О.Ганцоож үзэгчдийг дахин эзэмдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

О.Ганцоож үзэгчдийг дахин эзэмдэв

Энэ цагийн “од”, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин О.Ганцоож дахиад л үзэгчдийг эзэмдэж орхилоо. Тэр дахиад л тайзыг эзэгнэж, хүчирхэг Спартакийг тайзнаа амилууллаа. Үргэлж театрын танхил ханхүү гэж төсөөлж, бодож явсан үзэгчид түүний хүчирхэг, эрэлхэг зоригтой, дайчин Спартакийн дүрд тоглож чадах эсэхт эргэлзэж байсныг нуух юун. Үргэлж ханхүүгээрээ үзэгчдийн зүрхэнд хоногшсон О.Ганцоож өчигдөр тэр бодлыг минь үгүй хийчихлээ. Тэр бол мэргэжлийн балетын жүжигчин. 

УДБЭТ-ын уран бүтээлчид анх 1984 онд “Спартак” балетыг тоглож байснаас хойш 20 жилийн дараа урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр өнгөрсөн хоёрдугаар сарын 18, 19-нд сэргээн тавьж, балетын урлагт дуртай үзэгчдийг баярлуулсан. Харин өчигдөр УДБЭТ-ын уран бүтээлчид эмэгтэйчүүдийн баярын өмнөх бэлэг болгон “Спартак” балетыг дахин тоглов. Бүжгэн жүжгийн цомнолыг Рафаэлло Жовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.И.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд дэглэн, найруулан тавьж байжээ. А.И.Хачатурян “Спартак” балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулан тавьснаар “Спартак” ХХ зууны шилдэг бүжгэн жүжгийн жагсаалтад багтах болсон юм.

Харин энэ удаад Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг УДБЭТ-ын тайзнаа сэргээн тавьж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар, Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун хувцасны зураачаар, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, Л.Баттөр нар ажиллаж, гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Ч.Ганчимэг, О.Ганцоож бүжив. “Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг.

Ромын эзэнт улсын цэргийн жанжин Крассын хэрцгий байдал, хүчирхэг армийг илэрхийлэх түгшүүртэй, хөгжмийн сүр хүч үзэгчдийг догдлуулсан. Крассын аймшигт зэрлэг байдал Итали орныг сүйрүүлж байв. Хүчирхийлэл, түрэмгийлэл ард түмнийг айлгаж, эзэнт улсын нийслэлийн хэрмийн дэргэд эрх чөлөөгүй боолуудыг доромжилж, эрчүүдийг гянданд хорихоор авч явахад хүчинд автагдсан Спартак, Фригия хоёр хагацна. Фригиягийн гоо үзэсгэлэнд шунасан Красс түүнээр тохуурхана. Харин энэ үед тавтар эм Эгина түүнд саад болж, өөрийнхөө хайрыг илчилж, Крассын дур хүслийг бадраана. Энэ үеийг ашиглан Фригия зугтаж, Аппиевагийн их замын дэргэд цаг нөгцөөн амарч байгаа малчид дээр ирж, тусламж хүснэ. Харин энэ үед Красс хоёр гладиоторыг тулалдуулж, бах таваа хангахаар шийдэв. Толгойндоо баг угалсан хоёр гладиатор тулалдана. Эцэст нь нэг нь ялж, нөгөө нь үхлээ. Ялсан гладиоторын багийг авахад Спартак байв. Спартак найзынхаа амийг хороосондоо сэтгэл түгшиж, өөрийгөө үзэн ядаж, энэ хэвээрээ боолчлогдсоор байх уу, эсвэл тэмцэх үү гэх шийдвэрт өөртөө хариу олохын тулд ихийг тунгаана. Ингээд санаа нэгт нөхдөө уриалан гар дахь гав гинжээ тасалж, боолчлол, дарлалын эсрэг тэмцэж, гяндангаас оргоно. Спартак  нөхдөө дагуулсаар дурлалт бүсгүй Фригия дээр ирж, малчдыг эрх чөлөөт амьдралынхаа төлөө нэгдэж, тэмцэхийг уриалж, босогчид Спартакийг удирдагчаараа өргөмжилснөөр нэгдүгээр бүлэг өндөрлөнө.

…Красс ялалтаа тэмдэглэж, найр хийж байхад Спартакийн цэргүүд ордныг эзэлж, Крассыг баривчилна. Красс, Спартактай тулалдаж ялагдах боловч Спартак түүний амийг өршөөн, хөөж явуулна. Өшөө хорслын шуналд автсан Красс татвар эм Эгинатай хуйвалдана. Эгина сээхэлзүүр хүүхнүүдийн хамт Спартакийн цэргүүд рүү явна. Энэ үед Спартакийн цэргүүдийн дунд хагарал гарч, хэсэг цэргүүд Спартакаас салж явахаар болов…..

Эгина сээхэлзүүр хүүхнүүдээ дагуулан Спартакийн хуаранд очиж, хэсэг цэргүүдийг урвуулан архи, дарсаар дайлж, зугаацан цэнгэж хуарангаас нь холдуулна. Энэ үед Красс цэргүүдийн хамт ирж Спартакийн дайчдыг устгана. Спартак сүүлчийн тулаандаа эрэлхэг зоригтойгоор тулалдана. Харамсалтай нь, түүний цэргүүд хүчин мөхөсдөж, Спартак ч цэргүүдэд жадлуулж амиа алдана. Фригия уй гашууд автан Спартакийн шарил дээр бусад боолуудын хамт бөхийн ёсолсноор хүчирхэг ”Спартак” өндөрлөнө. Сүүлийн есдүгээр үзэгдэл үзэгчдийг уйлуулсан. Тэр бол хүчирхэг, эрэлхэг зоригтой Спартак.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж