангүй. Харин түүнд эрч хүчтэй, хүн бүхэн харахаас жийрхдэг, эрс шийдэмгий харцтай, сайдыг огцруулж дөнгөсөн залуухан тагнуулч байлаа. Тиймээс Б.Ельцин түүнийг залгамжлагчаараа зарлав.Тэр цагаас хойш Орос оронд Владимир Путины эрин үе эхэлсэн юм.

Чечень, Дагистаны салан тус­гаарлагчдын эсрэг хатуу бодлого баримталж, Орос орныг зангидсан нударга шиг нэгтгэн нягтруулж чадсан хүн бол В.Путин. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 2000, 2004 онд сонгогдож, үнэмлэхүй ялалт бай­гуулсан энэ эрхмийн эрин үе одоо ч дуусах бо­лоогүй байна. Үүнийг ур­жигдар болж өнгөрсөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сон­гуулийн дүн нотоллоо.

Оросын Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн нийт саналын 80 орчим ху­вийг тоолж дуусчээ. Тиймээс урьд­чилсан байдлаар дүг­нэлт гаргаж, танилцуулсан байна. Ингээд В.Путин 65 хувийн санал авч ялалт байгуулсан гэдгийг зарласан билээ. Сонгуулийн өмнөхөн хийсэн судалгаануудад түүнийг 55 орчим хувийн санал авна гэж байсан. Гэвч өөрийг нь эсэргүүцсэн жагсаал цуглааныг үл ажирсан тэрбээр шинжээчдийн таамаглаж байснаас ч илүү олон хүний дэмжлэгийг авчээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Коммунист намын дарга Г.Зюганов 17.1, Либераль ардчилсан намын дарга В.Жириновский 6.37, бие даагч М.Прохоров 6.99, Шударга Орос намын тэргүүн С.Миронов 3.74 хувийн санал авсан байна. Оросын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг эцсийн байдлаар энэ сарын 17-нд танилцуулах юм. Гэхдээ сонгогчдын талаас илүү хувийн санал авсан В.Путин ялалт байгуулсан нь нэгэнт илэрхий болжээ. Уржигдар сонгуулийн санал хураалт дууссаны дараа дүнг нь урьдчилсан байдлаар танилцуулсан билээ. Энэ үеэр Кремлийн улаан хананы дэргэд Нэгдсэн Орос намыг дэмжигч олон мянган хүн цуглаж, В.Путинд баяр хүргэсэн юм.  Харин В.Путин тэдэнд хандаж, доголон нулимстайгаар “Би хэлсэндээ хүрч яллаа. Бид яллаа. Орос орны алдар цуу бадраг” хэмээн хашгирчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев дэргэд нь зогсож түүнд халуун дотноор баяр хүргэв. Яг л одоогоос дөрвөн жилийн өмнө өөрт нь баяр хүргэж, удахгүй Ерөнхий сайдаар томилогдох мөчөө тэсэн ядан хүлээж байсан В.Путин шиг.

Сонгуулийн санал хураалтын урьд­чилсан дүнг Г.Зюгановоос бусад нэр дэвшигч хүлээн зөвшөөрчээ. Тэд В.Путинд хандан баярын цахилгаан явуулсан байна. Харин Г.Зюганов тэгсэнгүй. Тэр булхай луйвраар дүүрсэн сонгууль болж өнгөрснийг онцолж хэллээ. Үүнтэй зэрэгцээд “Ройтерс” агентлаг сонгуулийг буд­лиантуулсан байж болзошгүйг нот­лох баримтуудыг дэлгэжээ. Ту­хайлбал, В.Путины төлөө дөрвөн удаа санал өгч, хариуд нь 2000 рубль буюу 70 орчим ам.доллар авахаар тохиролцсон хэд хэдэн бүлэг хүний тухай мэдээлэл байгаа аж. “В.Путингүй Орос орны төлөө” жагсаал, цуглаанд голлох үүрэгтэй оролцож буй Алексей Навалний “Сонгуулийн дүн иймэрхүү байд­лаар гарсан нь ичгүүр сонжуургүй явдал боллоо” хэмээн ярьж, В.Путины эрин үе эхэлснээс хойш огт болж байгаагүй маш өргөн цар хүрээтэй жагсаалыг Москвад зохион байгуулахаа мэ­дэгдэв. Олон улсын хяналтын бай­гууллага болох “Голос”-т сонгуулийн саналыг будлиантуулсан гэх 3500 орчим гомдол иржээ. “YouTube.com” сайтад Оросын өмнөд муж болох Дагестанд хэсэг бүлэг хүн хэрхэн санал луйвардаж байгаа тухай харуулсан бичлэгүүд тавигдсан бай­на. Сонгуулийн явцыг ажиглахаар 180 вэб камер суурилуулсан бөгөөд ингэхийн тулд 450 сая ам.доллар зарцуулжээ. Гэхдээ булхай, луйвар их гарсан гэж байгаа боловч Оросын Дотоод хэргийн яамнаас “Ноцтой нөхцөл байдал үүсээгүй” хэмээн мэдэгдсэн юм. Чеченийн иргэд В.Путины төлөө бараг 100 хувь санал өгчээ. Харин Ингушетид 92 орчим  хувь, Эрхүү мужид 50 хувийн санал авсан байна.

“Нью-Йорк таймс” сонинд 59 настай Татъяна Зоринагийн ярилц­лагыг нийтэлжээ. Тэрбээр В.Путинд саналаа өгсөн шалтгаанаа “Тэр тогтвортой, итгэж болохуйц хүн. Хэрэв тэр ялбал бид урьдынх шигээ л амьдрах болно” гэж тайлбарласан байна. Магадгүй өөрчлөлтөөс айсан оросууд Ерөнхий сайдынхаа төлөө саналаа өгсөн байж болох юм. В.Путингүй Орос орон ямар байж болох тухай дүрсэлсэн В.Путины сурталчилгаанд оросуудын айж явдаг бүх зүйлийг тодорхой ха­руулсан байдаг. Оросууд салж бутрахаас айж байна. Тэдэнд өөрс­дийг нь нэгтгэн зангидах хүн хэрэгтэй. Тэд барууны нөлөөллөөс болгоомжилж байна. В.Путины эсрэг жагсаал цуглааныг удирдаж байгаа А.Навалний, С.Нем­цов нар тогтвор суурьшилгүй, ху­вирамтгай улстөрчид байх вий гэдгээс оросууд эмээж байна. Тиймээс тэдний олонх нь В.Путины төлөө саналаа өгсөн байж болох юм.

ЗХУ-ыг Сталин 31 жил, Бреженев 18 жил удирдсан. Харин одоо тэдний араас В.Путин 14 жил удирдах болзлоо хангаж чадлаа. Хэрэв зургаан жилийн дараа болох сонгуульд дахин ялж чадвал Бреженевийг ч ардаа орхино. В.Путины Ерөнхий сайдаар ажилласан хугацааг тоолбол тэр өнөөдөр Сталины дараа орох амжилтын эзэн болжээ. Гэхдээ В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах зургаан жилийн хугацаанд бүх зүйл өмнөхөөсөө өөр байх болно. Тэр дахиж хатуу бодлого явуулахаас эмээнэ. Яагаад гэвэл Арабын хувьсгал, М.Каддафийн эмгэнэлт хувь тавилан В.Путинд анхааруулах дохио болж чадсан. Түүнчлэн ЗХУ задарснаас хойш болж байгаагүй өргөн цар хүрээтэй жагсаал цуглаан сүүлийн үед Орост олон болсныг онцлох хэрэгтэй. Тэд хэдийгээр сонгуулийн дүнг өөрчилж чадаагүй боловч рейтинг нь 85 хувьтай байсан В.Путины нэр хүнд буурахад  нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, тэр ард түмнийхээ санал бодлыг сонсож, харьцангуй уян хатан бодлого баримтлахгүй бол цаашид юу болохыг ойл­госон болов уу. В.Путины нулимс зөвхөн ялалтынх байсангүй.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж