Газрын тосны компаниудад хөрөнгө оруулах нь

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Газрын тосны компаниудад хөрөнгө оруулах нь

MICC ТЭМДЭГЛЭЛ

Д. Дотно

ГАЗРЫН ТОСНЫ үнийн хэлбэлзэл энэ салбарын компаниудын хувьцааны үнэтэй нягт хамааралтай. Харин газрын тосны үнийн хэлбэлзэл их байдаг нь ашиг олох боломж болон эрсдэл ихтэй гэсэн үг. 2012 онд газрын тосны үнэ тогтворгүй болох хандлагатай байгаа тул энэ дугаартаа бид энэ салбарын компаниудын тухай танилцуулахаар боллоо.

Олборлодог улсууд болон компаниудад болж байгаа бодит явдал, улс төрийн байдлыг ойлгож, үүнийг зах зээл яаж хүлээж авах тухай ургуулж бодсоноор эдгээр хувьцааны үнэ өсөх унах тухай хувь хүмүүс өөрийн таамагтай болох боломжтой.

Газрын тосны салбарт олборлолт болон борлуу-лалтын том цогцолбор компаниудаас гадна зөвхөн өрөмдлөг болон тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйлчилгээний компаниуд бас байдаг. Эдгээр дэд салбар дахь хувьцааны үнэ газрын тосны үнэтэй зэрэг савлаж байдаг тул газрын тосны үнийн хэлбэлзлийг ашиглаж хөрөнгө оруулах боломжийг олгодог.

Урт хугацаанд Хятад, Энэтхэг хөгжинө, газрын тос ховордоно гэдэг үзэл бол газрын тосны үнэ болон газрын тосны хувьцааны үнэ өснө л гэсэн үг. Мэдээж эрсдэл бас байгаа. Ховордож буй тосыг олборлоход хэцүү болох тусам зардал ихсэх учир компаниудад ашигтай байхад хүндрэл учирч болох юм. Бас Хятад улс эдийн засгийн хөгжлийн зорилгодоо хүрэлгүй, улмаар эрчим хүчний хэрэгцээ нь өсөхгүй байх эрсдэл бага ч гэсэн байгаа.

Орчин үед ямар ч улсад газрын тос амин чухал байдаг тул газрын тосны нөөц дэлхийн геополитикийн бодлогуудыг чиглүүлэх гол хүчин зүйл болсон. Жишээлбэл энэ сараас эхэлж Ираны цөмийн эрчим хүчний (зэвсэг ч байж магад) судалгааны ажлыг зог-соохын тулд АНУ болон Европийн холбоо газрын тосны экспортыг нь хорьж эхэлсэн бөгөөд энэ оны 7 дугаар сар гэхэд Европууд Иранаас тос авахаа бүрмөсөн зогсоох юм байна. Ираны тосны 18%-ийг Европын холбоо импортолдог бол 22%-ийг Хятад авдаг байна. Иран өдөрт 4 сая баррелийг буюу дэлхийн нийт олборлолтын 4%-тай тэнцэх хүчин чадалтай.

Богино хугацаанд Иран тосоо Хятадад болон Азид борлуулах гэж үнийг нь дарах хэрэгтэй ч хорионы хариуд Иран Ормузын хоолойг хашихаар сүрдүүлж байгаа нь үнийг өсгөх магадлалтай. Дэлхийн газрын тосны 20% нь энэ хоолойгоор дамжин гардаг учир Иран үнэхээр энэ 39 км өргөнтэй хоолойг боовол Барууныхан зэвсэгт хүч хэрэглэж болзошгүй. Ийм явдлууд бишгүй л газрын тосны үнийг өсгөх нөлөө үзүүлнэ. Харин Европууд Иранаас авдаг байсан тосоо Арабаас авахаар болсон бөгөөд Арабын төрөөс ч олборлолтоо нэмэх боломжтой гэж мэдэгдсэн байна.
 
Араб дэлхийн нийт тосны 12%-ийг олборлодогоос гадна Араб тэргүүтэй Ойрхи Дорнод, Өмнөд Америк болон Африкийн 12 улсаас бүрэлдэх ОПЕК буюу газрын тосны үйлдвэрлэгч орны эвлэл нь дэлхийн нийт олборлолтын 40%-ийг эзэлдэг тул энэ улсуудад ямар өөрчлөлт гарахыг ч чагнаж байх хэрэгтэй. ОПЕК-ийн орнууд өөрсдийн нийлүүлэх газрын тосны хэмжээнд квот тогтоосноор газрын тосны үнийг барих зорилготой юм. Гэхдээ газрын тосны үнийн тогтворгүй савлагааг үзвэл ОПЕК тийм ч амжилттай байгаагүй нь тодорхой.

Дараагийн удаа Ойрхи Дорнодод үймээн түгшүүр зарлаж эхлэхэд та өөрийнхөө үзэл дээр тулгуурлан газрын тосны хувьцааг ашиглаж арилжааны тоглолт хийж юунд болохгүй гэж?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж