Шүүхийн шинэтгэлийг МАН-ын бүлэг гацааж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэлийг МАН-ын бүлэг гацааж байна

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар батлуулах байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсаар ирсэн билээ. Намрын чуулганаар батлагдах ёстой байсан уг хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан ч хэлэлцүүлэг хараахан эхлээгүй байна. Эцсийн хэлэлцүүлгийг нь хийгээд батлах шатанд орчихоод байгаа уг хуулийн төслийг Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, төсвийн тодотгол хийсний дараа хэлэлцэхээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамжилсан билээ. Энэ хуулийг батласнаар Шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагад томоохон өөрчлөлт авчрахаас гадна хээл, хахууль, хүнд суртал гэдэг зүйлийг алга болгоно гэдгийг хуулийн төслийн ажлын хэсгийнхэн онцолж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Шүүхийн тухай багц хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэж, батлах байсан ч хойшлуулсан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд оруулсан  байгаа. Харин батлах болов уу?

-Энэ хуулийн төслийг хэлэлцүүлж амжилгүй чуулган завсарлуулсан юм биш. Уг нь бол хэлэлцээд баталчих байсан. Гэтэл намрын чуулганы сүүлийн өдрүүдэд МАН-ын бүлэг энэ хуулийг төсөл дээр завсарлага авч, хэлэлцүүлээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс зургаан хуулийн төсөл өргөн барьсан байсан. МАН-ын зүгээс зургаан хуулийг зэрэг явуулахгүй гээд эхний ээлжинд гурван хуулийн төсөл болох Шүүхийн тухай, Шүүгчийн ёс зүйн тухай, Хуульчийн эрх зүйн тухай хуулиудыг  хэлэлцье гэсэн.

Тэгээд ажлын хэсэг, байнгын хороогоор хэлэлцэгдээд бүх асуудал дуусаад эцсийн хэлэлцүүлэг дээр МАН завсарлага авсан.  Яагаад завсарлага авсан гэхээр Орон нутгийн сонгууль, УИХ сонгууль хоёрыг тусад нь явуулаад, Төсвийн тодотгол  батлавал энэ хуулийг батална гэсэн байр суурьтай,  үндсэндээ барьцаалаад байгаа юм. УИХ-ын чуулган хоёрдугаар сарын 15-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар сарын 16-нд намрын чуулган өндөрлөх өдөр хэлэлцээд дуусах боломж байсан юм.

-Өмнө нь бас Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой Хүний эрхийн тогтоолыг буцааж Шүүхийн тухай багц хуулийг оруулж ирж байсан. Харин одоо Орон нутгийн сонгууль, төсвийн тодотголоор барьцаалаад батлахгүй байна гэж ойлгож болох уу?
-Өмнө нь МАН-ынхан Долдугаар сарын 1-ний тогтоолыг хэлэлцвэл энэ гурван хуулийг батлахгүй гэж байсан юм. Тиймээс долдугаар сарын 1-ний тогтоолыг хаврын чуулган руу шилжүүлээд эхний ээлжинд Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг төслийг шийдвэрлэе гэсэн. Гэтэл одоо бас өөр нэг хуультай барьцаалаад хойш нь татаад байна. Тэгэхээр энэ бол шийдвэрлэж амжихгүй тухай бус шийдвэрлэхээс татгалзаж, хойшлуулаад байгаа асуудал юм.

-Ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр захирамжилсан байсан?

-Ээлжит бус чуулганд хэлэлцэх асуудалд оруулсан л даа. Гэтэл өмнө нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль, төсвийн тодотголоо хийж байж дараа хэлэлцэнэ гээд хойшлуулсаар л байна. Уг нь бол өнөөдөр /өчигдөр/ ч гэсэн чуулганаа үргэлжлүүлээд эхний ээлжинд Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэх боломж байсан. Гэтэл хойшлуулаад л байна. Энэ нь нөгөө хоёр хуулийнхаа өмнө оруулж хэлэлцүүлэхгүй гэсэн барьцаа л байхгүй юу.

-Барьцаалаад байхаар улстөржсөн зүйл байгаа юм уу, энэ хуульд?

-Улс төр гэж юуг харахаас л шалтгаалж байна. Шүүхийн шинэтгэл бол ард түмэнд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай хүлээгдэж байгаа хуулийн төсөл. Аль нэг улс төрийн нам, улс төрийн хүчин гэхээс илүү улс орон цаашид шударга ёстой байх уу, үгүй юу гэдгийг л ярьж байгаа юм. Гэтэл энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан, түүнийг нь Ардчилсан нам хэлэлцүүлэх ёстой, үүний тулд ийм асуудал дээр буулт хийх ётой гэж ойлгодог юм шиг байна.

-МАН хэлэлцэхгүй гээд байгаа юм уу, хэлэлцээд манай талд шийдвэр гаргавал дэмжинэ гэдэг ч юм уу. Ямар байр суурьтай байгаа юм?

-Одоогоор бол ямар ч гэсэн Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Төсвийн хуулиа эхэлж хэлэлцэнэ гээд энэ хоёр хуулийг хэлэлцсэний дараа энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай л байгаад байна. Энэ хуулиуд бол сүүлийн 20 жил шүүх, хуулийн байгууллагад шинэтгэлд даацтай хийгээгүй өөрчлөлтийг авчрах юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийг лицензтэй болгох, хуульчдийн хариуцлагыг өндөржүүлэх, мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг нь байгуулж байгаа. Хуучин бол өмгөөллийн коллеги гээд социализмын үед байсан бүтцээрээ, өмгөөлөгчдийн холбоо нэртэйгээр 20 жил явсан. Хуульчид өөрсдөө олон нийтийн өмнө ямар үүрэг хүлээдэг, тэр үүргийнхээ хүрээнд ямар хариуцлага үүрэх тухай ойлголт байгаагүй. Зүгээр л амьдрал дээр харж байхад өмгөөлөгчид өөрсдөө мөнгөний хүмүүс болоод хувирчихсан. Мөнгө л байвал тэр хэрэг яаж шийдэгдэх нь хамаагүй болсон байгаа. Прокурор, шүүгч, тэдний хяналтанд байдаг цагдаа нарын хүмүүсийг харж байхад чинээлэг амьдрах, эрх мэдлийнхээ тусламжтайгаар өөрсдийнхөө асуудлыг шийдүүлэх нь чухал болохоос нийгмийн шударга ёс, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, ямар ажил хийж байгаа нь харагдахгүй байна. Тэгэхээр нь эдгээр хуулиуд нь  энэ чиглэл рүү үнэхээр том өөрчлөлт оруулна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн ёс зүйн тухай хуулийн ард Шүүхийн захиргааны тухай хууль гээд том хууль байна. Дээр нь шүүх хуралд ИТХ-ын төлөөлөл суух зэрэг олон хуулиуд батлагдсанаар шүүх, хууль хяналтын байгууллагад томоохон өөрчлөлт орно. Энэ хуулиудын дараа зургаан хууль байгаа. Энэ мэт олон хүлээгдэж байгаа хуулиуд байхад анхных нь хаалгыг нээхгүй зогсоогоод байна л даа.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж