В.Нямхандын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

В.Нямхандын хэргийг прокурорт шилжүүлжээ

Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан В.Нямхандад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. ТЕГ-т дөрвөн сар шалгасны эцэст тус хэргийг нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлжээ. Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай энэ хэрэгт хяналт тавьж байгаа бөгөөд энэ сардаа багтан шүүхэд шилжүүлэх аж.  Дэд хурандаа В.Нямхандын өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Т.Жанцан  нар  ажиллаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг гадны тусгай албаныханд задруулсан, улмаар  олон  сая төгрөгийн нууц гэрээ байгуулсан  хэрэгт буруутгаж буй. Төрийн нууцтай холбоотой хэрэг учир  хэргийн талаарх мэдээлэл хаалттай, шүүх хуралдааныг ч хаалттай явуулах юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж