Уг уулзалтад Монгол Улсад суугаа Канад, Франц, Герман, Энэтхэг, Япон, АНУ, Турк зэрэг улсын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монгол Улсаас эдгээр оронтой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, цаашид явуулж болох үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлж байгаа юм. Түүнчлэн аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах, хөрөнгө оруулалт зэрэг асуудал хариуцсан төрийн бусад байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа ажээ. Стратегийн судалгааны хүрээлэнгээс “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаарх судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн уулзалт, семинар, эрдэм шинжилгээний хурлыг цаашид ч зохион байгуулахаар төлөвлөсөн юм байна.
“Гуравдагч хөрш”-ийн бодлого нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг тулгуур баримт бичигт тусгалаа олсон байдаг. Тухайлбал, 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн” гээд гадаад бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай заасан байдаг ажээ.