”Оюун санааны дархлаа бий болгох нь чухал”

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

”Оюун санааны дархлаа бий болгох нь чухал”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга замын талаар ярилцлаа.

-Монгол Улсын Ерөн­хий­лөгч хар тамхи, ман­суу­руу­лах бодистой тэмцэж, урьд­­чилан сэр­гий­лэхээр ажил­­­­лаж эхэллээ.  Хар там­хи­ны хэ­рэг­лээ Үндэсний аюул­гүй бай­д­алд нөлөөлөх хэм­жээнд хүр­сэн гэдгийг ч онцолж байна?

-Энэ аюулаас сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх чиг­лэлээр эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай болжээ гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч ийм байр суурьтай байгаа юм. Манай улсад энэ төрлийн хэрэглээ, гэмт хэрэг тэр дундаа хар тамхины зохион бай­гуулалттай бүлэглэлийн гэмт хэр­гийн тоо нэмэгдэж байна.
Эдгээр нь мэргэжлийн бай­гууллагын судалгаа, тандалт, бо­дит ажлаар нотлогдож байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дүгнэлт, Ерөнхийлөгчийн байр сууриас тодорхой арга хэмжээ авах цаг нь болсон гэж үзэж байна. Манай аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд хүний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор хүний наймаа, хар тамхи гээд үндэстэн дамнасан гэмт хэргээс иргэдээ хамгаалах асуудлыг чухалчилж үзсэн байгаа. Хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг хяналтаас гарвал Монгол хүний төдийгүй нийт улс үндэстний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ.

-Манай улсад мансууруулах бодис хэрэглэдэг хэчнээн хүн байна вэ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ 16 мянган хүн байгаа гэсэн. Эдгээр хүний цаана бас холбогдогч хүмүүс байдаг гэдэг юм билээ?

-Ерөнхийлөгч энэ тоог мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээлэл, судалгаанд үндэслэж хэлсэн. Гэхдээ улсын хэмжээнд бүрэн судалгаа хийх байдал учир дутагдалтай байгаа. Олон улсын судлаачид нэг хэрэглэгчийн цаана наад зах нь дөрвөн хүн байдаг гэдэг. Тэгэхээр 16 мянга гэдгийг эхний ээлжинд хэлж буй тоо гэж ойлгох хэрэгтэй. Манай улс цаашдаа энэ чиглэлээр ажилладаг бие даасан байгууллагатай болох, мэргэжилтэн, илрүүлдэг багаж, техник, шинжилгээний тоног төхөөрөмж зэргийг боловсронгуй болгох шаардлага бий. Ерөнхийлөгч яриандаа “Шөнө, орой ажилладаг цэнгээний газар хаасны дараа хар тамхи хэрэглэсэн ул мөр үлддэг болсон” гэдгийг хэлж байсан. Залуучуудын дунд хийсэн судал­гаанаас  гадуур хэрэглээ нэлээд бий болсон гэж үзэж байна.

-Энэ төрлийн бодис хэрэглэж байгаа хүний дийлэнх нь бололцоотой айлын хүүхдүүд байдаг гэх юм. Иймээс л хамгийн их сэтгэл зовоож буй асуудлын нэг болоод байгаа байх?

-Ийм хандлага бий. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2000 гаруй залуусын дунд судалгаа хийсэн. Энэ судалгаанд хамрагдсан 54 хүн нь  “Хар тамхи хэрэглэж үзсэн” гэсэн бол 450 орчим нь “Надад хэрэглэх санал ирж байсан” гэж хариулсан байгаа юм. Тэгэхээр судалгаанд хамрагдсан дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар хар тамхи хэрэглэсэн, эсвэл хэрэглэх сэдэлд холбогдсон гэсэн үг юм. Дээрх 500 хүний  25 хувь нь дунд сургуулийн сурагчид, тэдний 90 гаруй хувь нь хотын төвийн сургуулийнх байгаа юм. Үүнээс үзэхэд амьдрал нь бололцоотой, боломжтой айлын хүүхдүүд хар тамхийг зугаа цэнгэл, өөрийгөө хөгжөөх байдлаар ашиглаад байна гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар хийж байна. Энэ нь зөвхөн хэрэглэгч тал нь. Харин тээвэрлэлт, гэмт хэргийн золиос болж буй хүмүүсийн дийлэнх нь орлого хоосон, амьдрал ядуу хүмүүс байх хандлагатай байдаг.

-Ер нь энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус хэдэн байгууллага байдаг юм бэ?

-Төрийн байгууллагууд өөр өөрийн үндсэн чиглэлээр ажиллаж байна. Цагдаагийн байгууллага зохион байгуулалттай болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд, тагнуулын гүйцэтгэх ажлын, гааль, хил хяналт, эмнэлгийн байгууллагууд өөрийн чиглэлээр гэх мэт. Мөн төрийн бус байгууллагууд бий. Сүүлийн 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж туршлагажсан төрийн бус байгууллагууд байна. Гол нь тэдгээр байгууллагыг бодлогын хувьд нэгтгэн зангидаж байдаг төв байгууллага байхгүйгээс төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм. Бусад оронд Засгийн газрын бие даасан агентлаг, эсвэл байнгын ажиллагаатай Үндэсний хороо бий. Манайд одоогоор энэ хоёрын аль нь ч байхгүй байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс хуу­лийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн?

-Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн, зарлиг гаргахаар ажиллаж байна. Зарлигт гол нь Хар тамхитай тэмцэх Үндэсний хөтөлбөртэй болох, бас байнгын ажиллагаатай Үндэсний хороотой болох асуудлыг тусгах байх. Манай улс 2000-2005 онд хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөртэй байсан. Гэтэл энэ хөтөлбөр 2005 оноос зогссон. Тиймээс энэ хөтөлбөрийг сэргээж, шинэ хөтөлбөр боловсруул гэдэг даалгаврыг  Засгийн газарт өгч байгаа юм. Түү­нээс гадна Ерөнхийлөгч санаач­лаад Хар тамхитай тэмцэх тусгайлсан хууль боловсруулах ажлын хэсэг байгуулна. Манайд уг нь Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль гэж бий. Энэ хууль ихэвчлэн эмнэлгийн хэрэглээнд байдаг, хуулийн дагуу хэрэглэдэг өвчин намдаах, нойрсуулах зэрэг сэтгэцэд нөлөөлдөг эм, бодисын хэрэглээг зохицуулдаг. Тиймээс хууль бус мансууруулах бодисын хэрэглээ, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг Хар тамхитай тэмцэх хуульд тусгах юм. Бас Эрүүгийн хууль зэрэг энэ чиглэлийн хуулиудад өөрчлөлт оруулна.

-Санаандгүйгээр хар тамхины тээвэрлэгч, золиос болсон хүмүүс байдаг. Харин Ерөнхийлөгч “Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл гэж үгүй” гэсэн. Тэгэхээр дээрх байдлаар хэрэгт холбогдсон хүмүүсийн хувьд эрх зүйн орчныг хэрхэн зохицуулах юм бол?

-Хар тамхи бол маш олон орныг хамарсан зохион байгуулалттай гэмт хэрэг юм. Дэлхийн жишгээс үзэхэд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт багатай, оюун санааны дархлаа сул газар очиж зах зээлээ тэлэх хандлагатай байдаг. Мөн ялын бодлого султай улсад гэмт хэрэгтнүүд тэр нөхцөл байдлыг ашиглахыг эрмэлздэг. Манай хоёр хөрш харьцангуй чанга бодлоготой. БНХАУ л гэхэд 50 граммаас дээш хар тамхи тээвэрлэсэн нь илэрсэн бол цаазаар авах хүртэл ял оноодог. Харин ОХУ бол 20 жил хүртэл ял оноодог. Ялын бодлого чанга хоёр улсын дунд байгаа манай улсын хууль сул байх нь хар тамхины гэмт хэрэг нэвтрэх нэг гол шалтгаан болно гэж үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгч энэ төрлийн гэмт хэрэгт ямар нэг уучлал, өршөөл байх ёсгүй гэж үзэж байгаа.

-Манай улсын хэдэн иргэн гадны улс оронд хар тамхины хэргээр одоо ял эдэлж байгаа вэ?

-Гадны долоо, найман оронд 56 хүн баривчлагдсан, тэдний заримынх нь хэрэг таслагдаад ял эдэлж байна. Эдгээр хүнээс 40 орчим нь БНХАУ-д байх жишээтэй
 
-Хар тамхины хор уршгийг олон нийтэд таниулахын тулд хэрхэн ажиллах ёстой вэ?

-Зөвхөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, ялын бодлогоор энэ гэмт хэрэгтэй тэмцээд үр дүнд хүрэхгүй. Харин монголчууд нийтээрээ хар тамхины эсрэг оюуны дархлаатай болох ёстой. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь сэрэмжтэй байх, үр хүүхдүүддээ ойлгуулах, хүүхэд залуучууд энэ аюулт бодисын хор хөнөөлийг мэдэж татгалздаг байх хэрэгтэй. Тэр цагт л үр дүнд хүрнэ. Оюуны дархлаатай болохын тулд хүүхдүүдэд бага, дунд сургуулиар  дамжуулж багаас нь энэ мэдлэгийг олгодог байх нь чухал.

-Хар тамхинд донтсон хүмүүсийн хувьд буцаж үүнээс татгалцах магадлал хэр байдаг юм бол?

-Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар хэрэглэж эхэлж буй хүмүүсийг эмчлэх, гаргах магадлал өндөр. Харин нэгэнт байнга хэрэглээд донтчихсон хүмүүсийн хувьд нэн хүнд байдаг гэсэн. Байнгын хэрэглэдэг донтогчдын таван хувь нь л гардаг гэсэн судалгаа байдаг юм байна. Үлдсэн 95 хувь нь нэг насны амьдралаараа хохирч дуусдаг гэсэн үг.

-Мөн визгүй зорчдог улс оронд хар тамхи зөөвөрлөх бололцоо илүү байдаг гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-БНХАУ-д баригдсан монгол­чуудын олонх нь Малайзаас хар тамхи оруулж ирсэн байдаг.Ингээд зогсохгүй Малайзад энэ чиглэлийн гэмт хэрэгтэй холбогдсон хүмүүс байна гэсэн мэдээлэл бий. Түрүүн хэлсэнчлэн хаана ялын бодлого сул, визгүй зорчих хөнгөлөлттэй нөхцөл байна үүнийг олж ашиглаад байгаа юм. Уг нь улс орнуудад визгүй зорчих нь манай улсын иргэдэд маш таатай боломж олгож буй. Гэхдээ зайлшгүй зарим нэг оронд визгүй зорчих нь ийм төрлийн гэмт хэрэг гарч, улс орон, хүмүүсийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлбэл визний нөхцөлийг эргэж харахаас өөр аргагүй болно шүү дээ. Ерөнхийлөгчийн зүгээс Гадаад харилцааны сайдад “Энэ асуудлыг судал, Малайзын талтай ярилц. Тэнд хуулийн дагуу амьдарч байгаа иргэдийн нөхцөлийг хүндрүүлэхгүй байхаар зохицуул” гэсэн үүрэг өгсөн байгаа. Ер нь хар тамхитай тэмцэхэд гадаад хамтын ажиллагаа их чухал. Энэ гэмт хэрэг олон улсын, зохион байгуулалтын шинжтэй юм. Энэ ч утгаараа НҮБ-ын конвенцийн хүрээнд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд сайн ажиллаж байна. Түүнчлэн улс орнууд хөрш орнуудтайгаа хамтарч байна. Манай улсын хувьд ОХУ-тай хамтран ажиллаж байгаа. Мөн өнгөрсөн онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурор БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ хүрээнд хүний наймаа, хар тамхины зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах тодорхой тохиролцоонд хүрсэн юм. Цаашид хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрахын хэрээр энэ гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ.

-Хар тамхи зөөвөрлөж мөнгө олоод баригдахгүй байх боломжтой гэсэн ойлголттой хүмүүс ийм төрлийн гэмт хэрэгт өртөөд байх шиг санагдах юм?

-Энэ бол ташаа ойлголт. Хар тамхи зөөвөрлөсөн хүний үйлдэл заавал илэрдэг. Нэг, хоёр удаа зөөгөөд баригдахгүй болохоороо хүн амташдаг. Тэгээд гурав дахь, дөрөв дэх үйлдэл дээрээ баригддаг байх жишээтэй. Үүнийг нь тухайн улс, хууль хяналтын байгууллага мэдээгүй өнгөрдөг юм биш. Харин хангалттай нотлох баримт бүрдүүлэх гээд ажиглаж, хянаж байдаг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж