Хүнсний дэлгүүр, хоолны газруудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Хүнсний дэлгүүр, хоолны газруудад шалгалт хийжээ

Булган аймгийн Мэргэжлийн хянал­тын газрын Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар Гурванбулаг, Рашаант суманд төлөвлөгөөт хяналт, шалгалтаар ажиллаж, хоол үйлдвэрлэлийн газрууд болон хүнсний дэл­гүү­рүүдэд лабораторийн шинжил­гээтэй шалгалт хийжээ. Гурванбулаг сумын “Хотонт” хүнсний мухлагт худалдаалж байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн иштэй чихэр, Улаанбаатар хотын “Соёон түрүү” ХХК-д үйлдвэрлэсэн “Напеолен” бялууг нян судлалын шинжилгээнд дээж авч, шинжлүүлэхэд E.coli нянгийн бохирдол илэрсэн байна. Энэ нь Хүнсний тухай хууль зөрчиж, хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хүн амын дунд хордлого халдвар тараах эрсдэлтэй байсан тул хураан утсгасан байна. Шалгалтын явцад “Алтангадас”, “Хадагт хошуу” хүнсний дэлгүүрүүдийн лангуу болон жин хэмжүүрээс арчдас ав,ч шинжлүүлэхэд мөн дээрх төрлийн нянгийн бохирдолтой гарсан нь ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа үйлчилгээ эрхэлж, Захиргааны хариуцлагын тухай хууль зөрчиж байсныг илрүүлжээ.

Энэ бүхэн нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн дутагдал мөн. Тийм учраас зөрчлийг арилгуулахаар найман албан шаардлага өгч, зарим хүнд мөнгөн торгуулийн шийтгэвэр ногдуулж,түүнчлэн энэ дутагдлыг дахин давтуулахгүйн тулд Хүнсний тухай хуулийг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хоол үйлдвэрлэлийн 10 гаруй газрын хүмүүсийг хамруулан сургалт зохион байгуулж орон нутгийн телевизээр сурталчилгаа хийсэн байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж