Орост 550 хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Орост 550 хүнийг баривчлав

В.Путиныг ерөнхийлөгчөөр сонгогдсоныг эсэргүүцсэн жагсаалын үеэр өчигдөр цагдаа нар 550 хүнийг баривчилжээ. Сөрөг хүчний удирдагч Алексей Навальни ч мөн баривчлагдсан гэнэ. Санкт-Петрбург хотод 800 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал өрнөж, цагдаа нар 300-аад хүнийг баривчилсан байна. В.Путины ялалтыг гадаадын улс орнууд хүлээн зөвшөөрч буй боловч ажиглагчид санал хураалтад түүний нөлөө их орсон гэж үзэж байгаа юм. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон В.Путинтай утсаар хоёр улсын хоорондох харилцаанд учирч буй саад бэрхшээлийг гэтэлгэж, улс төр, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллахаар хүлээж буйгаа мэдэгдсэн гэнэ.

Францын Ерөнхийлөгч Николя Саркози Оросын шинэ удирдагчид баяр хүргэж, ардчилал, эдийн засгийн шинэчлэл явуулахыг уриалжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Ален Жюппе Оросын сонгууль үлгэр жишээ болж байгаагүй гэж хэлсэн ч В.Путины ялалтад эргэлзээгүй гэж мэдэгдсэн байна. АНУ болон Европын холбоо Оросын Засгийн газраас сонгууль шударга болж өнгөрсөн эсэхийг мөрдөн шалгахыг уриалжээ. Учир нь Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальни ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Орос орныг хулгайч, луйварчин удирдах болж байна гэж мэдэгдсэн юм. Өчигдөр буюу даваа гаригт Москва хотын Пушкины талбайд болсон В.Путиныг эсэргүүцсэн жагсаалд 14,000-20,000 хүн оролцсон байна. Орост В.Путиныг эсэргүүцсэн жагсаалаас гадна түүнийг дэмжигчдийн хөдөлгөөн өрнөсөн аж. Оросын ерөнхийлөгчийн сонгууль хэл ам дагуулж, эсэргүүцлийн жагсаал өрнөж буйгаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас сонгуультай холбоотой мөрдлөг явуулахыг уриалсан байна. Харин В.Путины албаны хүмүүс сонгууль булхайтай болсон гэх мэдэгдлийг эрс няцааж байгаа юм байна. Энэ нөхцөл байдал нь В.Путин болон өрнөдийн удирдагчдын хоорондох харилцааг хурцатгаж байгаа аж. В.Путин ирэх тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн авч, 2018 он хүртэл энэ албыг хаших юм. ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу В.Путин улиран сонгогдож, дахин зургаан жил бүрэн эрх эдлэх эрхтэй.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж