Долдугаар сарын 1-ний дараах сонгууль

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний дараах сонгууль

УИХ-ын сонгууль эхлэхэд дөрвөн сар ч
хүрэхгүй хугацаа үлдэв. Улс төрийн ой санамж ч асар хүчтэй сэргэж эхлэв.
Арга ч үгүй юм. Энэ бол 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний
дараах сонгууль. Цаг хугацаагаар яривал, 2012 оны долоодугаар сарын
1-ний өмнөхөн сонгогчид төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын
ээлжит сонгуульд саналаа өгнө. Харин хэн хамгийн их айдастай байна вэ.
Улстөрчид үү, иргэд үү. Тийм ээ, тэдний хэн, хэн нь айдастай байгаа.
Сонгогчид “Өгсөн саналыг минь “хулгайлчих” вий. Хаа нэгтээ дахин
будилуулчих юм биш биз” хэмээн болгоомжилсон хэвээр бол улстөрчид “Энэ
удаад би ялж чадах болов уу. Ялж чаддаггүй юм гэхэд манай нам олонхи
болох уу. Би ялж, нам маань олонхи боллоо гэхэд долоодугаар сарын 1-ний
үймээн давтагдвал яана. Түүнээс болж сонгуулийг дахин явуулбал нам ч, би
баларч мэднэ” гэсэн айдастай байна. Бүр айдсаа нууж ядна. Гэвч олныг
хамарсан үймээн дэгдсэн тэр жил УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг
тусад нь явуулсан. Харин одоо…

Ардчилсан намынхан Мон­голын улс төрийн газрын зурагт “Үхлийн хөндий”-г
тэмдэглүүлэхийг хүсэх болов. Цагаан арьстнууд ин­дианчуудыг үй олноор нь
хоморголон устгасан тэр газрыг Үхлийн хөндий хэмээн газрын зурагт
тэмдэглэсэн байдаг бол сөрөг хүчний орон зайгаа сэндийчсэн нө­хөд Үндсэн
хууль, төрийн институци, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ийн
булшлахаар зэхэж байна.

Н.Алтанхуягийн хэлсэнчлэн Ард­чилсан намынхан хамтарсан Засгийн газарт
түүхэн үүргээ гүйцэтгэж байхад эсрэг фрак­цийнхан нь “Ардын нам манай
намыг үхлийн тэврэлтээр тэвэрчихлээ” хэмээн бухимдаж байсан. Сонгуулийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн онд хэлэлцэх үед
тогтолцоон дээр тоглолт хийж, төрийн ажлыг гацаасан нь ч бий. Тэгвэл
одоо өөр нэгэн акци зохион байгуулж эхлэв. “Хоёр сонгуулийг зэрэг
явуулна” хэмээн УИХ-аас 2008 онд шинэчлэн баталсан хуулиар түрий барих
болов. Тийм ээ, УИХ тэр үед парламентын болон орон нутгийн хурлын
сонгуулийг нэг өдөр нэгэн зэрэг явуулахаар хуульчилсан нь үнэн.
Ардчилсан намынхан “Хоёр сонгуулийг зэрэг явуулах тухай заалтыг Үндсэн
хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж бүр хүчин төгөлдөр болгоё. Түүнээс
биш Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль дутуу дулимаг хэвээр
байгаа шүү” хэмээн тухайн үеийн МАХН буюу одоогийн Ардын намынхантай
тохиролцсон нь ч бас үнэн. Гэвч Н.Алтанхуягийн багийнхан сонгуулийн
тогтолцоог шинэчлэх эсэх дээр гацаа үүсгэсний улмаас УИХ Үндсэн хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй юм.
Тиймээс УИХ-аас 2008 онд шинэчлэн баталсан Орон нутгийн хурлын
сонгуулийн тухай хуулийг “Хагас амьтай хууль” гэхээс өөр юу гэх вэ.

Хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь хэнд илүү ашигтай вэ. Мэдээж хэрэг,
Ардын нам, Ардчилсан намынхны аль алинд нь ашиггүй. Учир нь “УИХ-ын
сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол дараагийн маршрут орон нутаг”
гэсэн тактик Ардын нам, Ардчилсан нам, бас бусад хүчинд ч бий. Харин
парламентын болон орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг хийх нь хэнд илүү
хортой вэ. Төрд, бас сонгогчдод хортой. Тиймээс 2008 онд юу болсныг
эргэн санацгаая. Тэр жил УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг тусад нь
явуулсан. “УИХ-ын 2008 оны сонгуульд манай нам хот, хөдөөд үнэмлэхүй
олон санал авлаа” хэмээн С.Баярын багийнхан ч, бас Ардчилсан намынхан ч
оргилуун дарс буудуулж байсан. Харин дараа нь юу болов. Долоодугаар
сарын 1-ний үймээн дэгдсэн. Хүний амь хохирсон. Орон нутгийн хурлын
сонгууль ч мөн ялгаагүй асар их хохирол дагуулсан. Нийслэлд сонгогчдын
ирц бүрдээгүйн улмаас сонгуулийг дахин явуулав. Үр дүнд нь нэр
дэвшигчид, сонгогчид, бас сонгуулийг зохион байгуулагчид нерв, зардал
хоёроор “шатсан” түүхтэй.

УИХ-ын 2012 оны сонгууль. Энэ бол шилжилтийн үеийн сонгууль. Өрнөдийн
зарим судлаач “Зөрчил, мөргөлдөөний дараах сонгууль бол шилжилтийн үеийн
сонгууль” хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс ирэх сонгууль 2008 оны
долоодугаар сарын 1-ний үймээнээс хойшхи анхны сонгууль учраас энэ
ангилалд багтана гэсэн үг. “Ийм эмзэг үед хоёр сонгуулийг зэрэг явуулах
тухай хамгийн муу хувилбарыг дэвшүүллээ” хэмээн Ардчилсан намынханд ч
сануулъя. “УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь явуулбал аль
нэгийг нь амжилттай зохион байгуулж хүчрэхгүй” гэдгийг ч урьдчилан
сэрэмжлүүлье. Учир нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд
хууль тогтоох эрх мэдэл бүхий институци. Харин аймаг, нийслэл, сум,
дүүргийн ИТХ, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал бол нутгийн өөрөө
удирдах байгууллага юм. Н.Алтанхуягийн багийнхны дэвшүүлсэн “онол”
практиктай ийн зөрчилдсөн тул тэд “Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг
УИХ-ынхтай хамтад нь явуулъя. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг ирэх намар
явуулъя” гэх болжээ. Гэсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Намууд болон
нэр дэвшигчдийн зөрчилдөөн ч намжихгүй. Ардын намынхан УИХ-д дахин
олонхи болж, Ардчилсан намынхан орон нутагт ялалт байгуулсан ч амбиц нь
дарагдахгүй нь тодорхой. Өмнө нь нэг сонгуулийн булхай, луйврын талаар
ярьдаг байсан бол одоо хоёр сонгуулийнхыг хамтад нь ярьж хоорондоо
толхилцох нь. Сонгуульд ялагдсан нөхдийн ууртай царайг иргэд хэдэн
өдрийн турш телевизээр хардаг байсан бол ирэх сонгуулийн үеэр хэн нь аль
сонгуульд нэр дэвшсэнийг ч ялгахгүй болтлоо будилж мэдэх нь. Хоёр
сонгуулийг зэрэг явуулах тухай Ардчилсан намынхны акци амжилттай
хэрэгжвэл шүү дээ. Харин тэдний дэгдээсэн энэ их “үймээн”-д үрэгдэж
хоцрох нь өнөөх сонгогчид л байна. Ажил, амралт, мөнгө, зардал, уур
бухимдлаараа тэд “шатаж” дуусна. Ер нь нэг сонгуулиас болж багагүй
бухимддаг байсан тэд хоёр сонгуульд зэрэг оролцвол юу болох бол. Үүнийг
тооцоолж байна уу, Ардчилсан намынхан! 

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж