Баярын тоглолтын цуваа

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Баярын тоглолтын цуваа

Монголын
баяр дуусдаггүй гэж яасан үнэн үг вэ. Саяхан л сар шинийн баяраар
долоон хоног амарсан монголчууд удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдын
баяраар дахиад л амрах нь. Бүх л монголчууд амарч байхад баяраар
ажилладаг хэдэн хэнээтэй гэмээр ч юм уу, хэдэн хүмүүс байна аа. Арга ч
үгүй биз дээ, жилийн дөрвөн улиралд амарч, баяр болохоор л ажилдаа гэнэт
ордог тэдний хувьд сар шинэ, шинэ жил, мартын найман, цэргийн баяр,
хүүхдийн баяр, наадам бол жинхэнэ ажлын цаг. Баяр болохоор нэг л их
тоглолт хийсэн нэртэй уран бүтээлч нөхдүүд байна аа. Тэднийг нийтийн
дуучид толгойлж, зарим рок попынх нь араас нь юугаараа дутахав тоглолтоо
товлочихно. Шинэ уран бүтээл хийлгүй, чимээгүй байсан дуучид гэнэт л
тоглолт хийх гээд реклам зар сурталчилгаагаа цацаад эхэлчихдэг уран
бүтээлчдын ээлжит тоглолтын зарууд телевиз, FM-ээр цацагдаж эхэллээ.

Өнөөх
реклам нь бараг л зүүдэнд орж ирж байгаа юм. Залхмаар…. гуравдугаар
сар гарчихлаа. Эмэгтэйчүүдийн баяр дөхөөд ирлээ. Дахиад л бөөн, бөөн
тоглолт болох гэж байна. Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч гэх дуучин
байна. Бүтэн жилийн хугацаанд чимээгүй байснаа гэнэт юун тоглолт вэ?.
Нэр нь “Ижий таньдаа” гэнэ. Энэ сарын 5, 6-нд хоёр өдөр болох юм гэнэ
лээ. Хөөрий ээж нарыгаа баярлуулах гэсэн хүүхдүүд энэ тоглолтыг нь
үзүүлэх биз. Нэр нь хүртэл сүртэй “Ижий таньдаа” шүү дээ. За ингээд л
тоглолтын зар үргэлжилж байгаа юм. Э.Оюумаа бас “Амрагхан чамдаа”
тоглолтыг энэ сарын 7-нд “АСА” циркт, UB Palace- Гавьяат жүжигчин
С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” гэх тоглолт хийнэ гээд л…
Дуучныхаа хувьд чадалтай, чансаатай дуучин хэмээн үнэлэгддэг дуучин
С.Жавхлангийн тоглолт мэдээж үзэгч олонтой байх биз ээ. Ингээд л нийтийн
дуучдын тоглолтын цуваа үргэлжилсээр дуурийн дуучид хүртэл барьцаж
тоглолт хийхээр болсон байх юм. Ардын жүжигчин А.Долгор “Эхийн цагаан
суврага” бие даасан тоглолт хийхээр хэдийн Соёлын төв өргөөг түрээлсэлж.
Харин “Нюанс” хамтлагийнхан УДБЭТ-таа “Бид ээждээ хайртай” гэх тоглолт
хийхээр бэлтгэлдээ оржээ. Энэ жил 15 нас хүрч байгаа “Sweetymotion”
хамтлагийнхан ч 8-нд Тусгаар тогтнолын ордонд “Male star and Unplugged”
тоглолтыг хийж үзэгчдэдээ баярлуулах юм гэсэн. Тусгаар тогтнолын ордон
гэж бас нэг тоглолтын захиалгад дарагдсан ордон байна аа. Монголдоо л
хамгийн сайн дуугаралттай гэх энэхүү Тусгаар тогтнолын ордонд энэ сарын
7-нд “Хатан аялгуу” гээд бүх нийтийн дуучдын хамтарсан тоглолт болох юм
билээ. За нэг иймэрхүү, энэ бол зүгээр наад захын жишээ. Үргэлжүүлээд
зөндөө тоглолт болно.

Соёл урлагийн бүх байгууллагууд тоглолтын
захиалгад дарагдаад, ажил ихтэй завгүй байгаа сурагтай. Харин ээж, эгч,
эхнэрийгээ баярлуулах гэсэн хөөрхий хэдэн эрчүүд өнөөх олон тоглолт
дундаас чухам ямар тоглолтынх нь тасалбарын авч, хайртай эхнэр, ээжийгээ
баяруулахаа мэдэхгүй толгой нь будилж сууцгаана. Мартын найманд нэг
иймэрхүү тоглолтууд болж ашгүй нэг дуусав уу гэтэл, цэргийн баяраар буюу
гуравдугаар сарын 18-нд бодвол “Аавдаа хайртай”, “Аав таньдаа” гээд
бөөн тоглолтууд цурвах биз. Тэгж байтал дөрөвдүгээр сарын 1-н болж хошин
урлагийн хамтлаг, продакшнуудын хүн инээлгэх гэж ядсан хэдэн тоглолтын
цуваа үргэлжилнэ. Ингээд л Монголын баяр дуусахгүй, уран бүтээлчдийн
баахан тоглолтын зар сурталчилгаа хаа сайгүй тарж, үзэгчдийг залхааж,
сүүлдээ үнэхээр гоё ч юм шиг санагдаж, тоглолтыг нь үзэх биз. Юуны
магад, ээж, эгч, эхнэрээ баярлуулах гээд сандарч яваа эрчүүддээ
сануулахад доорх тоглолтын хуваарийг харна биз.

Бөхийн өргөө

Гуравдугаар сарын 5, 6-нд дуучин Л.Банзрагч “Ижий таньдаа” тоглолт.
Гуравдугаар сарын 7, 8-нд “Үртэй бол жаргалтай” бүх нийтийн дуучдын нэгдсэн тоглолт.

UB Palace

Гуравдугаар сарын 7, 8-нд Гавьяат жүжигчин С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолт.

АСА цирк

Гуравдугаар сарын 7-нд Дуучин Э.Оюумаа “Амрагхан чамдаа” тоглолт

Соёлын төв өргөө

Гуравдугаар сарын 8-нд Ардын жүжигчин А.Долгор “Эхийн цагаан суврага” тоглолт

Тусгаар тогтнолын ордон

Гуравдугаар сарын 7-нд “Хатан аялгуу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт
Гуравдугаар сарын 8-нд “Sweetymotion” хамтлагийн “Male Stars and Unplugged” тоглолт тус тус болох нь.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж