“Танан импекс” лигийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

“Танан импекс” лигийг тэргүүлж байна

“М Си Эс Кока кола” компани болон “ТLG13” ТББ-ын хамтран зохион байгуулдаг Спрайт супер лиг амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар лигийг 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан импекс” болон “Говь81” багууд тэргүүлж байна. Өнгөрсөн ням гаригт Спрайт супер лигийн 9 дүгээр тойргийн тоглолтууд явагдлаа. Найман тойргийн байдлаар нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлэгч “Танан импекс” баг лигийн тэргүүн тоглогчдоос бүрдсэн “Хөвсгөл нэг үе” багтай учраа таарсан юм. Тус тоглолтонд 96:77 харьцаатайгаар “Танан Импекс” баг өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолтын эхний үеэс “Танан импекс” багийн залуус тоглолтын санаачлагыг авч эхний үед 31:17 оноогоор илүүрхсэн. Шийдвэрлэх 4 дүгээр үед Хөвсгөл нэг үе баг оноог ойртуулах гэж хичээсэн боловч хүчирхэг "Танан импекс" багийг барсангүй ээ. Ингэснээр “Танан импекс” баг нэг ч хожигдолгүйгээр лигийг итгэл төгс тэргүүлсээр байна. Тус тоглолтонд Б.Мөнхболд 21 оноо, О.Ууганбаяр 20 оноо авч багаа хожилд хүргэлээ. Харин “Хөвсгөл нэг үе” багийн гарааны таван тоглогч тус бүр арваас дээш оноо авсан хэдий ч баг нь ээлжит хожигдлоо амслаа. Лигийн эмэгтэй багуудаас аваргын төлөө өрсөлдөх хамгийн их боломжтой “МУИС” болон “Говь 81” багууд 9 дүгээр тойрогт , улирлын хоёр дахь тоглолтоо хийсэн. Өмнөх тоглолтонд 51:47 харьцаатайгаар “Говь81” баг “МУИС” багийг хожиж байжээ. Хоёр багийн улирлын хоёр дахь тоглолтонд 44:49 харьцаатайгаар “Говь81” багийн охидууд дахин ялалт байгуулснаар, нэг ч хожигдолгүй эмэгтэй багуудыг тэргүүлж байна. “МУИС” багийн хувьд тоглолтын эхэнд маш сайн тоглолт үзүүлэн 11:4 харьцаатайгаар тоглолтыг тэргүүлж байсан. Гэсэн ч уг тэргүүлэл эцсийн мөчид “Говь81” багийнх болсон. “Говь81” баг шийдвэрлэх 4 үед 26 оноо авсан бол “МУИС” баг 12 оноо авч тоглолтын төгсгөлийг хангалтгүй тавьснаар хожигдлоо. Спрайт супер лигийн 10, 11 дүгээр тойргийн тоглолтууд Дархан хотын “Дархан спорт цогцолбор”-т болно.

Эх сурвалж: http://tlg13.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж